4-р сар. 9, 2018, 9:18 a.m.


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Ч Ганбилэг: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн боловсрол олгохыг зорьж байна

Тусгай хэрэгцээт боловсролын байгууллагатай танилцах нэг өдрийн үзүүлэх ажлын үеэр мэргэжлийн сургалттай 55-р тусгай дунд сургуулийн захирал, ТХБ-ын магистр, зөвлөх багш Ч.Ганбилэгтэй тус сургуулийн үйл ажиллагаа, цаашдын зорилго болоод тулгамдаж буй асуудлын талаар цөөн хором ярилцлаа.



-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд та сургуулиа танилцуулаач.


-Манай сургууль 1976 онд байгуулагдсан. Энэ хичээлийн жилд 487 хүүхэд сурч байна. Нийт 122 хүн ажилладаг, 94 нь багш. Бага ангийн бүлгүүд бүгд туслах багштай. Нэг ангид 10-15 хүүхэд суралцдаг. 1-9 р ангийн хүүхдүүд суурь боловсрол эзэмшиж байгаа бол 10-12-р анги буюу ахлах ангид хүүхдүүд маань мэргэжлийн боловсрол эзэмшиж байна. Анх хүүхдүүд бусад сургуультай адил 9-р ангиа төгсөөд л явдаг байлаа. МСҮТ-д орсон хүүхдүүд хичээлийг нь ойлгохгүй, программыг нь гүйцэхгүй байх шалтгаанаар сургуулиасаа гарч байсан. Мөн энгийн хүүхдүүд сайн муу их дээд сургууль төгссөн мөртлөө ажилд орж чадахгүй байхад ямар ч мэргэжил эзэмшээгүй, 9-р анги төгссөн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ямар ажил олдох билээ. Тиймээс бид яаманд сургуулиа 12 жил болгоё, ахлах ангид мэргэжлийн боловсролын сургалт явуулъя гэдэг саналыг хоёр жилийн турш тавьсан. Ингээд зөвшөөрлөө аваад 2 дахь жилдээ хичээллэж байна. Өнгөрсөн жил хоол, нарийн боовны анги нээсэн. Энэ жил зочид буудлын үйлчлэгчийн ангийг нээсэн бол ирэх жил цэцэрлэгч, ногоочны ангийг нээхээр төлөвлөж байна. Ер нь зах зээлд ямар мэргэжил эрэлттэй байна түүнийг л хийнэ. Мөн хүүхдийнхээ чадварыг харна. Эцэг эхчүүдийн хувьд төгсөөд тогооч болох нь яах вэ, ядаж гэртээ хоолоо хийдэг болох нь сайхан байна гэж сэтгэл хангалуун байгаа. Бид хүүхдийнхээ төлөө л ажилладаг. Бие дааж сургана, амьдралд бэлтгэнэ, мэргэжил олгоно, хөдөлмөрт бэлдэнэ. Төгссөн хүүхдүүдээ ажлын байртай нь залгуулж, эргэх холбоотой ажиллахыг л зорьж ажиллаж байна.


-Ихэвчлэн хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд байдаг уу?


-Оюуны хөгжлийн бэрхшээлтэй, Дауны синдром, аутизмтай хүүхэд сурч байна. Ер нь хараа, сонсголын бэрхшээлээс бусад бүх бэрхшээлтэй хүүхдүүд байна.


-Тусгай хэрэгцээт сургууль төрөөс санхүүжилттэй байдаг уу. Энгийн сургуулиас санхүүжилтийн хувьд арай илүү байж чаддаг уу?


-Тийм. Улсын сургууль. Санхүүжилтийн хувьд багш нарын цалин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг гэдэг утгаараа 30 хувийн нэмэгдэлтэй.. Мөн өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн үдийн цай хөтөлбөр үдийн хоол хөтөлбөр болж нэг хүүхэд өдөрт 2400 төгрөгний хоол идэж байна. Бусад зүйлээр бол санхүүжилт нь ижил.


-Эдгээр хүүхдүүд энгийн хүүхдээс илүү мөнгө төгрөгийн санхүүжилт шаардлагатай мэт санагддаг. Тухайлбал, өмнө нь сувиллын 10-р цогцолбор цэцэрлэгт очиж уулзахад хүүхдүүд нь гэнэт татах, өвдөх үед багш нар нь хувиасаа мөнгө цуглуулж хүүхдүүддээ эм, тариа авдаг гэж байсан. Танай сургуулийн хувьд эм тарианы мөнгө болоод хангамж хэр байдаг вэ?


-Эмийн зардал маш бага байсан. Өнгөрсөн жил УИХ ын гишүүн Ч Улаан тусгай сургуулиудаар явж байдалтай танилцан эмийн зардлыг нэмэгдүүлж өгсөн. Энд чинь унаж татдаг хүүхэд байна, суурь сульдаатай хүүхэд ч байна. Бид нар витаминжуулж чадахгүй байна. Наад захын анхан шатны тусламж үйлчилгээний зардлыг төсвөөсөө авдаг. Мөн гаднын эмч нартай хамтарч нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байна. Маргааш тусгай Олимпийн Хороо “Удвал дент” шүдний эмнэлэгтэй хамтран 100 хүүхдийн шүдийг үнэгүй үзэх гэж байна.


-Тэгэхээр таны хувьд бусад байгууллагад санал тавьдаг уу, эсхүл байгууллагууд өөрсдөө сайн дураараа ханддаг уу?


-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг олимпд оролцуулдаг “Монголын тусгай олимпын хороо” энэхүү шүдний үзлэгийг санаачлан хийж байгаа юм. Тамирчдаа үзлэгт хамрагдуулах зорилгоор зохион байгуулж байгаа. Тэр бүр танай хүүхдүүдэд үзлэг хийе, витаминжуулъя гэж сайн дураараа ирэх байгууллага бас цөөхөн.


-Хичээлийн программын хувьд энгийн сургуулиас хөнгөн үү?


-Тийм. Арай хөнгөн, ойлгоход дөхөм, давтамжтай программаар хичээлээ ордог.


-Танай сургуульд ойрын хугацаанд тулгамдаж буй ямар асуудал байна. Тухайлбал, төрөөс бидэнд ингээд л туслачихбал бид болох гээд байна гэдэг ч юм уу?


-Хүүхдүүд багтахгүй байгаа учир байр, өргөтгөлийн асуудал нэн тэргүүнд шаардлагатай байна. Мөн биеийн тамирын заал стандарт бус жижиг. Энэ саналаа яамны сайдад өнөөдөр хэлсэн. Яам нааштай шийдэж өгнө гэсэн сайхан хариу хэллээ. Түүнчлэн сургуульд хэрэглэж буй бүх компьютер 2008 оных учир удаан гэх мэт хүндрэлүүд байна. Мэдээж сургалтын орчинг сайжруулах тал дээр шаардлагатай бас бус зүйлс ч байна.


-Сургалтын хэрэглэгдэхүүний хувьд тусгай тоног төхөөрөмж шаардлагатай байдаг байх?


-Тийм. Энгийн хүүхдэд багш шохой, самбар хоёр хэрэглээд л хичээл ордог бол манайх тийм биш. Заавал үзүүлэн таниулах материал, бодитоор үзүүлж, харуулж байж ойлгодог. Тиймээс багш нарт маань гарын авлага, хэрэглэгдэхүүн маш их шаардлагатай байдаг юм. Өнөөдөр багшийн цалин хэд байгаа билээ. Тэрнийхээ хэдээр нь сургалтын хэрэглэгдэхүүн авах билээ. Үүнийг бодолцож багш нартаа хэрэглэгдэхүүний өрөө байгуулж өгсөн. Багш нар маань баяжуулаад явдаг. Номын сангаас карт  шиг бичүүлж аваад буцаагаад өгөх жишээний. Ийм байдлаар хичээлийн хэрэглэгдэхүүний асуудлаа бас шийдээд байна.


-Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр их амжилт хүсье.


Холбоотой мэдээлэл