Аналитик


Оргилын босс Ж.Ганбаатарын улстөрч болох мөрөөдөл

3 жил, 8 сар TIMES.MN

“Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар ганзагын наймаанаас  бизнесээ  цэцэглүүлж,  өдгөө Монголын толгой баячуудын тоонд хэдийнэ багтсан. Бизнесд одтой тэрээр улстөрд хүч үзэхээр  бэлтгэлээ базааж эхлэв. Ёстой л мөнгөтэй, нүнжигтэй, баян хүний хувьд хөрөнгийг харамгүй цацаж байгаа бололтойдог.  Тэрээр 2015 оны дөрөвдүгээр улирлаас сурталчилгаандаа онцгойлон анхаарч  эхэлсэн нь  ажиглагдсан ч одоо улам бүр эрчимжих хандлагатай  байна. Оны өмнөхөн  "Forbes Монголиа" сэтгүүлийн нүүрэнд "заларч",  өгүүлбэр болгонд магтсан утга шингээстэй нийтлэл хэвлэгдсэн байлаа. Дараагаар нь  Монгол дээлээр гангарч,  Ш.Гүрбазарыг хөтөлдөг ярилцлагын хөтөлбөрт  зочноор оролцоод, телевизээр бэлтгэсэн нэвтрүүлэг нь цацагдаад, цахим сайтуудаар түгээгдэж байна.   Гал Бичин жилийн Сар шинийн баярын өдрүүдийг  ашиглаж "Битүүний зочин"  хөтөлбөрт ч оролцсон харагдана. Олны танил болоогүй, төрийн алба хашдаггүй, шинэ нэр дэвшигчдэд  "Сонгуулийн тухай хууль" халгаатай  гэж хэлж болно. Сурталчилгаа явуулах хугацаа дэндүү богинохон. 18 хоногт өөрийгөө  сурталчилж таниулна  гэдэг боломжгүй.  Одоо  элдэв акц зохиогоод  сонин, хэвлэлээр  сурталчлаад явахаар хууль зөрчсөн болж таарна. Тийм болохоор ямарваа нэгэн хэлбэрээр  сурталчилгаа явуулахад амаргүй болчихоод байгаа юм. Харин "Оргил" худалдааны төвийн боссын хувьд  Сонгуулийн хуулийг үл харгалзан, бизнесээ ярьсан шиг  далд хэлбэрээр сурталчилгаагаа  илтэд эрчимжүүлж байгаагаас  харахад  тойргоо баталгаатай болгосон гэж хардахаар байна.

Тэрээр МАН-аас Налайх, Баянзүрх дүүрэгт  нэр дэвших гэнэ. Бэлтэй,  бийлэгжүү, "цээж" баянд тойрог олдохгүй гэх зовлон  ч үгүй биз ээ. МАН-ын хувьд  удаа дараагийн УИХ-ын сонгуулиар Налайх, Баянзүрх дүүрэгт  амжилт маруухан оролцсон. Энэ тойргоос голдуу АН-ын нэр дэвшигчид сонгогддог гэхэд хилсдэхгүй. Тийм болохоор  энэ удаагийн "их сунгаанд" хэнийг сойвол ялалт байгуулахыг  бас давхар тооцоолж буй нь мэдээж.

Ж.Ганбаатар  угаасаа   Налайх дүүргийнх. Өнгөрсөн зун Налайх дүүргийн наахна  “Оргил” хүнсний бөөний сүлжээнийхээ салбарыг нээгээд байгаа. Энэхүү төв нь налайхын 600 хүнийг ажилтай болгосон болохоор Налайхчуудын саналыг торохгүй цуглуулна хэмээн тооцоолж байгаа байх.  

Ж.Ганбаатар 1991 онд оюутан байхаасаа  л Налайхаас Улаанбаатар хот руу өглөө болгон галт тэргээр хичээлдээ ирдэг байсан гэдэг. Зах зээлийн нийгэмд шилжснээс хойш   ОХУ, Хятад, Туркийн хооронд бараа зөөж, улмаар Герман, Польшоос амттан оруулж ирсээр бизнесээ өргөжүүлжээ. Тиймээс түүнийг "Чихэр зөөдөг Ганбаа" гэж үеийнх нь  бизнесмэнүүд дууддаг юм билээ.  Ганзагын наймаагаар нэлээд хөрөнгөжсөн тэрээр  2003 онд 3, 4-р хорооллын эцэст байрлах дөрвөн давхар байшинг худалдан авч, өөрсдөө дотоод засал чимэглэлийг нь хийж, анхны дэлгүүрээ байгуулж байжээ. Дараа нь Амгалан, 120, Зайсанд гээд "Оргил" сүлжээ дэлгүүрүүдээ  байгуулсан гэх. Энэ бол бизнесийнх нь  нэг л чиглэл.   "Сээкл" компаниа байгуулж, гадаад худалдаа болон   барилгын салбарт хүч сорьж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зэргэлдээ сүндэрлэх  "Энканто" хотхоныг босгожээ.   Долоон давхар дулаан грааш, спортын иж бүрэн цогцолбор зэрэг энэхүү  хотхоны үнэ цэнийг нэмэгдүүлдэг . 

Сүлжээ дэлгүүр, гадаад худалдаа, барилгын салбарт амжилттай яваа бизнесмэн Ж.Ганбаатарыг   МАН-ынхан "ургалж"  дөнгөж, харин  энэ эрхэм ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй юм. 


Х.Тэргэл




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.