3-р сар. 9, 2017, 5:23 p.m.


СЭТГҮҮЛЧ:


Э.Ариунаа




Т.Ганбүргэд: Эелдэг даруу эмэгтэйд хайртай

TIMES.MN энэ удаагийн ярилцлагын буландаа "Авъяаслаг монголчууд" шоуны оролцогч Т. Ганбүргэдийг урьж оролцуулаад байна. Тэрээр тус шоунд хошин урлагийн хүндхэн хэлбэр болох Parody төрлөөр оролцон эхний шатандаа дуучин С.Наран, МУГЖ Уранчимэг, Эрдэнэтунгалаг нарыг дуурайн үзүүлж үзэгч болоод шүүгчдийн хүндэтгэлийг хүлээсэн оролцогчдын нэг болсон юм. Одоо тэрбээр хошин элэглэлийн "Паради" хамтлагт шинэ гишүүнээр орж, хамтдаа уран бүтээлээ туурвиад байгаа билээ. 




-Сайн байна уу? Таньд юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе-


-Баярлалаа. Таньд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.


-“Тамирчин хүнд хэлж ирдэггүй хийсч ирдэг нэгэн асуудал бол бэртэл гэмтэл байдаг. Тиймээс спортоор гаргаагүй амжилтаа урлагаар гаргана гэж бодоод энэ шоунд орохоор шийдсэн” хэмээгээд “Авъяаслаг монголчууд” шоуны тайзнаа анх гарч үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн шилдэг оролцогчдын нэг нь та байсан.


-Тэгэхээр хоёулаа яриагаа таны бага наснаас эхлэе гэж бодож байна. Танайх чинь 8 хөвгүүнтэй айл гэсэн шүү дээ. Та энэ айлын хэддэх хүүхэд нь вэ?-


-Би Ховд аймгийн Алтай суманд Тоот гэдэг айлын 4 дэх хүү нь болж төрсөн. Манайх ам бүл 10-уулаа. Би 8 залуугийн дундах хүү нь болж төрсөн дөө




-Ммхн. Найман хөвгүүн өсгөнө гэдэг мэдээж амаргүй хэрэг. Ээж аавдаа хир тусч хүүхэд байв. Гэрийн ажилд их оролцдог байсан биз?-


-Олон эрэгтэй хүүхэд өсгөнө гэдэг аав ээж хоёрт маань их хэцүү байсан байх гэж би боддог. Бид нар их ойрхон ганц хоёр насны зөрүүтэй төрөөд дэрсхэн өссөн. Бас эрэгтэй хүүхдүүд учраас сахилгагүйтэж үймүүлэхээс эхлээд өмсөж зүүх, идэх уух гээд их л асуудал тулгарч байсан байх. Харин ажлын хувьд гэвэл бид нар бүгд хийх ажлуудаа хуваарилж аваад хийдэг байсан. Ээжээрээ гэрийн бүх ажлыг хийлгэхгүйн тулд өөрснөө хувцсаа угаана, ээлжээр хоолоо хийнэ. Манайх хөдөөний айл болохоор мал ахуй гээд бүхий л ажлыг хийж сурсан даа. Манай дүү нар бол бүгд ажилд сайн. Нэгнийгээ хараад барьцаад сууна гэсэн ойлголт байдаггүй.


-Та бага насныхаа хамгийн дурсамжтай явдлаас хуваалцаач. Ер нь гэр бүлээс ийм олон авъяастан төрнө гэдэг их сайхан хэрэг. “Авъяаслаг монголчууд” шоу за мөн саяхан өөрийн цахим хуудсаараа тараасан шинэ дууны бичлэгийг үзэхэд их гоё дуулцгааж байна лээ. Танай аав, ээжийн талд урлагийн удам бий юу?-


-Хүүхэд нас гэдэг хүн бүрийн хамгийн сайхан нас. Юу ч бодож санахгүй. Бага байхад үлдсэн хамгийн тод үлдсэн дурсамж гэвэл 10 жилд байхад сурагчдын дунд караокений уралдаан болж миний яг доод талын дүү Гантөмөр түрүүлж, удаах байрт би, харин гуравдугаар байранд манай ах Гандөл орж байсан юм. Энэ үе их сайхан санагддаг даа. Гэхдээ манайд бол дуучин хүний удам байхгүй. Манай аав бол сайхан дуулна. Харин ээж бол тийм сайн бишээ. /инээв/ Манай өвөө улсын сайн малчин Кот гэж хүн байсан. Би өвөөдөө их эрхэлдэг. Өвөө маань миний толгойг илээд их сайн хүн болно гэдэг байсан гэж манай аав ярьдаг юм.




-Өвөөгийнхөө ерөөлөөр монголынхоо олон түмэнд  танигдсан авъяаслаг дуучин, жүжигчин болсон байх нь ээ. Жудо бөхийн тамирчин байсан. Ер нь өөрөө тамирчин болох сонирхолдоо хөтлөгдөөд энэ спортын замд оров уу, эсвэл хэн нэг хүний, найз нөхдийн хамтын хүсэл сонирхол байв уу?-


-Баярлалаа. Тийм ч байж магадгүй ээ. Би багаасаа барилдах дуртай байсан. Хүүхдийн барилдаанд гайгүй барилдчихдаг байлаа. Тэгээд 2003 онд манайх Эрдэнэт хотод шилжиж очоод, 2004 оны намар анх Хангарьд спорт клубын МУ-ын гавъяат дасгалжуулагч Бат-Орших багшид өөрөө очиж шавь орж байлаа.


-Ммнх. Тэр үед бол өнөөдрийнх шиг ингээд урлагийн тайзан дээр гараад үзэгч олныг баясгаад дуулаад, жүжиглээд, элэглээд явж байна гэж төсөөлж байгаагүй биз?-


Тиймээ тухайн үед бол жудогоороо амжилт гаргаад аав ээжийнхээ ачийг хариулж амьдралаа өөрчлөнө гэж л бодож байсан даа.


-Тэгэхээр энэ спортоор хичээлээд гаргасан амжилтуудаасаа дурьдаач?-


Өө тодорхой хэмжээний амжилт гаргаж байсан. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аваргаас нийт зургаан медаль авч байлаа. Мөн залуучуудын азийн аваргын шагналт таван байранд орж байсан. Спортын мастерийн болзол хангасан боловч өөрийнхөө зорьсон зорилгодоо хүрч чадаагүй дээ жаахан харамсаж явдаг. Гэхдээ спортоор хичээллэж байгаа залуу дүү нартаа хандаж хэлэхэд 3 килограммаас дээш жин хаясны хэрэггүй байдаг. Ялангуяа өсвөр насандаа жин их хасах муу байдаг гэж хэлмээр байна. Би өөрөө бол 5-6 килограмм жин хасдаг байлаа. Ер тэгээд спортын хүн болоод аварга л байж  чадахгүй бол их хэцүү. Маш их өрсөлдөөн дундаас нэг “Но” гарч ирдэг болохоор.




-За тэгэхээр манай уншигчид бас таны үнэтэй зөвлөгөөг дагах байх гэж бодож байна.  Хүн мэдээж өөрийн зроьсон зорилгодоо хүрч чадалгүй замаасаа буцна гэдэг бол харамсалтай хэрэг. Харин асар их сэтгэлийн тэнхээ гарган өөрийнхөө сонгосон мэргэжлийг өөр мэргэжлээр сольж урлагийн замд орсон таны хүсэл тэмүүлэл, зорилгыг үнэлж таниар бахархах сэтгэл төрж байна.-


Баярлалаа. Хүнд амьдралын олон гарц байгаа гэж боддог. Хүн амьдрахын тулд бүх боломжоо дайчлах хэрэгтэй. Тэгж байж л хүний дайтай амьдрана шүү дээ. Би бэртэл авсаныхаа дараа барилдахаа болиод юу хийнээ гэж их бодсон. Тэгээд ер нь урлагийн хүн болъё. Өөрт байгаа жаахан авъяасаа хөгжүүлье гэж бодсон.  


-Таныг “Авъяаслаг монголчууд” шоуны финалын шатанд ороод үзүүлбэрээ үзүүлэхэд чинь үзэгчид ёодол хийх болов уу гэж их хүлээсэн гэдэг?-


Тиймүү. Тэр үед би өөрөө сайн хийж чаддаггүй байсан болохоор өөрөө хийе ч гэж бодоогүй. Гэхдээ миний царайг хүмүүс Баярцэнгэлтэй төстэй гэдэг юм. Тэрнээс болоод тэгж ярьсан байж магадгүй юм.




-Одоо хошин элэглэлийн “Паради” хамтлагт шинэхэн гишүүнээр ороод удаагүй байгаа. Таны хувьд урлагийн мэргэжлээр суралцаагүй боловч мэргэжлийн хүмүүсийн дунд ороод ажиллахад хүндрэлтэй зүйлүүд гарч байна уу?-


Тиймээ би жүжигчин мэргэжлээр суралцаагүй болохоор хүндрэлтэй зүйл их байдаг болохоор чадахгүй зүйлээ хамтлагийн ах нараасаа суралцаад л явж байгаа даа. Ер нь “Parody” урлаг бол монголд төдийлөн сайн хөгжөөгүй байгаагаас гадна энэ урлагийн хамгийн чухал нь яг тухайн хүний ярьж байгаа, дуулж байгаа болон өнгө дуугаралт, гадаад төрхийг нь гаргана гээд олон бэрхшээлүүд байдаг. “Parody урлаг бол амьд урлаг. Хаана ч байсан ам барих гэсэн ойлголт байдаггүй шууд дуугарч, дуулдагаараа онцлогтой. Тэр дундаа эсрэг хүйстнээ дуурайх гэдэг бол маш хэцүү байдаг даа.




-Тийм байх шүү. Одоогоор танай хамтлагийн хувьд болоод таны хувьд ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? Ялангуяа таныг үзэгчид шинэ уран бүтээл туурвихыг тэсэн ядан хүлээж байгаа байх?-


Хүмүүс хүн дуурайх урлагийг амархан гэж боддог байх. Гэхдээ хүмүүсийн бодож байгаа шиг зүйл огт биш. Харин юу хийж үзэгчдэдээ хүргэх маань цаг хугацааны аясаар мэдэгдэх байх. Миний хувьд төлөвлөсөн маш олон зүйл байгаа. Би одоогноор өөрийгөө хөгжүүлэх үүднээс СУИС-ийн дуулаачийн ангид эчнээгээр суралцаж байгаа. Тэгээд хийх зүйлүүд маань гэвэл өөрийнхөө хоолойгоор уран бүтээл хийх, мөн ах дүү нартайгаа шинэ дуу гаргах, пароди  хамтлагийнхантайгаа шинэ уран бүтээл хийх гээд маш олон зүйл төлөвлөөд зарим нь эхнээсээ хийгдээд явж байна. Хүмүүс Чапи ах, Суурь ах хоёрыг шинэ уран бүтээл гаргахаа больсон гэж их ярьдаг. Яагаад ингэж ярьж байна вэ гэвэл энэ урлагийг хүмүүс тэр болгон хүнд гэдгийг нь ойлгодоггүй болохоор тэгж ярьдаг юм болов уу гэж би хувьдаа боддог юм.


-Тэгэхээр бас таны гэр бүл, хайр дурлалын талаар дурьдахгүй өнгөрч болохгүй. Хүмүүс заяаны хань зам дээр гээд л ярьдаг шүү дээ. Таны хувьд энэ үг хир үнэн бол. Заяаны ханьтайгаа учирч амжсан уу?-


Нээрээ заяаны хань зам дээр гэдэг үг үнэн үг шүү. Би итгэдэг. /инээв/ Би  дуучин Хосбаяр ахтай хөдөө тоглолтоор явж байсан юм. Гэтэл Хосоо ах маань энд нэг айлаар ороод хоол идчихээд гаръя гэдэг юм байна. Тэгээд тэр айлд ороо л би ханийгаа анх харсан даа. Харин тэр айл маань манай Хосоо ахын хадмынх байсан юм. Тэгээл Хосоо ах бид хоёр нэг айлын хүргэн болсон юм даа. Хүний амьдрал их баялаг юм даа. Одоо бид хоёр хөөрхөн охинтой. Ер нь гишгэсэн мөр цагаан байвал ирээдүйн амьдралын зам ч дардан байх юм.


-Тийм шүү. Таны хувьд эмэгтэй хүн ямар зан чанартай байвал илүү таалагддаг бол. Анх эхнэрээ хараад юунд нь хамгийн их татагдаж байв?-


Өө тэгээд нүд, инээмсэглэл, байгаа  байдалд нь л уярсан даа. /инээв/ Ер эмэгтэй хүн эелдэг, даруухан байхдаа л хамгийн сайхан санагддаг.


Хань нь аль нутгийн хүн бэ? Ажил мэргэжлийг нь танилцуулбал?


Миний хань Төв аймгийн Бүрэн сумын хүн. Сэтгүүлч мэргэжилтэй.




-Бидний ярилцлага ингээд өндөрлөж байна. Бидэнтэй ярилцсан таньд маш их баярлалаа. Энэхүү ярилцлагаа таны үгээр жаргаая гэж бодлоо.-

За  танай хамт олонд бас их баярлалаа. Монголын ирээдүй болсон бүх залуустаа хандаж мэргэжилдээ эзэн байж, монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө ихийг хийж бүтээгээрэй. Мөн аав ээждээ үргэлж сайн яваагаа дуулгаж, тэднийгээ хайрлаж явсан хүний үйлс бүтдэг юм шүү гэж хэлмээр байна. Монгол түмэндээ олон шинэ уран бүтээл хүргэж байх болно. Монголчууд бол бүгдээрээ дуучин ард түмэн. Харин гурван сая монголчууд дотроос “Parody урлагийг хөгжүүлэх гэж яваа гарын таван хуруунд багтсан цөөхөн хэдэн уран бүтээлчдээ ойлгож, дэмжиж яваасай гэж хүсэх байна. Их баярлалаа.

 

                                                                                                                   Ярилцсан: Э.Ариунаа



Холбоотой мэдээлэл


Undur ih amjilt husie ulam ih saihan uran buteel garagaarai ger buld ni az jargal husie.
hamtlag ntr gej ner nuuree heregluuleed yadag bnaa.zugeer l chi uuruuruu 1000 hamtlagtai tentsene.yag odoohondoo chi uuruuruu l hangalttai tod gyalalzaj chadah Od...demii yum demii l baidag yum da.
saihan ail ur udmaaraa jargaj yavag