Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
Сайн, сайн уy энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Зэсэнлундаа овогтой Хурцбилэг гэдэг. Би одоо 18 настай.
“Нандин нас 2” уран сайхны кинонд ямар дүр бүтээсэн бэ? Дүрийнхээ талаар ярихгүй юу?
Миний дүр бол нилээн сахилгагүй, охидын тал дээр мэдрэмжгүй дүр л дээ. Бодсон зүйлээ шулуухан хэлчихдэг, их л зоригтой хүүхдийн дүр дээр ажилласан.
“Нандин нас” кинонд тоглосон дүр, амьдрал дээрх Хурцбилэг хоёрт адил төстэй чанар бий юу? Бас тэс өөр зан ааш, байдал гэвэл юу байв?
За их ойролцоо байхаа даа ( инээв). Тэс өөр гэвэл жаахан мэдрэмжгүй. Харин төстэй гэвэл аль аль нь маш хөдөлгөөнтэй л юм даа. ( инээв)
Өсвөр насандаа кинонд дүр авч, цэнхэр дэлгэцнээ өөрийн хүүхэд нас, хүсэл мөрөөдлийг мөнхөлнө гэдэг ховор боломж. Хэзээнээс урлагт дурлаж, хэр хөдөлмөрлөж, хичээж кинонд дүр бүтээж чадсан бэ?
Энэ үнэхээрийн гоё асуулт байна. Бараг асуултан дунд хариулт нь харагдахаар. Мэдээж маш их хөдөлмөр цаашлаад их хичээл зүтгэл шаардсан. Өмнөх буюу “Нандин нас-1” дээр би туслах дүр авч байсан. Харин тухайн үед дараа заавал гол дүр авна гэж бодож, маш их хичээсэн. Өдөр бүр Билэгтийг хайж ямар хүн гэх судалгаа хийж байлаа, мөн текстээ хэрхэн хэлэх, зөвхөн үүгээр ч зогсохгүй орсон бичлэг болгоноосоо суралцаж ирсэн. Түүнчлэн мэдэхгүй чадахгүй зүйлээ тухай бүрт нь багш нараасаа асууж суралцсаны эцэст энэ дүрдээ тоглож чадсан. Энэ дүр бол миний анхны маш үнэ цэнэтэй гол дүр юм.
Чиний цаашдын хүсэл мөрөөдөл юу вэ? Урлагаараа явах уу, өөр мэргэжил эзэмших үү?
Мэдээж жүжигчингээрээ буюу урлагаар явна. Зорилгынхоо төлөө тууштай байх болно. Тууштай хүн л амжилтад хүрдэг шүү дээ.
Яагаад заавал урлаг гэж?
Учир нь урлаг бол хүн бүтээдэг содон салбар, мэргэжил гэж боддог болсон. Урлагийн хүн гэдэг жижигхэн кино контент хийх гэж хичнээн их хөдөлмөрлөж хичнээн их уншиж судалж тухайн дүрээ гаргадагийг кинонд тоглохдоо илүү их ойлгож авсан. Хичнээн ядарсан ч зовлон бэрхшээл тоочдоггүй, инээмсэглэж аз жаргалтайгаар ажилладаг. Ингэж хийж бүтээсэн уран бүтээлээ олон хүнд үзүүлэх бүр гоё. Би урлагт өөрийн бүх зүйлээ зориулахыг хүсч байна. Цаашид улам их сурч хичээж эргэлт буцалтгүй урлагийн хүн болно гэж шийдсэн.
Хүүхдүүд урлаг, спортын дугуйланд явах, түүндээ дурлаж, тэмүүлнэ гэдэг маш их цаг зав гаргах болдог. Ар гэрийнхэн нь хэр дэмждэг вэ?
Үнэхээрийн гоё асуулт байна. Манай гэр бүлээс одоохондоо урлагаар явсан хүн байхгүй учраас эхэндээ намайг ойлгодоггүй байлаа. Гэрийнхэн маань чи хаагуур дэмий тэнээд яваад байгаа юм, юу хийгээд байгаа юм гэдэг байсан. Харин одоо бол ойлгож эхэлсэн. Тэгээд ч би маш их өөрчлөгдсөн. Намайг өөрчлөгдөж байгааг хараад илүү их дэмжих болсон шүү. /Инээв/
“Төгс хөгжил” продакшнд хамрагдсаны давуу тал юу вэ? Жишээ нь өөрт чинь ямар өөрчлөлт гарч байна?
Маш олон давуу тал байгаа. Би дугулан дээрээ байхдаа яг гэртээ байгаа мэт мэдрэмж авдаг. Тийм сэтгэгдэл төрүүлдэг 2 дох гэр маань бол ТХ. Тиймдээ ч би дугуйландаа ирэх бүрт бусад хүүхдээс аз жаргал мэдэрдэг. Хамгийн гоё хамт олон гэж хэлж болно шүү. Сурах, хөгжих зорилготой завгүй хүүхдүүд нэг дор ёстой бужигнуулна. Энэ бол үнэхээр гоё зөн совинтой эерэг энергитэй газар. Урлагаар явах гэж байгаа хүүхэд болгоныг яг л хүүгээ дуудаж байгаа юм шиг далалдаг багш нартай. Багш нар маань хүүхдүүдтэй маш эелдэг дотно харьцдаг мөртлөө хатуу чанга дүрэмтэй. Хүүхэд бидний судсыг базсан гэж хэлж болно. /Инээв/. Хамгийн их өөрчлөлт өгдөг, үр дүнг нүдэн дээр харуулж чаддаг газар бол ТХ. Энд ирсэн хүүхэд бүр жүжиглэх авъяастай болж, урлагийн мэдрэмж нь сэргэж, урлагаар дамжуулж хүмүүжиж, төлөвшиж, өөртөө илүү итгэлтэй болж чаддаг.
Энэ цар тахлын үеийг танай продакшнийнхан хэрхэн даван гарч байна? Олуулаа цуглаж болохгүй учраас завсарлаад байна уу?
Бид цаг алдалгүй сурсаар байгаа. Онлайн анги орж байна. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдгийг багш нар маань бидэнд суулгаж өгсөн. Иймээс онлайнаар суралцахын хажуугаар ном унших, ахмад жүжигчдийнхээ намтар уран бүтээлтэй танилцах гээд илүү завгүй өдрүүд үргэлжилж байна.
Яг одоо “Нандин нас 2” бүх IPTV-ээр үзэгч хүүхдүүдэд хүрч байна. Энэ киноны онцлог гэвэл юу хэлэх вэ? Энэ киноноос хүүхдүүд ямар сургамж авч үлдэх бол?
Энэ кино бол өсвөр насныхан ямар байдаг, юу хийдэг , юуг эс хийдэг талаар ээжүүд аав нарт ойлгуулах зорилготой. Мөн гэр бүлийн харилцааг илүү эвлэлдүүлэн нэгтгэж байгаагаараа онцлог гэж хэлж болно. Манай киноноос та бүхэн өсвөр насандаа хийж болохгүй алхам гэж байдагийг, зан харилцаа, хүмүүжил дээрээ юу анхаарыг сурч авах боломжтой гэдгийг үе тэнгийн найзууддаа хэлэхийг хүсч байна. Энэ нас бол хүүхэд бидний “Нандин нас” гэдгийг хэлэхийг хүсч байна.
Үзэгч хүүхдүүд, ээж аав асран хамгаалагч нарт хандаж юу хэлэх вэ?
Хүүхэд гэдэг бол хүн өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн байр суурьтай, тэднийг дэмжиж, ойлгох нь чухал гэдгийг энэ кино харуулна. Тиймээс ээж аав нар, томчууд маань хүүхэдтэйгээ хамт “Нандин нас” киног үзээрэй гэж хэлмээр байна. Ер нь томчууд хүүхдүүдтэйгээ харилцан ярилцаж, цаг заваа гаргаж байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Эцэст нь хэлэхэд аав ээжүүд хүүхдүүдийнхээ төлөө ажил хийж байгаа ч гэсэн гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацааг гаргаж байхыг киноноос ойлгоно. Хүүхдийнхээ сайн сайхны төлөө хүүхдээ дэмжээрэй, сонсоорой, хүндлээрэй гэж хэлэхийг хүсч байна.
Баярлалаа, цаашдын уран бүтээл, сурлага хөдөлмөр, ажил амьдралд нь амжилт хүсье.
Баярлалаа та бүхэндээ. Мөн хүүхэд бүр аз жаргалтай, эрүүл байх болтугай.
Г.БАТМӨНХ