TIMES Ярилцлага


Б.Төмөрчулуун: Бид нэг ангитай киног 25 жил үзсэн байна

1 жил, 3 сар TIMES.MN

“Сэргэн мандалт” группын ерөнхийлөгч  Б.Төмөрчулуун Эдийн засгийн форумын үеэр хөгжлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

  Та  тавьсан илтгэлдээ юуг онцлов?

1990 онд хүмүүс өөрчлөлт, шинэчлэлтийг хүсэж, тэмүүлж байсан. Тиймээс л Хүнлэг Ардчилсан нийгмийг бий болгох аянд мордсон доо. Өнөөдөр Ардчилсан замналаар яваад нэг л мэдэхэд 25 жилийг ардаа үлдээжээ. Гэвч Ардчилсан нийгэмтэй зэрэгцээд шинэлэлт өөрчлөлт ирсний гэвэл үгүй. Бид зүгээр л нэг ангитай киног 25 жил үзсэн байна шүү дээ. Энэ бүхний буруутан нь НАМ. Учир нь өнгөрсөн хугацаанд нам хүмүүсээ сонгож байсан байна. Одоо сонгогчид намаа сонгох цаг нь ирсэн. Үүний тулд нам төр хоёрын байрыг солиход болно. Ингэхээр нам бодлого боловсруулдаг, боловсон хүчний шалгаруулалт явуулдаг байрандаа очиж, төрийн ажилд хутгалдахаа болино. Манайх 5, 10 сая хүн амтай байсан бол намын оролцоо их байж болно.  Харин гурван сая иргэнтэй улсад  иргэний оролцоо чухал юм. Ирэх сонгуулийг дээрх жишгээр явуулж, Монголын “шинэ” төрийг байгуулья гэсэн бодолтой байна. Ухаан санаа, оюун бодол нь цэгцэрсэн хүмүүсийг төрд цуглуулах нөхцөл бүрдүүлж чадвал Монгол төр гэх тамиртай болно доо.

Миний хэлэх гэж буй хоёр дах санал бол Төр унших, бичих, боловсруулах чадалтай байхад болно. Түүнээс худалдан авагч байж болохгүй. Хэрэв худалдан авагч болбол бичгийн цаас, үзэг, цаас, ном авахад л болно.

Тэгэхээр худалдан авах, бүтээн байгуулахыг хувийн хэвшлийхэнд өгөх нь зөв  үү?

Төр бодлого боловсруулахад  л болно. Монголын төрийн эмх цэгцэнд оруулах иргэн ард түмэн дунд л байгаа. Төрд оюун ухаан нь цэгцэрсэн ноён оргилууд нь орж ирэхгүй байна. Энэ үүд хаалгыг нээхийн тулд шинэчилсэн, чадамжтай Монгол төрийг байгуулах шаардлагатай. Гуравдугаарт, Монголын төр  яг асрамжийн газар шиг л байх ёстой. Бизнесменээ, ухаантан, эрдэмтэн, энгийн иргэдээ ерөөсөө асрахгүй байгаа. Өрсөлдөөд байна уу гэхээр ичгэвтэр. Төр энэ гурван байгууламж дээр тойрон эргэлдсэн байхад гурван жилийн дотор өөрчлөлтийг бий болгож чадна.

Гурван жилийн дотор амжина гэж үү?

Амжуулахаас өөр аргагүй. Хүн зүтгэж чадвал бодож чадна, бодож чадвал итгэж чадна. 25 жилээс гурван жил бол 8 дахин бага сонсогдож байгаа биз. Үүнээс гарах хамгийн наад захын эхний үр дүн нь  иргэд тайван сэтгэл амар болно.  Одоо төрд ажиллаж байгаа хүмүүс их догшин болж. Төр их дээрэлхүү байна. Өөрөөр хэлбэл асрамжийн газар шиг биш байна. Саяхан Ерөнхий сайд нэг шинэ элементийг санаачилсан нь Эдийн засгийн зөвлөл. Аль ч Засгийн газраас үл харгалзан Ерөнхий сайдаас хамаарахгүй бодлого боловсруулах 33 хүнийг сонгосон байгаа. Мөн “Шийдлийн цаг” гаргасан. Шийдлийн цаг, Улс төрийн цаг хоороондоо адилгүй.

Бид саяхан Шийдлийн цагаар нэг үйлдвэртэй танилцахад тухайн үйлдвэр 10 жилийн турш түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж зөвхөн түрээсэнд л тэрбум 500 сая төгрөг зарцуулсан байсан. Тэгээд тухайн компанид нэгэн төрийн компанийн 51 хувийг өгөхөөр Ерөнхий сайд шийдсэн. Ингээд нэг өдөрт нэг асуудал шийдэгдэж байгаа юм. Энэ мэтчилэн явсаар 4 жилийн дотор 7000 гаруй асуудал шийдэж болно,  өнгөрсөн хугацаанд нэг л хэвийн он жилүүдийг өнгөрөөсөн байна.

Эдийн засгийн зөвлөлд хэн хэн багтаж байгаа вэ?

Эдийн засгийн зөвлөлд нам харгалзахгүйгээр тухайн салбартаа  амжилт гаргасан бизнесмэн, эрдэмтдийг оруулсан байгаа.

Дараагийн Засгийн газар гарахаар эдийн засгийн зөвлөлийн бүтцийг өөрчлөх үү?

Бүтэц өөрчлөгдөхгүй. Энэ 33 хүн байдгаараа л байна. Би бол техник ухааны  доктрант, үйлвэрлэл дагнасан гэсэн чиглэлээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл үйлдвэр дотор импортыг  орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр анхаарна гэсэн үг . Бидний дараагийн асуудал бол экспортын чилэлээр Олон Улсын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх. Саяхан Хятадын зах зээлд бүтээгдэхүүн гаргах үзэсгэлэн болоход бүгд зөгийн бал аваад очсон байсан.  Хамгийн гол нь бид тухайн оронд хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийг л авч очих хэрэгтэй. Жишээлбэл Японд очвол сарлагийн  сүүгээр хийсэн кальцийн бэлдмэл аваачвал Японы өндөр настангууд их авна. Түүнээс тэнд чацаргана аваачих хэрэггүй. Мөн самар их ургадаг бол самрын тосыг хүний хөгшрөлт юмуу цусны хатуурлыг багасгадаг учраас их хөгшрөлттэй Европд гаргадаг ч юмуу.  

Дүгнээд хэлэхэд Монголын гурван сая иргэн цэгцэнд ороход амархан.  Учир нь нийгэм үүнээс илүү дордоно гэж байхгүй. Өнөөдрийн нийгмийн доройтлыг зарим иргэд биеэрээ амсаж байна. Талхыг 4 хувааж идэж байна. Дээрээс нь гулуузаар мах авдаг байсан бол өнөөдөр граммаар авч байна.  Өнгөрсөн 25 жил бидэнд сургамж өглөө.  Үндэсний үйлдвэрлэл  гарцаагүй өөрийн мэдлийн мөнгө байна гэсэн сургамжтай үлдлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.