Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Газрын албаныхан Засгийн газрын тогтоолыг “гуйвуулан хэрэгжүүлж” байна

Timesmn@gmail.com
2023/12/04

Хотын авлига гэж нэг том бүлэг хэрэг бий. Газрын наймаа бараг л хамгийн том нь гэхэд болно. Гардаг үр дагавар нь маш олон л доо. Өнгөрсөн зун л гэхэд үерийн шалтгааны дийлэнх нь газрын наймаатай л холбоотой болж таарсан.

Харин Засгийн газраас энэ “чиглэл”-ийн авлигыг зогсоохоор 2023 оны наймдугаар сарын 16-нд “...Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 294 дугаар бүхий тогтоолыг гаргасан. Тэр тогтоол дөрвөн зүйл заалттай. Тодруулбал, нэгдүгээрт нь “...Улаанбаатар хотын газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн менежментийг сайжруулах зорилгоор” гээд “...Газрын багц хууль, холбогдох бусад хуулийн төсөл, Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх”, “...ГЗБГЗЗГ-ыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах, БХБ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгуулах хууль боловсруулж, 2024 оны төсвийн тухай хуультай хамт УИХ-д өргөн мэдүүлэх”, “...Эдгээр хууль батлагдах хүртэл Улаанбаатар хоод шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулахгүй байх”, “...Тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэрийн газар, зам, шугам сүлжээний газар, ойн болон усны сан бүхий газар, тэдгээрийн хамгаалалтын бүс газарт хууль зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа, барилга байгууламж барьсан асуудал бүрийг судлан, газар чөлөөлөх арга хэмжээг хууль, журмын дагуу зохион байгуулах”, “...Барилга байгууламжийн гаднах талбайн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автозам, зогсоол, дугуйн зам, явган хүний зам, гарц, зэрэг нийтийн эзэмшлийн зам, талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, зохих зөвшөөрөл, төлөвлөлтгүйгээр эзэмшүүлж, ашиглуулсан, барилга байгууламж барьсан асуудлыг судалж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, хууль зөрчиж зөвшөөрөл өгсөн байгууллага, албан тушаалтнаас учруулсан хохирлыг нэхэмжлэх”, “...Энд заасан нийтийн эзэмшлийн зам, талбайд баригдсан барилга байгууламжид ногдуулах үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, төлбөр, хураамжийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх хуулийг боловсруулж, танилцуулах” зэргийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгосон. Хоёрдугаарт “...Байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гээд “...Үерийн эрсдэлтэй газарт буусан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлж, цаашид усны сан бүхий газар, гол горхи, тэдгээрийн хамгаалалтын бүс газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх”, “...Хууль зөрчиж, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй, төлөвлөлтгүйгээр газар олгосон тохиолдолд буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан, үерийн далан, сувгийг хог, барилгын хаягдлаар дүүргэсэн, далан, сувгийг хааж барилга байгууламж барьсан зэрэг зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжээр учруулсан хохирлыг арилгуулах, цаашид энэ төрлийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгах зорилгоор Эрүүгийн хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах”, “...Улаанбаатар хотын гамшгийн эрсдэлийн үнэлгээг олон улсын мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх, гарсан дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгон хэрэгжүүлэх”, “...Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж, зарлан мэдээлэх системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, онцгой байдлын байгууллагын төсөв хөрөнгө, машин техник, багаж хэрэгсэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдыг хувцас хэрэгслээр хангах, улсын нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байх”, “...Байгалийн аюулт үзэгдлийг зарлан мэдээлэх, дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэх үйл ажиллагааг боловсронгуй болгож, гамшиг, гамшгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар зарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй хүргэж ажиллах” талаар мөн албан тушаалтнуудад даалгажээ. Гуравдугаарт “...Аймаг, сум, чөлөөт бүсийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, тусгагдсанаас өөр зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх”, дөрөвдүгээрт “...Энэ тогтоолын хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллах”-ыг бас дарга нарт нь даалгасан байдаг.

Уг тогтоолыг нэгбүрчлэн бичсэн нь учиртай. Яагаад гэвэл Газрын албаныхан Засгийн газрын тогтоолыг “гуйвуулан хэрэгжүүлж” байна. Сүүлийн үед, ер нь Засгийн газрын дээрх тогтоолыг гарснаас хойш Нийслэл, дүүргийн Газрын албадаас иргэдийн эзэмшлийн, тэр дундаа зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газруудыг цуцлах мэдэгдлийг хүргүүлэх, эсвэл цуцалсны дараа мэдэгдэх зэрэг ноцтой “халдлага”-ыг үйлдэх болов. Энэ нь Засгийн газрын дээрх тогтоолд огт дурдагдаагүй бөгөөд тэгэх ч боломжгүй Монгол Улсын иргэний эрхийн асуудал. Гэвч Газрын албадаас голдуу “...Хоёр жил ашиглаагүй” гэсэн шалтгаан үндэслэлийг тавиад л цуцлахаар болж байгаа аж. Гэтэл зуслангийн газрыг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг тухайн эзэмшигчээс л шалтгаалдаг. Жишээ нь, зундаа гэр бариад өвөлдөө хураадаг байж болно шүү дээ. Гэсэн ч Газрын албаны шаардлагаар “...Үл хөдлөх буюу суурь цутгаж байшин бариагүй учраас ашиглаагүй” гэж үзэгдээд байгаа аж. Ер нь бол зуслангийн газар дээр тэгж үл хөдлөх хөрөнгө босгоход хоёр жил хүрэхгүй. Тэгэхээр энэ нь боломжгүй шаардлага, үндэслэл гэсэн үг. Хамгийн гол нь Газрын албаныхан эхлээд цуцлах газрын жагсаалтыг нийтэд ил мэдээлдэг байсан бол сүүлийн үед нууцлах болсон байна. Тэгж байгаад эзэнд нь “мэдэгдэл” илгээдэг гэж байгаа юм. Ийм үйл ажиллагааны хамгийн дээр нь Нийслэлийн Газрын албаны дарга Г.Батзориг гэж "нутаг ус ярьсан" нөхөр байна. Тэрбээр Нийслэлийн Засаг дарга солигдсоноос хойш улам “том толгой”-той болж, тэр араншинд нь ийнхүү жирийн иргэдийн зуслангийн газар өртөж байгаа бололтой. Гэхдээ энэ нь ганц л жишээ нь гэдгийг энд тодотгоё. Дашрамд, дээрх шалтгаанаар зуслангийн газраа цуцлуулж, хураалгаж буй иргэд манай сонинд хандана уу.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 241 (7226)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээ… 17 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг с… 18 цагийн өмнө
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийти… 20 цагийн өмнө
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна 21 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг… Өчигдөр
Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн б… Өчигдөр
НЭР ТОМЬЁОНЫ ISO 704:2022 СТАНДАРТ ДЭМЖИГДхээр болжээ 2024/11/20
Доктор Д.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуу… 2024/11/20
ЭЕШ-ыг олон улсын шалгалтын оноогоор дүйцүүлэх боломжтой 2024/11/20
“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалт… 2024/11/19
Ураны уурхайгаас болж мал амьтан хордож байгаа юу? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭДИЙН ЗАСАГ 2024/11/18
Эгийн голын УЦС төслийн байгаль орчны судалгаанууд, тулгарч буй бэрхшэ… 2024/11/18
Хоолоо ямар тосонд шарах вэ? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД 2024/11/17
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК… 2024/11/16
Цацраг идэвхээс болоод олон толгойтой мал төрдөг үү? 2024/11/16
Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багта… 2024/11/16
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 2024/11/16
​“Скай хайпермаркет” ХХК Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр д… 2024/11/16