Нийгэм


Наадмын нээлтийн бэлтгэл 25-наас эхэлнэ

4 жил, 3 сар TIMES.MN

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Төв цэнгэлдэх хүрээлэн болон сур, шагайн харвааны талбайд ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Өмнө нь долдугаар сар дөхүүлж наадмын бэлтгэл ажилтай танилцдаг байсан бол энэ жил нэлээд эрт буюу зургадугаар сарын эхэнд танилцаж байгаагаар онцлог байв. Энэ жил 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гол талбайг бетондож, хиймэл зүлэг суулгаж байгаа юм. Талбайг бүрэн бетондож дуусч, зөөлөвч болон зүлэг дэвсэх ажил дутуу байгаа юм байна. Бөхийн холбооноос тус зүлгэн дээр туршилтын барилдаан хийж хальтиргаа гулгаагүй, бөхчүүд бэртэл авахааргүй байна гэдгийг хэлжээ.

Тус ажлыг гүйцэтгэгч “Дэрэн” компанийн захирал Г.Мөнхчулуун “Хиймэл зүлэг дэвсэх ажлын суурь бетоныг цутгаж дууссан. Харин зүлгийг 14 хоногт багтааж дэвсч дуусгана. Хиймэл зүлгэн дээр барилдах нь аюултай гэсэн яриа гараад байгаа. Үүнд тайлбар хийхэд, дэлхийд баталгаажсан хиймэл зүлэг хийдэг зургаан компани байдаг. Түүний нэг болох “Greenfield” компаниас бид зүлгээ авсан. Энэ нь байгалийн зүлэгтэй төстэй дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн юм. Манай улсад хийсэн хиймэл зүлэгний ихэнх нь стандарт бусаар дэвссэн байдаг учир хатуу болдог. Харин бид дэлхийн стандартын дагуу бетон дээр зориулалтын материал хийж зүлгээ дэвсэнэ.

Ингэснээр зүлэг зөөлөн, 4-8 мм хонхойлттой болж, бөхчүүд гэмтэхгүй” гэв. Төв цэнгэлдэх хүрээлэнд зөвхөн наадмаар бөх барилдах бус жилийн дөрвөн улирлын турш ашиглалттай болгохоор зорьж байгаагаа Шадар сайд онцоллоо. Мөн энэ сарын 25-наас наадмын нээлтийн бэлтгэл эхэлнэ. Тиймээс зургадугаар сарын 20 гэхэд хиймэл зүлгийг дэвсч дуусгахыг үүрэг болголоо. Шадар сайд У.Хүрэлсүх “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь баяр наадмын бэлтгэлийг эртнээс сайтар базааж, хурдан морьдын уралдаан, бөхийн барилдаан, сурын харваа нь маргаангүй, урлаг соёлын арга хэмжээнд нь наадамчдын сэтгэлд хүрсэн, гол нь аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна” гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.