1-р сар. 25, 2019, 2:59 p.m.


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




АТГ: "УБДС" ХК-ийн захирал асан Д.Бямба-Очир 87 биш 3 байртай

АТГ сар бүрийн 25-нд хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.


2018 онд АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 10,381 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна. Мөн Засгийн газрын 2017 оны 244, 326 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаанд үүргээ биелүүлж, оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан АТГ-т мэдүүлжээ.


Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд холбогдох этгээдүүд нь 85,933,063 ам.долларыг байршуулж байсныг тогтоосон. Үүнээс 74,993,452 ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн болох нь шалгалтаар тогтоогдоод байна. Үүний 4.3 сая ам.долларыг биет байдлаар хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд оруулж ирсэн байгаа талаар АТГ мэдээллээ.


Түүнчлэн Гэмт хэргийн шинжтэй 858 гомдол, мэдээллээс 447 гомдол, мэдээлэл буюу 52.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 327 гомдол, мэдээлэл буюу 38.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 76 гомдол, мэдээлэл буюу 8.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 30 гомдлын үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 98.9 хувьтай байна. 2018 онд иргэд, байгууллагаас 1,887 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсны 858 нь гэмт хэргийн шинжтэй 858 гомдол, мэдээлэл байв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал өргөдөл, гомдол, мэдээлэл 563 нэгжээр буюу 42.5 хувиар, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 200 нэгжээр буюу 30.4 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна. 2018 оны байдлаар 1,473 үйлдэлтэй, 1,224 холбогдогчтой 1,138 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг 2017 онд 654 холбогдогчтой, 427 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөн үетэй харьцуулбал, эрүүгийн хэрэг 711 нэгжээр буюу 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна.


2018 онд гэмт хэргийн улмаас 663,213,994,905 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17,470,753,533 төгрөгийг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 180,650,089,526 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 5 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.


2017 онд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн 106 хэргээс 46 /43.3/ эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол 2018 онд нийт 224 хэрэг шүүхээр шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлснээс 84 /37.5 хувь/ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн дүнтэй байна.


Үүнд:

-Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр,

-Боловсрол соёл шинжлэх ухааны яамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай,

-Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баянсэлэнгэ,

-Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр,

-НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга,

-Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар,

-Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Б.Золбоо,

-Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин,

-Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарын,

-Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ж.Алтансүх,

-ДЦС-4 төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал С.Анхбаяр зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлээд байна. 


Хэвлэлийн хурлын үеэр АТГ-ын удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Оффшор бүсээс орж ирсэн мөнгөний тухайд тодруулж өгнө үү?

- АТГ мөрдөн шалгах хэлтэс дээр оффшор бүсэд данстай иргэдийн мэдээлэл задарснаас хойш дөрөв дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ бүсэд мөнгө хадгалах нь бүхэлд гэмт хэрэг гэж үзэхгүй. Гэхдээ мөнгө болгоныг хөөн шалгаж байгаа.


- УИХ-ын гишүүн Батзандангийн эхнэрийн дансаар ЖДҮХС-гаас гарсан мөнгө орсон тухай?

- ЖДҮХС-тай холбоотой асуудалд мөрдөн байцаалтын хэрэг үүсгэн шалгаж байгаа. 1,031 төсөл хөтөлбөр ирсэн байгаа юм. 216 иргэн, хуулийн этгээд санхүүжилт авсан. Үүнийг АТГ шалгаж байгаа. Төсөл хөтөлбөрөөс зээл авсан ААН, иргэн бүрийг хууль зөрчсөн гэж ойлгож болохгүй. УИХ-ын гишүүний эхнэр зээл аваад түүнийгээ зориулалтынх нь дагуу хэрэглэсэн бол хууль зөрчсөн гэж үзэхгүй. Харин зээл авахад албан тушаалтан нөлөөлсөн бол шалгана. Энэ асуудалд ялгаж салгаж хандах ёстой. Бид шалгалтын хүрээнд ЖДҮХС-гаас зээл авсан төсөл бүрийг шалгаж байгаа.


- “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир 500 сая төгрөгийн хахууль авах гэж байгаад баригдсан, 87 орон сууцтай гэх мэдээлэл байгаа?

- Хахууль авсан хэмжээ нь 500 сая төгрөг биш. Д.Бямба-Очирын нэр дээр албан ёсны бүртгэлтэй гурван орон сууцтай. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа. Мөн Стандарт Банкнаас ЖАСТ групп зээл авсан гэх зургаан хүнтэй холбогдолтой хэрэг шүүхэд шилжсэн.


- ЖДҮХС-гийн асуудалд УИХ-ын 43 гишүүн холбогдон шалгагдаж байгаа гэсэн. Энэ тоо яг хэд вэ?

- Шүүхээр гэм буруутай нь тогтоогүй, шалгагдаж байгаа хэрэгт нэр заан хэлэх нь хуулиар хориотой. Харин УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан. Одоогоор хоёр гишүүн нь тогтоолтой танилцсан.


Холбоотой мэдээлэл