7-р сар. 10, 2018, 12:17 p.m.


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Жуулчдыг Монголд олон хоногоор аялуулахын тулд орон нутгуудтайгаа хамтарч ажиллаж байна

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан 07 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.


Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Аялал жуулчлалын сайд нарын III хуралдаан Монголд ирдэг жуулчдын тоогоор тэргүүлэгч хоёр орон, Монголын иргэд хамгийн их жуулчилдаг хөрш орнуудын сайд нартай хамтран аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны аюулгүй байдал, ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх асуудлуудыг хэлэлцэх юм. Эхний өдрийн хуралдааны үеэр БОАЖ-ын Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогыг зохицуулах газрын дарга С.Баясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.




-Энэ удаагийн уулзалтаар гурван улсын Аялал жуулчлалын сайд нар ямар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?

-Аялал жуулчлалын салбарт гурван улс хэрхэн хамтарч ажиллах вэ, аль асуудлыг хамтарсан төвшинд шийдэх вэ гэдэг нь уулзалтын үеэр ярилцах чухал сэдэв байдаг.

Энэ удаагийн уулзалтаар

-Олон улсын зах зээлд хамтарсан ямар бренд бүтээгдэхүүнийг санал болгох вэ

-Дөрөвдөгч улсын жуулчныг хэрхэн гурван улсдаа татах вэ

-Нэг жуулчин зөвхөн Хятад, Орос, Монголд ирээд буцдаг биш гурван улсаар дамнасан аяллаар явдаг байх нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ

-Гурван улсын хоорондоо зорчиж буй жуулчдын тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ зэрэг асуудлууд голчлон яригдаж байна.


-Манай улсын хувьд энэ зун аялал жуулчлалын салбарт ямар ямар ажил хийгдэх вэ?

-Монгол улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарт зөвхөн зун гэлтгүй аль болох идэвхтэй улирлаас гадна намар, өвлийн улиралд ч гэсэн ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх ажлыг хийгээд явж байна. Мөн жуулчид нэгэнт ирсэн улиралд аль болох жуулчдыг үзүүлэх юмтай, Монголд зарцуулахаар авчирсан мөнгийг нь Монголдоо үлдээх бодлогыг барьж ажилладаг. Зуны улиралд л гэхэд Наадам, Дээлтэй Монгол, Даншиг, орон нутагт сарлагийн баяр, эсгийний баяр, адуучдын баяр гэх мэт соёлын арга хэмжээг зохион байгуулдаг. Аль болохоор жуулчдыг Монголд олон хоногоор аялуулах бодлого хэрэгжүүлэхээр орон нутгуудтайгаа хамтарч ажиллаж байна.


-Энэ жилийн хувьд хэчнээн жуулчин ирсэн байгаа вэ. Өнгөрсөн жилийнхээс өссөн үү. Жуулчдыг татах ямар ямар ажил хийж байна вэ?

-Өнгөрсөн жил Монголд 470 орчим мянган жуулчин ирсэн. Энэ жилийн эхний таван сарын байдлаар жуулчдын тоон өсөлтийг 10 гаруй хувийн өсөлттэй явж байна гэж үзсэн. Өнгөрсөн жилийн долдугаар сард 80 орчим мянган жуулчин ирсэн бол энэ жил бараг 90 орчим мянган жуулчин ирэх хандлагатай байгаа. жуулчдыг татахын тулд бид дотооддоо дэд бүтцээ сайжруулах, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэр төрлийг олшруулах, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, стандартуудыг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг хийж байна. Мөн эргээд гадаад зах зээлд Монгол улсыг сурталчлах, таниулах, голлох зах зээлийн орнуудад хандсан маркетингийн бодлогуудыг хэрэгжүүлж ажилладаг. Энэ мэт илүү таниулснаар ирээдүйд ирэх жуулчдынхаа тоог нэмэгдүүлнэ. Эргээд Монголд аялж байгаа дотоодын жуулчдын тоо дэд бүтцийн хөгжлөөс шалтгаалж жил бүр өсөн нэмэгдэж байна. Тэгэхээр дотоодын жуулчдыг хэрхэн зохион байгуулалтад оруулах вэ. Хамгийн гол нь дотоодын жуулчдаас үүдэлтэй түймрийн асуудал ч юм уу, хог хаягдал, орчны бохирдлын асуудал гараад байгаа юм. Тиймээс хэрхэн зохион байгуулалттай аялж, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах вэ гэдэг асуудалд анхаарч ажиллаж байна.


-Жуулчдын хувьд аюулгүй байдал хамгийн чухал. Аялал жуулчлалын компаниудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Аль болох бид Монголд ирж буй жуулчдыг компаниудаар дамжуулж авах сонирхолтой. Компаниуд өөрсдийн хөтөч, зохион байгуулалттай явж байна. Мөн даатгалтай аялж байгаа нь эрсдэлийг бууруулж буй нэг хэлбэр. Жуулчдыг ирэхээс нь явах хүртэл нь ямар нэг компаниуд сэтгэл ханамжид нь хүртэл санаа тавьж байгаа нь эргээд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх сайн талтай. Энэ хүрээнд БОАЖЯ-наас түр операторуудыг дэмжих тал дээр тодорхой хэмжээний бодлогуудыг хэрэгжүүлж ажилладаг. Гэхдээ эргээд дэлхий нийт цахим сүлжээнд суурилсан зохион байгуулалтгүй, хувиараа зохион байгуулалттай аялагчид, өөрсдөө аяллаа зохион байгуулдаг хандлага газар авч байна. Ялангуяа ганцаараа аялах гэх мэт. Тэгэхээр түр операторуудаа дэмжихийн хажуугаар эргээд яалт ч үгүй хувиараа бие дааж ирж буй аялагчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд мэдээ мэдээллийг үнэн бодитоор өгөх, тэдний аяллыг аль болох аюулгүй, ая тухтай байлгах нөхцөлд анхаарч ажиллахгүй бол болохгүй байна. Тиймээс аль аль талд нь зэрэг анхаарч ажиллахыг хичээж байна.


-Өнөөдрийн хуралдаанаар ямар гэрээнүүд хийсэн бэ?

-Өнөөдрийн хувьд хурлын протокол болон тунхаглалд гарын үсэг зурсан. Гэрээнүүд түр операторуудын төвшинд үдээс хойш уулзалтууд болно. Мөн аймгуудын төвшинд уулзалтууд болно. Түүн дээр гэрээний асуудал яригдах байх.

Холбоотой мэдээлэл