Эдийн засаг


Д.Ангар: Жижиг дунд бизнес эрхлэгчдэд IPO хийх боломж нээгдсэн

4 жил, 3 сар TIMES.MN
Монголын хөрөнгийн бирж бүртгэлийн журмаа шинэчлэн баталж, Монголд бүртгэлтэй хувьцаат
компани гадаад улсад давхар бүртгүүлснээр жижиг дунд бизнес эрхлэгчид хөрөнгийн зах зээлээс
санхүүжилт татах боломжтой болжээ. Энэ талаар Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын
үүрэг гүйцэтгэгч Д.Ангартай ярилцлаа.


-Жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид Хөрөн­гийн зах зээлээс хөрөнгө босгох боломж бүрдсэн гэх юм.Энэ талаарх мэдээллийг өгөөч?

-Өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн бирж томоохон компаниудыг IPO хийлгэх бодлогыг баримталж ирснийг анзаарсан. Гэтэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдгээр том компани хөрөнгийн зах зээлд орж ирээгүй. Нэг ёсондоо энэ зах зээлд чанартай бүтээгдэхүүн байхгүй байсан гэсэн үг. Тиймээс ажлаа аваад зах зээл дээрх бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй судалж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөрөнгийн зах зээлд гар­гах нь зүйтэй гэсэн бодлогыг гаргасан. Ингээд Хөрөнгийн биржийн бүртгэлийн журмыг шинэчлэх ажлыг хийж, өнгөрсөн онд Мон­голын Хөрөнгийн Биржийн ТУЗ-ийн хурлаар батлуулж,Санхүүгийн зохицуулах хороогоор батламж­луулснаар шинэ журам хэрэгжиж  эхэлсэн.

-Монголын хөрөнгийн биржийн үнэт цаас бүртгэх журамд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Журам хоёр онцлогтой. Нэгдүгээрт, Монголын хөрөнгийн бирж хувьцааг зөвхөн хоёр ангил­даг байсан бол III ангил­лын хувьцааг нэмж бий болгосон. Ингэснээр Жижиг дунд бизнес эрхлэг­­чид хөрөнгийн зах зээлд гарч хөрөнгө босгох боломж үүссэн. Өөрөөр хэл­бэл компанийн үйл ажиллагаа явуулсан жил,  ком­панийн суурь хөрөнгийн хэмжээ зэргийг шаардахгүй гэсэн үг юм. Өмнө нь шалгуур өндөр байсныг багасгаж энэ ангиллыг бий болгосон. Нөгөө нэг онцлог нь давхар бүртгэлийн асуудал. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийг гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэх, арил­жих боломжийг үүсгэсэн юм. Гэхдээ одоогоор Мон­голын хөрөнгийн бир­жид бүртгэлтэй ком­паниуд гадаадын хөрөнгийн биржийн давхар бүртгүүлэх шаардлага шалгуурыг хангаж чадахгүй байгаа нь боломжийг хааж байна. Харин боломжтой томоохон уул уурхай компаниуд нь өөрсдөө гадаадад очиж IPO хийгээд гарсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д  Монголд стратегийн ач холбогдол бүхий орд дээр лиценз эзэмшиж байгаа ком­панийн 10 хувийг Мон­голын хөрөнгийн бир­жээр арилжина гэж заа­сан. Тэгэхээр нэгэнт гадаа­дын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа. 

-Журмын I, II ангиллын шалгуур нь өндөр байсан гэсэн үг үү?

-I ангилал нь 10 тэрбумаас дээш зах зээлийн үнэлгээтэй компани бүртгүүлэх боломж байсан. Нийт хувьцааны 25  хувийг олон нийтэд арилжаалах, хоёроос доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн байх зэрэг шалгуур нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд өндөр босго болж байсан юм. Харин III ангиллыг бий болгосноор төсөл болон шинээр бизнес эхэлж байгаа компаниудыг санхүүжүүлэх бо­ломжтой болж байгаа юм. Мөн үнэт цаас, хувьцааг бүртгэх хугацааг 60 хоног байсныг шинэ журмаар 20 хоног болгож багасгасан бөгөөд үнэт цаас арилжаалахад зарцуулдаг байсан зардлыг 50 хувиар бууруулаад байна. Тиймээс өөрийнхөө бизнесийг амжилттай явна гэсэн итгэлтэй байгаа компани, үнэт цаасаа олон нийтэд  сурталчилж,  хөрөнгө оруулагчдад таниулж чадвал хөрөнгө босгох боломж нээлттэй гэсэн үг.

Хөрөнгө оруулалт нь гацсан, шинээр эхэлж буй ямар ч хувьцаат компанид нээлттэй гэсэн үг үү?

-Компанийн хөрөн­гийн доод хэмжээг III ангилалд заагаагүй. Гэхдээ ямарч хяналт, шалгалт­гүйгээр хувьцаагаа оруулж ирнэ гэсэн үг биш. Үнэт цаас хувьцаагаа гаргас­ны дараа хөрөнгө оруулагч­дын эрх ашгийг хэрхэн хамгаалах, компаниудын засаглалын кодекс, мэдээл­лийг ил тод байлгах шал­гуур хэвээрээ байгаа.

-Одоогоор хэдэн компани хувьцаагаа гаргах сонирхолтой байгаа вэ?

-Саяхан Засгийн газрын үнэт цаас гэсэн шинэ бүтээгдэхүүнийг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлсэн. Энэ үнэт цаас нь өгөөж өндөртэй байсан учир хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байгаа нь харагдлаа. Үүний жишээ нь зургаа, долдугаар сард 200  гаруй тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсан. Тэгэхээр ашигтай бизнес байх юм бол хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс байна гэсэн үг. Хөрөнгийн биржийн зүгээс хувьцаа гаргах дээр андеррайтерийн компаниудыг дэмжиж ажиллах бодлого барьж байна. Сая дөрөвдүгээр сарын 29-нөөс энэ сарын 4-ний өдрүүдэд Монголын хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудтай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, үнэт цаас гаргах тухай мэргэжлийн зөвлөмж өгөх зорилго бүхий сургалт семинарыг зо­хион байгуулсан. Семи­нарт Монголын үндэсний үйлдвэрлэгч 10 гаруй компанийн төлөөлөл оролц­­сон. Харин өнөөдөр үнэт цаас гаргах сонирхол бүхий компаниуд өөрийн төсөл болон үйл ажиллагааны танил­цуулгыг МХБ-ийн гишүүн андеррайтерийн компаниудад танил­цуулж, зөвлөмж авлаа. Тэдний со­нирх­лыг татсан. Зарим нь гэрээ хийж судлахаар болсон. Хөрөнгийн биржийн зүгээс үнэт цаас гар­гахад ямар бэрхшээл  учирч байгааг өөрсдийн хэмжээнд шийдэх бодлогыг барьж байна. Энэ онд 10 ком­панийг IPO, FPO /нэмж хувьцаа гаргах/, компанийн бонд гаргуулах  зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.