Улс төр


Цэцийн шийдвэрт гишүүдийн байр суурь...

4 жил, 3 сар TIMES.MN

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт хуралдаж УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ системийг болиулж, жагсаалтаар сонгогддог 28 гишүүнийг тойрогт нэр дэвших нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү шийдвэрийг УИХ-ы.н чуулганаар хүлээж авахгүй бол ҮХЦ их суудлын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргадаг хуультай. Тэгвэл энэ талаар гишүүдийн байр суурийг хүргэе. 


   УИХ-ын гишүүн А.Бакей: АН-ын бүлэг ярилцаад Цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зүйтэй гэхдээ Байнгын хороо, нэгдсэн чуулган дээр албан ёсоор ярилцах хэрэгтэй гэж үзсэн. Эцсийн шийдвэр бол УИХ-ын нэгдсэн чуулган дээр гарна. Хэрэв хүлээж авахаар болвол Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарна. Хэрэв УИХ-ын чуулганаар хүлээж авахгүй бол Цэц их суудлын хуралдаанаар шийдвэрлэх хуультай. Хамгийн гол нь мажоритар системээр явах юм бол 76 тойргоо томсгох уу жижигсгэх үү гэдэг асуудал хөндөгдөнө. Миний бодлоор зарчмын ялгаа байхгүй.


УИХ-ын гишүүн С.Оюун: Цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Учир нь, холимог тогтолцоо бол улс төрийг төлөвшүүлэх, үр дүнгийн савлагааг намжаах, сонгогчдын саналыг тусгахад нэмэртэй. Харин мажоритар тогтолцоогоор явбал илүү санал дэмжлэг авсан нь олон суудал авдаг юм. 2000 онд мажоритар тогтолцоогоор сонгууль явагдаж байсан. Тухайн үед МАХН одоогийн МАН сонгогчдын 53 хувийн санал авч, УИХ-ын гишүүдийн 90 гаруй хувийг бүрдүүлсэн. Нэг үгээр хэлбэл, ялагч нь бүхнийг авах тогтолцоо юм. Бид холимог тогтолцоонд шилжих ёстой гэж олон жилийн турш ярилцсан. 2016 оны нэгдүгээр сард маргаан үүсгэх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг ҮХЦ гаргаж байсан. Ийм хурдан шийдвэрээ өөрчилж байгаа нь үнэхээр улстөржүүлсэн гэж хардахаас өөр аргагүй байна. Эдгээр хоёр тогтолцооны аль алинд нь давуу тал бий. Өнгөц сонсоход жагсаалтын ард нуугдсан гишүүд олон мэт боловч холимог систем монголын улс төрийн тогтолцоог нэг алхам урагшлуулж байсан гэж болно. Цэцээс илүү хоёр том намын хийж буй зүйл байх. МАН, АН өөр намууд жижиг намуудыг гаргахгүй байх үүднээс ийм үйлдэл гаргаж байх шиг байна.


  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: МАХН болон миний байр суурь бол тун тодорхой байгаа. Үндсэн хуулийн тулгуур зарчим дээр үндэслэн шийдвэр гаргаж байх учиртай. Энэ агуулгад тулгуурлан МАХН-аас ард түмнээсээ шууд сонгогдох хэлбэрээр 76 том тойргоор сонгох хэлбэрийг санал болгох байх. Энд 500 юу, таван мянган хүн өрсөлдөх үү гэдэг нь хамаагүй. Ард түмэн ухаантай учраас зөв хүмүүсээ сонгочихно. Эсвэл жижиг 76 мажоритараар явах, нөгөө талд 26 тойргоор 76-г бүрдүүлэх хувилбарууд байна. Ямар ч байсан Үндсэн хуулийн тулгуур зарчим дээр л үндэслэгдэх ёстой. Жижигчилсэн 76 тойрог бол хамгийн их санал худалдагдах боломжтой зохисгүй хэлбэр. Гэхдээ зарчим ярих юм бол цэц хоёр шийдвэр гаргаж байгаа. Ер нь аливаа шүүх, хяналтын байгууллагууд хоёр янзын шийдвэр гаргаад байж болохгүй.


МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй. Урьд өмнө нь ч хүнээ сонгодог байх ёстой гэж бид үздэг байсан. Жагсаалтын ард нуугдах нь буруу.  Гэхдээ сонгууль дөхсөн үед ҮХЦ ийм шийдвэр гаргасан. Энэ нь сонгуулийн хугацаанд нөлөөлөх ёсгүй юм. Манай бүлгийн зүгээс цэцийн шийдвэр сонгуулийн хугацаанд нөлөөлж болохгүй гэж албан ёсоор байр сууриа нэгтгэсэн. Харин сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт орж хүнээ шууд сонгодог болох нь томсгосон 76 мажоритар байх уу, жижиг 76 мажоритар байх уу гэдэг асуудал яригдана. Тиймээс бид 28 жагсаалтыг 26 тойрогт хуваах асуудлыг тодорхой ярилцах ёстой.


   УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Сонгуулийн хуулийн шинэчлэлд ухралт хийснээр эмэгтэйчүүд болон нийгмийн бусад бүлгүүдийн төлөөллийн сонгогдох эрхэд шууд сөргөөр нөлөөлнө.  Манай улс 2012 онд холимог системээр сонгуулиа хийж хууль тогтоох байгууллагад анх удаа 11 эмэгтэй гишүүнийг сонгосон. Тэд нийгмийн хүсэлт шаардлагад тулгуурласан олон хуулийг санаачлан, ажлын хэсгүүдийг ахалж УИХ—аар батлуулахад сэтгэл зүрхээ зориулан ажилласан. Тухайлбал: Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийсэн томоохон хуулиуд, Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлыг хуулиар зохицуулах нөхцөлийг бүрдүүлж, Гэр бүлийн тухай болон хүчирхийллийн эсрэг дуугарч, эрх зүйн шинэчлэлд эмэгтэйчүүдийн идэвх оролцоо нийгэмд хичнээн үгүйлэгдэж байсныг харуулж байна. Гэтэл эдгээр хуулийг санаачлан батлуулсан 11 эмэгтэй гишүүдийн маань бараг 40 хувь нь намын жагсаалтаар сонгогдсон. Энэхүү жагсаалт улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тогтолцоо байсан гэж хэлж болно. Мөн жагсаалтаар нам бүрээс хоёр эмэгтэй орох боломжтой болдог. Мажоритар тогтолцоо нь эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөлд халгаатай систем байдгийг олон улс орны судлаачид баталсан бол пропорционал төлөөллийн системийг парламентын засаглал бүхий 60 гаруй улс орон хэрэгжүүлж байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлаас гаргасан шийдвэрээр энэ тогтолцоонд өөрчлөлт орвол олон дахин сонгогдсон эрэгтэй улс төрчид болон улс төрийг илүү бохирдуулсан асар их мөнгөний тэмцлийг бий болгоно.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.