Нийгэм


Эхний таван сарын байдлаар 1957 удаагийн гамшиг, осол гарчээ

4 жил, 4 сар TIMES.MN

Өнөөдөр улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар 1957 удаагийн гамшиг, осол гарчээ. Үүний 128 нь ой, хээрийн түймэр, 1568 нь обьектын гал түймэр, 131 нь хүн, малын гоц халдварт өвчин болон газар хөдлөлт, хүчтэй цасан шуурга байжээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ой, хээрийн түймрийн гаралт өссөн байна. Онцгой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан бчиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчид, иргэд дайчлагдан ажиллаж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд түймрийг унтраагаад байна гэсэн мэдээллийг тус комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар өглөө.

Энэ онд гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байгааг тэрээр сэрэмжлүүллээ. Тухайлбал, Дорнодын түймэр цогтой үнс, нурмаа ил задгай хаяснаас болсон бол хамгийн сүүлд Дорнодын Булган суманд гарч, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумыг хамарсан түймрийн шалтгаан нь тус аймагт үйл ажиллагаа явуулдаг нэгэн компани аймгийн хариуцлагатай алба хашдаг хүмүүстэй хуйвалдан тариалангийн хатсан өвсийг шатааснаас түймэр дэгдсэн байна. Эзэн холбогдогчийг цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Улсын онцгой комисс цагийн байдалтай холбогдуулан энэ оны эхний таван сарын байдлаар Засгийн газрын дөрвөн удаагийн хуралдаанд 10 асуудал хэлэлцүүлсэн байна. Засгийн газар хохирлыг арилгах, сэргээн босгох ажиллагаанд 2.7 тэрбум төгрөг гаргаж, аймаг, орон нутагт хуваарилуулан ажиллаж байгаа юм. Энэ үеэр Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх гал түймрийн эрсдэл өндөртэй аймаг, сумдын нутагт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, ногоон бүсэд явуулах эргүүл, шалгалт хяналтын ажлыг Онцгой байдлын ерөнхий газартай хамтарч зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд цаг агаарын нөхцөл байдлыг судалж үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулах ажлыг зохион байгуулахыг Улсын онцгой комиссын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгалаа.

Мөн болзошгүй гамшгийн үед ажиллах онцгой байдлын албан хаагчид, машин техникийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах, ой, хээрийн түймэрт дайчлагдан ажилласан албан хаагчдын хувцасны нөхөн хангалт хийх, Засгийн газрын тогтоолоор аймгуудын Онцгой байдлын хэлтсүүд Онцгой байдлын газар болсонтой холбогдуулан гал унтраах гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн анги нэмж байгуулах асуудлаар холбогдох яамдын саналыг авч Засгийн газрын хуралдаанд оруулах ажлыг эрчимжүүлэхийг Улсын онцгой комиссын орлогч дарга,Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд үүрэг болголоо. Ой, хээрийн түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцон, олон нийтэд мэдээлж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингист даалгалаа.

Хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүсэд хөрсний хурдатгал хэмжигч 12 станцыг 1.7 тэрбум төгрөгийн өртгөөр Булган, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн нутагт байгуулжээ. Станцуудын мэдээ дамжуулалт, жил бүрийн тохируулга, хэрэгсэл зэрэг жил бүрийн урсгал зардлыг 2015 оны төсөвт хүргүүлсэн боловч танагджээ. Иймд Одон орон геофизикийн хүрээлэн Улаанбаатар хот орчимд байгуулсан байнгын ажиглалтын станц болон газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах системийн хээрийн станц, мэдээлэл дамжуулах сүлжээг ажиллуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг тус хуралдааны үеэр хүслээ. Энэ болоод Гэмтэл согог, судлалын үндэсний төвд ашиглагдаж буй соронзон үелзүүрт MRI аппаратны баталгаат засварын хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр боллоо.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.