Улс төр


Сураг тасарсан Н.Алтанхуяг

4 жил, 4 сар TIMES.MN

   Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд үргэлжилсээр....

Шүүх хуралдаанд шүүгдэгчээр “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглаж хувьдаа мөнгө зувчуулсан гэх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар оролцох юм. Харин гэрчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, н.Бямбадорж, н.Базарсүрэн, н.Мөнхчулуун оролцоно. Мөн “Багануур” ХК-ийн захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо нар нь удаа дараа шүүхэд ирж мэдүүлэг өгөхөөс зайлсхийж байгаа тул Тахарын албанаас албадан ирүүлнэ гэдгийг шүүхээс мэдэгдсэн.

Одоогийн байдлаар хохирогч талын өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүгдэгч нар болон улсын яллагчидын зүгээс уг хүсэлтийг эсэргүүцэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Шүүх хуралд Н.Алтанхуяг, гол гэрчүүд ирсэнгүй. 

Саяхан л "Л.Гансүх нарын гэх хэрэгт улс төрийн зорилго байгааг хэлээд өглөө. Хэн байгааг нь та нар олохгүй юу. Ойлгомжтой шүү дээ. Монгол бол ардчилсан улс. Нам дамнасан хэдхэн хүний захиалгыг биелүүлдэг бүлэглэл биш. Үүнийг хэлэх цаг нь болсон. Энэ бол хэдхэн хүний захиалгаар хийгдэж байгаа ажил. Захиалагч нар нь удахгүй ил болох байх. Надад “Нүүрс” хөтөлбөр эхэлж, хэрэгжиж байх үеийн гээд бүх баримт бий. Би хоосон ярихгүй. “Нүүрс” хөтөлбөр эхлэхэд уурхай дээр хэлж байсан үг, хөтөлбөр үргэлжлээд Толгойтын өртөөнд хэлж байсан үг гээд их юм байна. Энэ бүх баримтаа дараагийн шүүх хуралд дэлгэн харуулах болно" гэж ам бардам байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хаачив.

Яг одоо Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2, 263.2-т зааснаар буруутган шүүж байна. Энэ хэргийг улс төрийн шинжтэй явуулга, дараагийн шүүх хурал дээр нотлох баримттай бүхнийг илчилнэ гэсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг та хааана юу хийж явна. Эр хүн хэлсэндээ эмээлт морь хариасандаа гэдэгчлэн таны баттай баримтаа дэлгэх цаг нь одоо биш хэрэг үү.

Л.Ариунцэцэг






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.