11-р сар. 30, 2018, 3:34 p.m.


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




М.Чулуун-Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролд анхаарах нь хамгийн чухал

Монгол Улсад 2017 оны байдлаар нийт 103,630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүнээс 19974 нь хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд үлдсэн 70 хувь нь ажилгүй байна гэсэн тоон судалгаа бий. Тэгвэл ажил хийх чин хүсэлтэй ч хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах "CAREER EXPO-2018"  хөдөлмөр зуучлалын арга хэмжээг “Hollyday Inn” зочид буудалд болж байна.




Тус арга хэмжээг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар(ХБХХЕГ) төр, төрийн бус болон олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа аж.


Энэ талаар ХБХХЕГ-ын дарга Ц.Ганчимэг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар бэрхшээлтэйгээсээ хамаараад өөр өөр төрлийн ажлыг чадварлагаар хийж байна. Жишээлбэл, талх, нарийн боовны үйлдвэрүүдэд сонсголын бэрхшээлтэй иргэд маш сайн ажилладаг. Мөн сав баглаа боодол, оёдлын үйлдвэрүүдэд амжилттай ажиллаж байгаа. Энэ чиглэлээр ажиллаж буй сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн ажлын бүтээмж өндөр байдаг нь бусадтай ярьж, цаг алддаггүйтэй холбоотой. Тиймээс дээр дурдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд сонсголын бэрхшээлтэй залуусыг ажилд авах сонирхол өндөртэй болсон. Харин харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд бариа заслаас гадна сүүлийн үед бариста хийн, амжилттай ажиллаж байна. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүсийн хувьд компьютер дээр график дизайн хийх, бичээч, эх бэлтгэх зэргээр ажиллаж байгаа. Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургадаг зургаан тусгай сургууль байдаг" гэлээ.



Хөдөлмөр зуучлалын арга хэмжээнд идэвхтэй ажил хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй 21 иргэн болон ажил олгогч 50 гаруй ААН-ийн хүний нөөцийн менежерүүд болон удирдлагууд оролцож байгаа юм. Идэвхтэй ажил хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй 21 иргэн өөрийгөө илэрхийлэх ур чадварт суралцах гурав хоногийн сургалтад хамрагджээ. Тэд “Career Expo-2018” арга хэмжээний үеэр ажил олгогчдод өөрийн танилцуулга мэдээллийг хүргэх бол ажил олгогчид тэднийг нээлттэй сонгон шалгаруулалтад оруулан, ганцаарчилсан ярилцлага хийж, хэрэгцээт ажилтнаа ажлын байраар хангах юм байна.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл М.Болдбаатар "Би компьютер графикаар суралцаж байгаа. Одоогоор албан байгууллагад ажиллаж үзээгүй байна. Сургуулиа сайн төгсөөд ажил хайна гэж бодож байгаа. Гэхдээ хөндлөнгөөс харахад өнөөгийн Монголын нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах таатай, тохиромжтой орчин нөхцөл бүрдүүлсэн албан байгууллага ховор мэт санагддаг" гэлээ. 


Харин ХБХХЕГ-ын мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхгүй байгаагийн нэг шалтгаан нь боловсрол юм. Бид хөдөлмөр эрхлэлтийг ярихаар хүссэн хүсээгүй боловсролын асуудлыг ярина. Тиймээс төр засгийн зүгээс боловсролын асуудлыг багаас нь эхлэх хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ур чадвар болон боловсролоороо бас гологдох тал бий. Тиймээс мэргэшүүлэх, чадавхижуулах тал дээр түлхүү анхаарч ажиллах нь зүйтэй юм" хэмээв. 


   


Хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох Оюутолгой компанийн захиргааны ажилтан Б.Ундрах "Миний хувьд олдмол тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй. Оюутолгой компанид тогтвортой 8 жил ажиллаж байна. Манай байгууллагын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллах таатай нөхцөл, боломж, орчноор хангасан гэж боддог. Тухайлбал, тэргэнцэртэй иргэд орж гарахад зориулсан налуу шат, нойлтой гэх мэт. Мөн хамт олон маань сэтгэл санаагаар үргэлж дэмжиж ажилладагт баярлаж явдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хэлний мэдлэг сайтай, ур чадвартай байвал ажлын байр хангалттай байгаа гэж боддог" гэсэн юм. 


Түүнчлэн ажил олгогчдын төлөөлөл ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлний мэдлэг дутмаг байдаг талаар онцлов. 




Холбоотой мэдээлэл