2-р сар. 6, 2018, 1:30 p.m.


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Д.Цогтбаатар: Нохой жил хуурай гандуу, салхи ихтэй, хур тунадас бага байна

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болоход цөөхөн хоног үлдлээ. Тиймээс XVII ЖАРНЫ "ТИЙН УНЖЛАГАТ" ХЭМЭЭХ ШОРООН (ШАР) НОХОЙ ЖИЛИЙН ТӨЛӨВ байдал болоод мөр гаргах ёс, тусгайлан засалтай жилүүдийн талаар МБШТ Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатараас тодрууллаа.




-Шороон нохой жилийн төлөв ямар байна вэ?


-Ургаж буй жил нь самгардиар “Виламва”, төвдөөр “Тийн унжлагат”, нангиадын хэлээр “Вү сүй” хэмээх шороон нохой жил агаад, энэ жилд “Хулгай дээрэм олширон, олсон эд малыг ноён нь аван, эд тариа үнэгүй болно” хэмээн сударт өгүүлжээ.


-Ургаж буй шороон нохой жилийн махбод:

Амь-“шороо”, бие-“мод”, эрхтэн-“шороо”, хийморь-“төмөр”, сүлд-“гал”, эр мэнгэ нь ”9 улаан”, эм мэнгэ нь “6 цагаан”, суудал нь “гал”, “шарагчин туулай” өдөр эхэлнэ.


-“Хаан гараг” нь Сумъяа:

“Түшмэл гараг” нь Бархасвадь:

“Эзэн гараг”- нь “Санчир”:

“Хийн гараг”- нь “Санчир”:

сэшиг-“Зүгт хэсэхүй”:

жилийн махбода-434:

хоногийн тоо-354:

тогтоосон хоногийн тоо-338,

жилийн үргэлжлэх хугацаа-2018.02.16-2019.02.04 болой.


-Хаан гарагийн үр нь:

“Хур буун, эмийн шим төгөлдөржнө. Ус мөрөн дээрээсээ арвижна. Ой, цэцэрлэгт үр жимс дэлгэрнэ. Үхэр, малын сүү арвижна. Залуус наадан бүжнэ. Хаад ноёд энэрэхүй бээр улс орноо тэтгэнэ”.


-Түшмэл гарагийн үр нь:

“Өргөл, өглөг хоёр арвижна. Ном төгөлдөртнүүд алдрыг олно. Ертөнц тэнгэрээр тэтгэгдэн, үр тэргүүтэн жимс, цэцэрлэг дэлгэрмүй. Морь, үхэр тэргүүтэн мал арвижмуй. Хур цагтаа бууна. Оюун төгөлдөртний ухааны орон дэлгэрмүй”.


-Жилийн “лууны тоо”-2, “Үхрийн тоо” – 11.

Энэ жил хур тунадас бага, газрын шим өгөөж сайн, ургац, үр тариа, ногооны гарц дунд, хүнсний хангамж сайн, үймээн самуун, хямрал тэмцэл дунд” хэмээн “боовны үр” ийн зурхайн зурлагад зурагджээ.


-“Цасан чихрийн амт” гэдэг зурагдлаар тооцвол, “Цөөрөмд орох” хэмээх нэрлэх ба энэ үед ган ихтэй болно.


Жилийг шинжвэл: хур-11, үр тариа-7, өвс-13, сэрүүн-7, чийг-17, хий-13, арвидал-15, хомсдол-15, хямрал-11, байна. (5-17-ийн хооронд байх тул ямрыг өөрөө шинжээрэй.)


-Шороон үхрийг зургаар дүрсэлбэл ямар байна?


-“Шороон үхэр”-ийн зурлагыг дүрсэлбэл:

-Үхэр нь: Толгой, бие нь шар: эвэр, чих, сүүл, омруу, туурай нь улаан: ходоод, дөрвөн шийр, ногт нь ногоон: хөх цулбууртай, амаа ангайгаад, сүүлээ зүүн тийш шарваж явна.

– Үхэр хариулаач нь: Ногоон царайтай, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар, нөгөөгөө баруун чихнийхээ урдуур унжуулсан, цагаан дээлтэй, улаан бүстэй, хөл нүцгэн, малгайгаа баруун гартаа барьсан, унгасаар томсон бургасан улаан шилбүүр барьсан, хүч чадалтай идэр залуу, үхрийнхээ өмнө яаравчлан гүйж явна” гэж дүрслэгдэв.


-Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал:

Залууст (дунд суудалтан) сайн, нялхаст (түмэн олон) дунд, өвгөд хөгшдөд (өндөр дээд суудалтан) муу ажээ. Их хүмүүн, ард иргэд цөм амар амгалан тайван болой. Ажил үйлс бүхэн бүтэмжтэй, үр ач дэлгэрэх, буян хурж эд агуурс дэлгэрэх эрхэм сайн. Хууль цаазын хэрэгжилт сайжирах ч, хямрал, тэмцэл их болох нигууртай. Хот балгас, зарим газарт галын аюул, мөндөр цахилгаан буух гэмтэй. Үе мөч, хүзүү, зарим газарт халуун чанарын хижиг, хавдар, боом өвчин гарна. Нохой жил хуурай гандуу, салхи ихтэй, хур тунадас бага. Зун, намрын улиралд газрын шим арвижин үр тариа, төмс, нарийн ногоо, цэцэг навч, үр жимс боловсрон ургац элбэгшиж урт намар болно. Малд сайн, хүнд дунд.


-Шинийн нэгний өдөр мөр гаргах аваас тэр жилийнхээ заслыг хийсэнтэй адил гэдэг дээ. Мөр гаргах ёсонг дэлгэрүүлбэл.


-БИЛГИЙН ТООЛЛЫН ШИНИЙН НЭГЭНД МӨР ГАРГАХ ЁСОН

Эрэгтэй хүний «билгийн» насыг «Гал»-аас нар зөв, эмэгтэй хүнийг «Ус»-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно. Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөлөлийн “ цог хийморийн ” зүгт гарч, “ буян хишгийн ” зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “ хар нохойн ам ” таарвал “ эмийн “ ба “ амин ” зүгт мөрөө гаргаад “ буян хишгийн ” зүгээс гэртээ ирнэ. “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн “ хар нохойн ам ” аль зүгт буйг үзүүлье.


Үүнд: Жилийнх нь баруун хойд, сарынх нь зүүн, өдрийнх нь зүүн зүгт байна.

Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал «Суудал өнцөгдсөн»;

нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхацвал «Суудал салгуулах» засал хийлгэдэг болой.


-«ГАЛ» суудалд суусан хүн-

«Хадуур барьсан» тул маш сайн. Тэр жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.


Хүмүүсийн төрсөн он.

Эрэгтэй: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018 Эмэгтэй: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014


Мөрөө гаргахдаа

“ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урьд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, гал гаргаж зүүн хойт зүгт хаяж, шавар юмуу гурилаар «морины толгой» хийн урьд зүгт газарт булаад, урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.

Засал–Сундуй, Цэнд уншуул.


-«ШОРООН» суудалд суусан хүн–

«Буян хишиг барьсан» тул сайн. Тэр жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү авагтун. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй байх. Улаан хонины мах идэхгүй, чоно барьсан малын мах идэхгүй, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.


Хүмүүсийн төрсөн он.

Эрэгтэй: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017 Эмэгтэй: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015


Мөрөө гаргахдаа

– “ Ум бадма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар зүүн зүгт хаяж, шавар эсвэл гурилаар «хонины толгой» хийн баруун урьд зүгт газарт булаад, баруун урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.


Засал–Саейнинбо уншуул, «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.


-«ТӨМӨР» суудалд суусан хүн–

«Яс барьсан» тул сайн. Тэр жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах идэхийг цээрлэнэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Чоно барьсан малын зүүн хавирганы мах идэж болохгүй. Хутга мэсний аюулаас болгоомжлох шаардлагатай. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжилж анхаарч явах нь чухал. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжтой бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.


Хүмүүсийн төрсөн он.

Эрэгтэй, эмэгтэй: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016


Мөрөө гаргахдаа

– “ Ум радна дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун урд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлийг нугалж, хугалан хойд зүгт хаяж, шавар юмуу гурилаар «ямааны толгой» хийн баруун зүгт булаад, баруун (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.


Засал–Сундуй, Жадамба, Дашзэвэг, Дүгэр уншуул. «Мэсний хариулга» хийлгэх сайн.


-«ОГТОРГУЙ» суудалд суусан хүн–

«Уут барьсан» тул маш муу. Тэр жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Өндөр газар явахаас цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.


Хүмүүсийн төрсөн он.

Эрэгтэй: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015 Эмэгтэй: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017


Мөрөө гаргахдаа

–“ Ум пагма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас зүүн зүгт хаяж, гурилаар «нохойн толгой» хийн баруун хойд зүгт газарт булаад, баруун хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.


Засал–Сундуй, Алтангэрэл, Намхайнинбо, 13 сан уншуул.


-«УС» суудалд суусан хүн–

«Түлхүүр барьсан» тул маш сайн. Тэр жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.


Хүмүүсийн төрсөн он.

Эрэгтэй: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014 Эмэгтэй: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018


Мөрөө гаргахдаа

– “ Ум гарма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, урд (эмийн) зүгт зүгээ гаргаад, баруун зүгт ус асгаж алхлан, гурилаар “гахайн толгой” хийн хойд зүгт газарт булаад, хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.


Засал - Лүмбүмгарав, Лүйвангон, Шавдаг дором уншуул, Газар усаа тахь.


-«УУЛ» суудалд суусан хүн–

«Гангар (шаазан) барьсан» тул муу. Тэр жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.


Хүмүүсийн төрсөн он.

Эрэгтэй: 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 Эмэгтэй: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011


Мөрөө гаргахдаа

– “ Ум будда дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн (эмийн) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо өмнө зүгт хаяж, гурилаар «үхрийн толгой» хийн зүүн хойд зүгт газарт булаад, зүүн хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.


Засал–Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан уншуул. Шүтдэг газар орноо тахь.


-«МОД» суудалд суусан хүн–

«Хог барьсан» тул муу. Тэр жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомж сайтай байх хэрэгтэй. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.


Хүмүүсийн төрсөн он.

Эрэгтэй, эмэгтэй: 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012


Мөрөө гаргахдаа

– “ Ум базар дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, хойт (цог хийморь) зүгт зүгээ гаргаад,–Модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд зүгт хаяж, гурилаар «туулайн толгой» хийн зүүн зүгт газарт булаад, зүүн (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.


Засал–Нит, Ариун сан уншуул, Усан балин өргө.


-«ХИЙ» суудалд суусан хүн–

«Шөргүүл барьсан» тул муу. Тэр жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.


Хүмүүсийн төрсөн он.

Эрэгтэй: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 Эмэгтэй: 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013


Мөрөө гаргахдаа

– “ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, урьд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, гурилаар “лууны толгой” хийн зүүн урд зүгт газарт булаад, зүүн урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.


Засал–Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Суварга босго. Тахилгатай газар орныг тахь.


-Энэ жилд жил нь орж буй болон онцгойлон засалтай жилүүдийн талаар дэлгэрүүлбэл?


2018 ОН БУЮУ ШОРООН НОХОЙ ЖИЛД ДООРХ ЖИЛТНҮҮД ОНЦГОЙЛОН АНХААРНА УУ

Жил орогсод:

-“13, 73-ний жил” нь “хүү” махбодатай жил бөгөөд эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.

-“25, 85-ны жил” нь “нөхөр” махбодатай жил бөгөөд жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох тул Догсом, Доржнамжом, Цэнд, Доржнамжомын жавтий тавиул.

-“37, 97-ны жил” нь “дайсан” махбодатай жил бөгөөд эдийн гарлага тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чог хуруулж, Лусад балин өргө.

-“49-ны жил” нь “эх” махбодатай жил бөгөөд сүлд хийморь доройтох тул Нити, Жинсрэг айлдуул.

-“61-ны жил” нь “өөрийн төрсөн жилтэй адил” махбодатай жил бөгөөд ад зэтгэр, шулмын хөнөөл гарах тул Бум цац “талби”, “Цэдэв-Насан бүтээл” үйлдвээс сайн.


-“Жил орсон” хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засч сэрэмжил. Эм хүнийх “үдэж дагадаг” тул орсны дараа ч засал хийлгэ.


“Жилээ угтаж ордог 4 жил”-бар, могой, бич, гахай:

“жилээ барьж ордог 4 жил”-хулгана, туулай, морь, тахиа:

“жилээ дагаж ордог 4 жил”-үхэр, луу, хонь, нохой болой.


Луу жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй юм болж магад. Догсом, Базарсад, Жанцанзэмүвүнжан, замд явбал Далх тахь.

Хонь, үхэр жилтнүүд “шишид” буюу “бага харш” буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, Амин золиг гаргуул.

Бар, морь жилтнүүд “ивээл жилийн” буюу “түнсүм” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул. 

Гахай жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гарах гэм буй. Маналын чого, Сахиусаа тахь. 2. “Гогэг” буюу “үүдний тотгор” таарахад хүн, эд, малд муу тул шүтээнд тахил өргөж, Цагаан шүхэрт, Нанжид, Догжүр үйлд.

Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ. 


-Хэдэн насны, ямар жилтэй хүүхдүүдийн сэвлэг үргээвэл болох вэ. Зарим залуу эцэг эхчүүд жилээр нь насыг нь тоолох уу, оноор нь тоолох уу гээд эргэлздэг?


-Хүүхдийн сэвлэг үргээх нас :

Эрэгтэй хүүхэд:

2012 онд төрсөн эрэгтэй / луу жилтэй / 7 настай.

2014 онд төрсөн эрэгтэй / морь жилтэй / 5 настай.

2016 онд төрсөн эрэгтэй / бич жилтэй / 3 настай.


Эмэгтэй хүүхэд :

2013 онд төрсөн эмэгтэй / могой жилтэй/ хүүхэд 6 настай.

2015 онд төрсөн эмэгтэй / хонь жилтэй / хүүхэд 4 настай.

2017 онд төрсөн эмэгтэй / тахиа жилтэй / хүүхэд 2 настай.

Холбоотой мэдээлэл