TIMES Ярилцлага


Эдийн засаг нь ийм хүнд байдалд орсон улс хөрөнгийнхөө зах зээлийг тогтворжуулахад анхаардаг

3 жил, 10 сар TIMES.MN
Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатартай ярилцлаа




-Та Шийдлийн Засгийн газарт Барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?

 -Богино хугацаанд нэлээд ажил амжуулах гэж зүтгэлээ. Яамны болон салбарын хамт олон маань их дэмжиж ажилсанд баярладаг. Анх томилогдохдоо “За, мэдэхгүй, бэлтгэгдээгүй салбартаа ирлээ дээ” гэж болгоомжилж байсан. Гэхдээ энэ салбар бас зөвхөн инженерүүдийнх биш гэдгийг удалгүй ойлгосон. Харин инженерүүдийг бусад хүмүүсийн төлөө ажиллах боломжийг олгодог, бүх хэрэглэгчдийг хамардаг онцлогтой салбар гэдгийг бодолцож, бодлогын бүх эхлэлийг хүнээсээ тооцож боловсруулах ёстойг ухаарсан. Ингээд хүн төвтэй бодлого хэрэгжүүлэхээр шийдсэн. Хүнд юу хэрэгтэй вэ? Барилга байгууламж нь чанартай байх. Чанарыг сайжруулахын тулд стандартыг дээшлүүлэх шаардлагатай. Иймээс евро стандартыг нэвтрүүлэх дээр анхаарч ажиллав. Евростандартыг аль болох хүнд суртал багатайгаар хурдан хугацаанд нэвтрүүлэхийн тулд эрх зүйн шинэ шийдлийг олж үлдээсэн нь чухал. Одоо энэ гарцаар цаашид олон стандартыг хурдавчилсан аргаар нэвтрүүлэх боломж нээгдсэн. Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулж, ээлтэй, хүнд сурталгүй болгохын л төлөө хийгдсэн ажил. Түүнээс хуучинсагаар асуудалд хандаад болохгүй гэсэн сэтгэлгээгээр хандсан бол ийм шийдлийг олох хэцүү байсан. Одоо байгаа тогтолцоогоороо явбал 20 жилд 40 евростандартыг л нэвтрүүлэх хурдтай ажиллана. Иргэдэд харин “байгаа тогтолцоо нь л энэ” гэсэн “төрийн албан хаагчийн” хээгүй хариултыг л хэлээд сууж байх байсан. Би тэгэхийг хүсээгүй. Бид 160 орчим евростандартыг нэвтрүүлэхээр Стандарт хэмжил зүйн газрынхантайгаа зориглон ажилласан. Цаашид үүнд “болно, бүтнэ” гэдэг бүтээлч сэтгэлээр хандаж үргэлжлүүвэл хүндээ илүү хүртээлтэй байх болов уу. Мэдээж ажлыг ийнхүү урагшлуулж байх хугацаандаа стандартын хууль тогтоомжоо илүү боловсронгүй болгон хөгжүүлэх шаардлагатай.  Тухайлбал зөвхөн монгол хэл рүү орчуулж баймаажин евростандартыг нутагшуулдаг өнөөгийн тогтолцоо технологийг ийм хурдацтай хөгжлийн үед биднийг их хоцрогдуулна шүү.

Евростандартыг нэвтрүүлэх дээрхи санаачилгын зэрэгцээ барилгын чанар, стандартын хяналтын тогтолцоог сайжруулж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрыг сайдынхаа зөвлөлд төдийгүй барилга хүлээн авах комисст оруулсан. Чингэснээр иргэдийн төлөө гэсэн дуу хоолой, хяналт барилгыг баригдаад дууссаны дараа биш, харин баригдах явцад нь нөлөөлөх бололцоо бүрдсэн. Товчхондоо энэ салбарт байх хугацаандаа би үйл ажиллагаагаа хааш нь чиглүүлэх вэ гэдгээ эхнээсээ тодорхой тунхагласан. Тэр чиглэлээсээ хазайгаагүй. Эхний удаад хүмүүс анзаараагүй байж болох ч эцсийн дүндээ энэ бодлого тасралтгүй, зогсолтгүй үргэлжлээд явж байгаа.

 -Ипотекийн зээлийг олгохдоо урьдчилгаа төлбөрийг нь орон сууцны үнийн дүнгийнх нь 10 хувь тэнцүү байхаар тооцож,үнийн дүнгийн 20 хувьд нь Засгийн газар 200 тэрбумын баталгаа гаргана гэсэн ч энэ жилдээ 100 орчим тэрбумыг тусгалаа. Энэ мөнгө хэчнээн иргэнд хүрэлцэх бол. Энэ баталгааг жил бүр гаргах уу?

-Ямартай ч хэрэгжих болж буй нь л чухал. Нарийвчилсан мэдээлэл байхгүй болохоор эхний алхам хийгдэж байгаа юм байна гэж таамаглаж байна. Үе шаттайгаар цаашдаа хийгдээд явах нь гэж харж байгаа. Шинээр томилогдсон Барилгын сайд ч, Сангийн сайд ч энэ бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн. Шийдвэрийг гаргасан Засгийн газрын тэргүүн хэвэндээ байгаа. Тэгэхээр өөрийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэдэг. Тэд тэр байр сууриа хадгалж буйд баяртай байгаа. Учир нь энэ бол улс төрийн шинж чанартай алхам байгаагүй. Манайх шиг эдийн засаг нь ийм хүнд байдалд орсон улс орнууд нэгдүгээрт үл хөдлөх хөрөнгийнхөө зах зээлийг тогтворжуулахад анхаардаг. Өөрөөр хэлвэл аль ч нам, улс төрийн хүчин бай ийм арга хэмжээг л авдаг. Хэдэн иргэнд хүрэлцэх вэ гэдгийг өнөөгийн байрны үнийн дундаж дээр үндэслэж тооцох учиртай. Үнийн дүн бууран өөрчлөгдөж буй тул зээл хүрэх өрхийн тоо ч өөрчлөгдөж таарна. Гэхдээ одоо бол би албан ёсны мэдээллийн гадна байгаа хувь иргэн тул тоо баримтгүйгээр таамгаараа яримгүй байна. Холбогдох байгууллагууд нь шинэ тоо, шинэ үнийн бүтцээ харгалзаад тооцоо хийж байгаа байлгүй дээ. Ажлаа хийж буй албаны хүмүүсийн урьдуур ороод яриад байх нь ч зөв биш.   

Энэ баталгааг жил бүр гаргах уу гэдгийг ирээдүйн засгийн газруудын өмнөөс хэлээд байх нь хэцүү. Гэхдээ манай улс орон сууцжуулалтыг түргэтгэн хөгжүүлье л гэж хүсч байгаа юм бол ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулах хэрэгтэй. 30 хувь гэдэг бол дэндүү өндөр босго. Доор дурдсан энгийн хүснэгтээс л манай урьдчилгаа хэт өндөр байгаа нь илт харагдана.

Дээрхээс харахад манай ипотекийн зээлийн урьдчилгаа бусад орныхоос өндөр байгаа нь харагдаж байгаа юм. Хүү нь ч гэсэн бусдынхаас өндөр талдаа. Урьдчилгаа төлбөр, хүү хоёрыгоо нийлүүлээд зээлдэгчид ирж буй дарамтаа тооцвол хөгжиж буй орны иргэнд ахадсан дарамт бий болоод байгаа юм. Өндөр хөгжилтэй орнуудын өндөр орлоготой иргэдтэй манай иргэдийг харьцуулахын аргагүй гэж хүн хэлж магадгүй. Харин эсрэгээрээ өндөр орлоготой хүмүүст 30 хувь ахадхаар байгаа тул түүнээс хавьгүй доор босго төлбөрийг тавьж өгөөд байгаа юм шүү дээ. Тэгэхээр манай иргэдэд зүгээр л бууруулах ёстой. Жишээлбэл, АНУ-ын ипотекийн зээлүүдээс 3 хувийн урьдчилгаатай ипотек нь яг манай ипотекийн тогтолцоотой ижил төстэй нь юм шүү дээ. Учир нь тэндхийн хамгийн жижиг байрнууддаа энэ зээлийг өгдөг. Манай ипотек 80 кв.м хүртэлх байр хэмээн хязгаарласнаараа зах зээл дээрх хамгийн жижиг байрнуудаа л энэ зээлэнд хамруулж байгаа юм шүү дээ. Гэтэл америкийн ийм зээлийнх нь урьдчилгаа төлбөрийн хэмжээ манайхаас даруй 10 дахин бага байгаа юм. Тэгсэн хирнээ тэдний нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ манайхаас бараг 10 дахин их. Тиймээс л бодлогын өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлага байгаа. Ипотек гэхээрээ л заавал урьдчилгаатай, тэр нь заавал 30 хувь байдаг зүйл биш шүү дээ. Бүр урьдчилгаагүй ипотекийн зээлтэй ч улс орон байдаг. Манайд бол энэ эртдэнэ.


Тухайн үеийн Засгийн газар чинь иймэрхүү хийрхэлтэй зүйлийг хийе гээгүй. 30 хувийн урьдчилгаагүй, тэрнээс хавьгүй бага урьдчилгаа бүхий ипотектэй орнууд өнөөдөр ч үүнийгээ үргэлжлүүлээд байгаа нь эдгээр ипотек нь өнөөх “хортой” “муу” ипотек биш гэдгийг л харуулаад байгаа юм. Ипотекийн “хортой”, “хоргүй” нь уг зээлийн урьдчилгаа их багаас хамаардаггүйг эрхбиш хэзээ нэгэн цагт манай зарим “мэдлэгтэй” эсэргүйцэгчид хүлээн зөвшөөрөх байлгүй дээ. Энгийнээр зүйрлүүлвэл дэлхий дээр цөсний хагалгааг дурангаар хийдэг болчихоод буйг харгалзаад Монголд дурангаар хийдэг болгоё гэхээр хучинсаг үзэлтэй мэс засалчид нь “үгүй, манай улс өөр, тиймээс ил хагалж хийдэг хэвээрээ  байна” гээд гөжөөд байгаатай адил юм уу даа. Зүгээр л бусад оронд байдаг зөв зүй тогтол руу л явъя гээд байгаа юм. Тиймээс алсдаа төрөөс баталгааг гаргадаг ч бай, гаргадгүй ч бай ипотекийн урьдчилгаа төлбөрийн хэмжээ дорвитой буусан түвшинд тогтоно. Энэ бол зүй тогтол. Үүнийг урьдчилан харахын тулд мэргэн түргэн байх шаардлаггүй.


 -Та сайд болмогцоо барилгын салбарыг Хүн-Хэрэглэгч төвтэй салбар болгож байгаагаа зарласан. Энэ нь тухайн салбартаа болон иргэдэд яг ямар ашигтай байсан бэ?

-Хуучин бол барилга салбар бусад аль ч салбарын нэгэн адил тухайн салбарынхан төвтэй, тэдгээрийн л “вант улс” маягтай байдаг байсан. Мэдээж барилгын салбар эцсийн эцэст хэрэглэгчидэд чиглэсэн л үр дүн авчирдаг байсан. Гэхдээ энэ нь нөгөө салбар төвтэй бодлогын хэрэгжилтийн дүнд л гардаг үр дагавар байв. Бодлого нь боловсрогдохдоо эхлээд салбар төвтэй болохоор салбарын тэлэлт, ажлын байр, хөрөнгө оруулалт, татвар зэрэг асуудлуудад түлхүү анхаардаг байх жишээтэй. Ийм тохиолдолд өнгөц харахад иргэдэд байр адилхан нийлүүлэгдсээр л байна. Гэхдээ аль болох олон байрыг чанарыг нь онцгой харгалзахгүйгээр л нийлүүлэх бодлого явна. Энэ өнцгөөс харахад иргэдэд байр очиж байна уу, очиж байна. Бүр аль болох олон очиж байгаа юм. Өөрөөр хэлвэл хэрэглэгч төвтэй бус бодлогын дүнд гарах үр дагавар нь тааруухан чанартай олон байрыг нийлүүлж байхад бодлогын зорилт хангагддагт оршоод байгаа юм. Харин  хэрэглэгч төвтэй болоод ирмэгц барилгын салбарын нөгөө л нэг дээр ярьдаг хөрөнгө оруулалт, татвар, ажлын байрны тогтолцоо чинь иргэдэд чанартай байр нийлүүлэх үйлдвэрлэл, угсралтын үйл ажиллагааг дэмжихүйц байна уу, үгүй юу гэдэг шалгуурыг тавиад эхэлж байгаа юм. Ийм бодлогыг хэрэгжүүлээд эхлэхэд, наад зах нь, шүүх дээр маргаан гарахад л түүнийг зохицуулах хуулийнх бүтэц агуулга нь юуны түрүүнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаасаа үйлчилдэг байхад орших юм.

Барилгын салбарыг хүн төвтэй болгоод эхлэхэд хямдхан үнэтэй байрыг аль болох олныг бариад аль болох өндөр үнэтэй зараад л хэрэглэгчидтэйгээ хялбархан бөгөөд түргэхэн хагацчихдаг практик үгүй болох юм. Учир нь байрны чанар, стандартыг дээшлүүлмэгц, иргэдийн эцсийн сэтгэл ханамж дээшлэх боломж нээгддэг. Иргэдийн байрандаа оруулсан хөрөнгө оруулалт ч үүний дүнд урт хугацаандаа “байр хэлбэртэйгээр” найдвартай хадгалагдаж, өсөх боломж бүрдэх юм.

Хүн-төвтэй бодлогын үүднээс Барилгын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулахад л, жишээлбэл, бид иргэдийг бүх зүйлс нь 3 жилийн баталгаагаар хаагддаг байранд оруулаад байгаа тогтолцоогоо л шинэчлэх хэрэгцээ болчихож байгаа юм. Ханын цаас, шал, сантехникийн хоолой, системэнд 3 жилийн баталгаа өгч буй бол бас яахав. Гэтэл барилгын дэд бүтэц, бат бэх зэрэг суурь бүхий л үзүүлэлтэнд энэ баталгаа хамрахаар энэ нь дэндүү шударга бус болж байгаа юм. Салбар төвтэй сэтгэлгээний нүдээр харахад энэ нь бол боломжийн мэт. Гэтэл хэрэглэгч талаасаа аваад үзвэл маш хохиролтой. Байр бол иргэдийн бараг бүх насны л хуримтлалыг шаарддаг. Гэтэл түүнд нь хүлээх хариуцлагын хугацаа зүгээр нэг орчин үеийн гар утасны баталгаат хугацаатай дүйцээд байх нь мэдээж зохимжгүй. Тиймээс барилгын хуулинд бид эдэлгээний хугацаа гэдэг ойлголтыг Япон, Орос зэрэг орнуудын жишгийг судалж байгаад нэмж оруулж өгсөн. Энэ нь барилгын хийц, материалаасаа хамаараад 40-60 жил байхаар байгаа. Харин 3 жилийн баталгаат хугацааг нь бүх зүйл бус харин зохих тодорхой зүйлсэд нь хамруулахаар төсөлсөн байгаа. Өнөөг хүртэл яваад болоод ирсэн хуучин тогтолцоо сэтгэлгээ зогсох ёстой. Эдүгээ тэр мөч нь мөн л гэж бид бодсон.

Хүн төвтэй бодлогын үүднээс хийсэн өөр нэгэн зүйл гэвэл бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг барилгын чанар стандартыг эхнээс шалгаж хянах боломжтой байлгах үүднээс сайдын зөвлөл, барилгыг хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд оруулж өгсөн. Барилга нэгэнт баригдчихсан хойно, иргэн нэгэнт мөнгө төлөөд байраа авчихсан хойно ямар ч гомдол гаргаад хохиролоо бүрэн барагдуулах боломж иргэн хүнд хязгаарлагдмал. Харин барилгын явцад нь хэрэглэгчийн төлөөх байгууллага хяналт тавьж байвал барилгын чанар стандартад эхнээсээ эерэг нөлөөлж иргэдэд очиж буй бүтээгдэхүүний чансаа эдэлгээ сайжрана л гэсэн үг.

10 хувийн урьдчилгаатай ипотекийн санаачилга ч гэсэн нөгөө хүн төвтэй бодлогын илрэл. Салбар төвтэй байсан бол хямралаас гарах урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгоод барилгар барих төслүүдэд санхүүжилт, зээл, хөрөнгө оруулалт гуйгаад явж болох л байсан. Гэхдээ энэ нь нийлүүлэгчдэд чиглэсэн, өөрөөр хэлвэл, барилгын компаниудад чиглэсэн л бодлого болох байсан. 2009 оны хямралаас “4000 айлын орон сууц” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж гарч байсан бодит жишээ бий л дээ. Харин ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулснаар иргэдээ байртаа болгох замаар хямралаас гарах/урьдчилан сэргийлэхийг боломжийг эрэлхийлсэн.

 -Улс орон даяар дагаж мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй байдлын нэгдсэн журмыг Та өлгийдөн авсан. Барилгын салбарт гарах осол аваар буурах хандлага байна уу?

-Хуучин бол ХАБ буюу хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал манайхтай хамаагүй байсан. Хэдийгээр манай яамны асуудал биш байсан ч эргээд хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал манайд наалддаг, манайхтай л яригддаг. Уг нь бол бид бодлогыг боловсруулаад, аюулгүй байдлын асуудлыг Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын газар хариуцах ёстой. Гэхдээ бид нэгэнт манай салбартай салшгүй холбоотой энэ асуудлыг тэр яам, энэ агентлаг хариуцна гээд орхиж болохгүй юм байна, бид ч бас анхаарч оролцох ёстой юм байна гэж үзсэн. Эцсийн дүндээ хэн нэгэн иргэн амьдралаа залгуулж, хэдэн төгрөг олж, үр хүүхдүүдийнхээ ширээн дээр хоол тавих гэж яваад тэр амьдралаа алдаж болохгүй. Үүн дээр бид бас бодлого боловсруулах ёстой. ХАБ-ын асуудал дээр ахиц гаргаж болох юм байна гэж миний итгэл төрсөн учир гэвэл социализмийн үед байгууллагууд дээр аваар осолгүй жилийн кампанит ажил зохион байгуулахад тэр нь 2-3 жил ч үргэлжилчих тохиолдол байдаг байсан гэдэг. Тиймээс энэ асуудлаарх хяналт, хариуцлагынх нь тогтолцоог сайжруулаад өгөхөд үр дүн сайжрах юм байна гэж итгэсэн. Энэ чиглэлд анхаарах нь бас нөгөө хүн төвтэй бодлогын нөгөө тал. Зөвхөн хэрэглэгчийг бодохгүй бас талбай дээр ажиллаж буй хүмүүсээ ч бодно гэсэн үг. Иймээс бид анх удаа улс орон даяар дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай нэгдсэн журам гаргасан.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын назгайралт эрсдэлтэй нөхцлийг зөвхөн барилгын талбай дээр ажиллаж буй хүмүүст учруулаад зогсохгүй, бас барилгын ажил өрнөж буй талбайн гортигийн гадна яваа хүмүүст ч аюул учруулж эхэлсэн. Тиймээс алдаа гарвал бүх шатанд нь хариуцлага тооцдог болгосон. Барилгын ажилд оролцож байгаа хүмүүсийн хэн нь ч хариуцлагын гадна үлдэхгүй болсон гэсэн үг. Тэр байтугай төр ч хариуцлагын гадна үлдэхгүй.

Уг нь бол барилга эхлэхээс л Мэргэжлийн хяналтынхан очиж шалгадаг. Гэхдээ бүрэн гүйцэт шалгаж чаддаг уу гэвэл үгүй. Тэгсэн хэрнээ ямарваа нэгэн асуудал гарахад урьд нь юу ч үлдээлгүй шалгасан юм шиг зөвхөн барилгын хүмүүс л буруутан болдог байсан. Харин энэ журмаар тоглолтыг шударга болгож, тухайн барилгад шалгалт хийсэн мэргжлийн хяналтын байцаагч харах ёстой юмаа харж байсан уу, тавих ёстой шаардлагаа тавьж байсан уу, тавьсан ч хэрэгжүүлэхийн төлөө явж байсан уу гэдэг дээр ч хариуцлага яригдахаар болсон. Ингээд тоглоомын гадна хэнийг ч үлдээхгүйгээр бүгдэнд нь ижил тэгш хариуцлага хүлээлгэхээр шинэ журманд тусгасан байгаа.

Мөн ХАБ-ын тогтолцоо илүү үр өгөөжтэй болгох үүднээс бид өндөр хөгжилтэй орнуудад байдаг зөвлөх үйлчилгээ гэдэг зүйлийг нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Энэ үйлчилгээ нь манай улсад замын салбарт л нэвтэрсэн байдаг. Одоо барилгын салбарт орохоор болсон. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд тухайн ажил явагдаж байгаа талбай дээр байнга байдаг. Тэд тухайн барилгын ажил яг стандартын дагуу явагдаж байна уу гэдгийг шалгаж, ажиглаж, шаардлага тавьж байх юм. Тэдний орлого зөвлөх үйлчилгээгээ хэрхэн үзүүлснээс  нь хамаарч байдаг болохоор мэдээж тэд ажилдаа няхуур хандах шаардлагатай байдаг. Ер нь бүх ажил эхэлсэн цагаасаа дуусаад хэрэглэгчид хүрэх хүртлээ л шат дараалласан хяналт, шалгалттай явах ёстой. Энэ бол ХАБ-ыг чанд сахиулах нөхцөл бөгөөд нөгөө л "Хүн төвтэй" бодлогыг хэрэжүүлэх өөр нэг арга зам юм.

 -Таныг сайд байх үед Барилгын тухай хуулийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барьсан. Ямар заалтууд нэмж оруулсан бэ. Хэзээнээс хэрэгжиж эхлэх бол?

арилгын эдэлгээний хугацааг 50, 60 жил байхаар тусгасан тухай дээр дурдсан. Энэ нь нэгдүгээрт хэрэглэгчийн эрх ашигт нийцэхийн зэрэгцээгээр үл хөдлөх хөрөнгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Барилгын найдвартай байдлын талаарх хариуцлага 3 жилээр дуусчихдаг газар энэ салбарт хөрөнгө хийхээр хэн ч орж ирэхгүй. Барилгыг ашиглан мөнгө хийнэ гэдэг бол яаж ч бодоод 3 жилээс давсан ажил. Гэтэл хөрөнгөө оруулж буй барилгынх нь асуудлаар хэн ч хэдийнээ хариуцлага хүлээхгүй болчихсон байвал хөрөнгө оруулах эрсдэлтэй болно гэсэн үг. Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр байгаа барилгын их олон нь ийм л байдалд байгаа. Эдэлгээний хугацааг ийнхүү тодорхойлж өгөх нь салбарынхандаа бас хэрэгтэй. Учир нь ийм тодорхой хязгаар тавиагүй нөхцөлд ямарваа нэгэн асуудал үүслээ гэхэд хариуцлагыг ямар нэгэн байдлаар хэн нэгэнтэй хэзээ ч хамаагүй тооцох эрсдэл үүснэ. Лав л их хугацаа өнгөрчихөж гээд зүгээр орхихгүй байх. Харин ийм хугацаатай болчихоор хэзээ хэний хариуцлага дуусч хэн рүү шилжих вэ зэрэг асуудлууд тодорхой болж байгаа юм. Эдэлгээний хугацаа нь нэгэнт дууссан барилгыг цааш нь үргэлжлүүлээд ашиглахаар бол мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхой акт, дүгнэлт гарч, хүчитгэл бэхжүүлэлт хийгээд цааш нь ашиглаад явах зохицуулалт хийгдэнэ гэсэн үг. Урьд нь барилгатай холбоотой ямар ч хууль, дүрэм, стандартад ийм тодорхой хугацаа заагдаагүй байсан.

2008 оны хуультай харьцуулах юм бол барилгын компаниудын тусгай зөвшөөрлөө авахад нь, барилгаа эхлүүлэхэд шаардагддаг зөвшөөрөл, гарын үсгийн тоог эрс бууруулсан. Бараг 10 дахин бууруулсан гэж хэлж болно. Харин 2012 оны Засгийн газрын тогтоолоор нэлээд их нэмэлт өөрчлөлт ороод, энэ зөвшөөрөл олгодог гарын үсгийн тоо, зөвшөөрөл авахад шаардагддаг ажлын хоногийн хугацаа нэлээн багассан байсан. Тэр богиносчихсон хугацаатай харьцуулахад ч хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шаардагдах болж буй хугацаа нэлээдгүй  багасгасан. Тусгай зөвшөөрлийг гурван жилээр л олгодог байсан. Дөрвөн жил тутамд сонгууль болдог оронд гурван жил тутам тусгай зөвшөөрлөө сунгуулах гэж даргын үүдэнд суудаг байсан тогтолцоог халж, өөрчилж байгаа. Учир нь өмнөх тогтолцоо бизнесүүдэд сонгуультай холбоотой санхүүгийн дарамтыг бий болгох эрсдэлтэй гэж үзсэн. Одоо тусгай зөвшөөрлийг сунгавал 5 эсвэл 10 жилээр шууд сунгадаг болгохыг санал болгож байгаа. Энэ мэт нэлээд олон өөрчлөлтийг барилгын шинэ хуульд тусгасан.

  үрээсийн орон сууцны хөтөлбөр Та санаачлан батлуулсан. Эхнээсээ хэрэгжээд явж байна. Энэ хөтөлбөрийн талаар Та юу хэлэх вэ?

-Энэ хөтөлбөрийн цаад зорилго юу гэхээр өнөөдөр түрээсийн орон сууц гэдэг боломжийг иргэддээ хангалттай хэмжээгээр нээж өгөх хэрэгтэй байна. Яагад гэвэл иргэдийн орлого өндөр биш. Хүн болгон байр худалдан авч чадахгүй байна. Гэхдээ залуу гэр бүлүүдийн хувьд өнөөдөр хангалттай орлоготой биш ч маргааш орлого нь өсөөд явах боломжтой. Тэгтэл дөнгөж ажил төрлөө эхэлж байгаа залуу гэр бүлүүдэд үзүүлэх орон сууцны хангамж манайд хангалттай байдаггүй учир үүнийг бий болгох ёстой. Ер нь 2014 оны байдлаар аваад үзэхэд Улаанбаатар хотод нийт 22 мянган өрх түрээсийн орон сууцанд амьдарч байгаа судалгаа байдаг. Монголын нийт хүн амын тал нь амьдарч буй газар гэдэг талаас нь авч үзвэл дээрх тоо түрээсийн орон сууцны зах зээлийг байхгүйтэй адилхан гэж харуулж байгаа юм. Зах зээлийн судалгаагаар түрээсийн орон сууцны олдоц бага, үнэ нь өндөр байгаа. Тиймээс үүнийг тэлж өгөх хэрэгтэй. Байрны түрээсийн үнэ ипотекийн зээлийн сар бүр төлөх мөнгөнөөс бага байж гэмээнэ хүмүүс түрээсийн байранд орно. Үгүй бол хүмүүс ипотекийн зээлээ аваад байртай болсон нь дээр болж хувирна.

  -Евро стандарт ч мөн адил чанарыг баталгаажуулахад чиглэсэн. Энэ бас хүн төвтэй бодлогын илрэл байх?

-Барилгыг эдүгээг хүртэл хүнд л зориулж барьж байсан. Тэгэхдээ бүх шаардлагыг эцэст нь тултал гүйцээхгүй болохоор өнөөдөр барилгын чанар, стандарт ямар байгааг бид бүгд л мэдэж байгаа. Хүн байранд хөрөнгө оруулалт хийхдээ хүүхэддээ өвлүүлнэ гэж авдаг. Тэгтэл чанар муутай барилга жилээс жил ирэх тутамд элэгдэж, хорогдоод, хямдрах тал руугаа ордог. Ийм байж болохгүй. Үл хөдлөх хөрөнгө бол иргэдийн хуримтлал. Иргэдийн хуримтлалыг төр хүндэтгэдэг байх ёстой. Тэрнийхээ төлөө чанар гэдэг зүйлийг оруулж ирэхээс өөр ямар ч сонголт байхгүй. Дэлхийн барилгын хөгжлийг харвал бидэнд үнэхээр гүйцэгдэхээргүй хурдацтай хөгжиж байна. Манай техникийн шаардлага, стандартын систем энэ байдлаараа байвал хэзээ ч гүйцэхээргүй болж байна. Тэгэхээр евро стандартыг баримтлая гээд байгаа маань дэлхийн барилгын хөгжилөөс хол хоцрохгүй, хөл нийлүүлэн явах л хүсэл, эрмэлзлэл юм.Үүнд зохицуулж хөгжихийн тулд бид дотоодын бодлого, хууль дүрэм гээд маш олон зүйлээ өөрчлөх ёстой. Төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх вэ гэхээр энэ стандартуудыг жигд болгох хэрэгтэй. Шинэ технологи, шинэ материал оруулаад ирэхээр стандарт нь байхгүй. Тийм учраас хил гааль дээрээсээ эхлээд л асуудал гараад, хувийн компаниуд өөрсдийнхөө хөрөнгөөр стандарт батлуулах гээд явж байгаа энэ тохиолдолд бизнес эрхлэгчдэд маш хүндрэлтэй. Тиймээс төр аль болох хурдан хугацаанд хүнд сурталуудаа багасгаад, шинэ стандартуудыг батлах хэрэгтэй. Европынхан мөнгөндөө хахаж, цацсандаа үнэтэй юм хэрэглээд байдаг юм биш. Чанартай юмыг хэрэглэхэд алсдаа хэмнэлттэй байдаг учраас л тэгж байгаа юм. Эцэстээ өндөр орлоготой европчууд аливаа бараа үйлчилгээг бага орлоготой маниудаасаа бага эсвэл ижил үнээр хэрэглэж байгаа болж таардаг. Тэгэхээр бид ч бас тийм систем рүү шилжихгүй бол хямдхан зүйл аваад хоёр жил болгон солиод байхаар сүүлдээ 10 жил хэрэглэгдэх зүйл нэг удаа авсанаасаа илүү их зардал гаргачихсан байдаг. Ийм л үрэлгэн тогтолцоотой байна. Тийм болохоор бид евро стандарт руу шилжих хэрэгтэй.

-Үл хөдлөх хөрөнгийн салбарын статистик судалгааг боловсруулж, хөрөнгө оруулагчдыг нэлээд татсан. Эхнээсээ орж ирж байгаа юу?

-Үл хөдлөх хөрөнгийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татна гэдэг бол Монгол Улсын алс ирээдүйн хөгжлийн нэмэлт гарц. Энэ үүднээс бид шинэ өнцгөөс, шинэ судалгааг гаргаж ирсэн. Ингэснээр гадныханыг татах танилцуулга, мэдээллийн баазыг бий болгож, өөр түвшинд ажиллахыг хичээсэн. Сүүлийн арав гаруй жилийн статистик мэдээллийг  хөрөнгө оруулалт талаас нь аваад үзэхэд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт маш эрчимтэй өсөөд унаж байхад барилгын салбар яг зөрөөд л өсч байсан нь харагддаг. Тэгэхээр барилгын салбар бол уул уурхайн салбарын мөчлөгийг сөрж явах боломжтой салбар болох нь харагдаад байгаа юм. Энэ утгаараа Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг харьцангүй тогтворжуулахад ашиглах боломжтой харагдаад байгаа. Тиймээс төрөөс энэ салбарыг дэмжиж байх нь зөв. Сүүлийн дөрвөнхөн жилийн үзүүлэлтийг харахад л энэ салбарын хөгжил огцом (5 дахин) өссөн тоо гарч байна. Гадны ямар ч улс орны хөрөнгө оруулагч энэ үзүүлэлтийг хараад үүний ард маш эрчтэй эдийн засгийн өсөлт явж байсан байна гэдгийг ойлгоно. Гадныхантай ярихдаа би 2010-2012 оны үзүүлэлтийг жишээ болгон ярих дуртай. Учир нь энэ хугацаанд барилгын салбар руу засаг их хэмжээний мөнгө “шахаагүй” байсан. Тэгэхэд барилгын салбар өсөлт бараг хоёр гаруй дахин өссөн байдаг. Тэгэхээр энэ салбар өөрийн дотоод нөөц бололцоогоороо бүтэн нугарч өсөх нөөцтэй гэдгийг харуулаад байгаа юм шүү дээ. Мэдээж гадны хөрөнгө оруулагчид "Ийм хурдацтай нэгэнт хөгжчихсөн юм бол цаашид энэ хурдаараа өсөх боломж байгаа юм уу, авдаг хүмүүс нь аваад дуусчихсан юм биш үү?" гэж асууна. Тэгтэл манай нийт хүн амын 30-ад хувь нь л өнөөдөр тохилог, орчин үеийн орон сууцанд амьдарч байгаа. Цаана нь гэр хороололд амьдарч байгаа 70 хувь байна. Улаанбаатар хотын хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарч байдаг. Өөрөөр хэлбэл, цаашид байрны хэрэгцээ өндөр хэвээр л байна. Эдийн засаг хямралаас гарч, хөгжихийн хэрээр дээрх хэрэгцээ зах зээл буюу эрэлт болон хувирна. Тэгэхээр барилгын салбар цаашид ч хөгжин тэлсээр л байх болно. Төрийн зүгээс үндэсний хөгжлийн бодлогын бичиг баримтууддаа ч бид 2021 он гэхэд хүн амынхаа 67 хувийг орон сууцанд амьдруулахаар тооцож байгаа.

Шинэ судалгаа, мэдээлэл, танилцуулга боловсруулснаар бид гадны маш олон хөрөнгө оруулагчдад барилгын салбараа эерэг талаас нь амжилттай танилцуулж чадсан. Тиймээс ч нэлээд бодитой үр дүн гарч байгаа. Хэдийгээр хямралтай цаг үе байгаа ч гадны хэд хэдэн томоохон хөрөнгө оруулагчид ирж, манай компаниудтай уулзаж, гэрээ хэлэлцээрээ хийж байна. Гадаадын үл хөдлөх хөрөнгийн томоохон компани болох Re Max Монголд саяхан үүд хаалга нээлээ. Энэ бол үл хөдлөх хөрөнгийн ийм хэмжээний компани Монголд орж ирж буй анхны тохиолдол.

-Та хангалттай хугацаанд сайд байж чадаагүй. Цаашид хийж бүтээхээр төлөвлөсөн ажлууд зөндөө л байсан байх?

- Хийнэ гэж бодож, төлөвлөж байсан зүйлс нэлээн олон үлдсэн. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэйгээс хойш ажиллах боломж олгогдсон хугацаанд нь л чадахаараа мэрийж зүтгэв. Гэхдээ төрийн гадна ч бай, дотор ч бай би барилгын салбарынхантайгаа нягт хамтарч ажилах замаар уг салбарын хөгжилд хувь нэмэр оруулсаар байхыг хичээнэ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.