TIMES Ярилцлага


П.Шүүдэрцэцэг: Хүйтэн хөнжлийг миний алдар нэр дулаацуулахгүй учраас гэр бүлээ би нэгдүгээрт тавина

1 жил, 2 сар TIMES.MN

Жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй ярилцлаа

ХААИС-ийн оюутан яагаад СУИС-ийн оюутан болсон тухайд яриагаа эхэлье гэж бодлоо?

 10 дугаар ангиа төгсөөд, гадаадад сурна гээд уралдаант шалгалтаа өгөөгүй.Тэгээд нэг жилийг ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлээд,дараа жил нь хэд хэдэн сургуулийн хуваарь дээр өрсөлдөөд, бүгдэд нь тэнцсэн ч хайнга байдлаасаа болоод бусад хувиараа алдаад, ХААИС-ийн маркетинг менежментийн чиглэлээр суралцах болсон.Тэр үед сониучхан гэнэн зангаар оффесийн ажил гоё гэж боддог байсан маань ч бас нөлөөлсөн байх. Багаасаа бүжгийн дугуйланд явдаг урлагт сонирхолтой хүүхэд байсан болохоор гэрийнхэн маань урлагийн хүн болно гэж боддог байсандаа тэр үү СУИС-д ор гэж  зөлөхөд нь би хүлээж аваагүй. Ер нь бол би хүүхэд байхын биеэ даасан аливаа асуудлыг гэр бүлийнхнийхээ оролцоогүйгээр ихэнхдээ өөрөө шийддэг байсан.

Ээж аав нь  амьдралын янз бүрийн шалтгаанаар гадагшаа явснаас эмээ өвөө дээрээ өссөн, эсвэл айлын ууган хүүхэд бусдаасаа илүү хэрсүү  биеэ даасан байдал ажиглагддаг. Чиний хувьд..?

Ээж минь намайг өсгөсөн. Аавгүй өссөн маань нэг талаар намайг хэрсүү болгосон байж магадгүй. Амьдрал дээр аавгүй өссөн хүүхдийн зарим нь ухаантай зөв бодолтой явж байхад, толгой томтой буруу хүн болж өсч байгаа нь ч харагддаг.Би өөрийгөө магтаж байгаа хэрэг биш л дээ. Гэхдээ өөртөө зөв бас эзэн байхын төлөө хичээж яваа. Би дээр хэлсэн шүү дээ. Багаасаа бүжгийн дугуйланд явсан гэж. Урлаг бас хүнд тэвчээрээс гадна бие даах чанарыг төлөвшүүлж өгдөг.

Хэдэн настайгаасаа бүжгээр  хичээллэсэн гэж?

7 настайгаасаа 11 жил хичээллэсэн. 6 настай байхад ХБК-ийн төгөлдөр хуурын ангид шалгуулахдаа их хөгтэй. Уг нь бусад бүх шалгалтандаа тэнцсэн мөртлөө дуул гэхэд нь  дуулахгүй гээд шүдээ зуугаад зогсчихгүй юу.

Яагаад?

Бас л миний өөрийнхөөрөө байх гэдэг зангаас болохгүй юу. Бага байхын зөрүүд, ер нь жаахан ааширхаг. Зүгээр л энгийн сургуульд ормоор санагдаад.

Тэгээд тэнцээгүй гэж үү?

Тэнцээгүй. Ээжид маань танай хүүхэд дуулах хүсэл алга аа гээд гаргасан. Одоо би боддог. Тэр үеэс ХБК-д суралцсан бол цаг алдахгүй багагүй зүйл хийх байж дээ гэж. ХААИС-д 3 дахь жилдээ сураад явж байсан чинь анхнаасаа СУИС-д ордог байж гэж бодогдоод болдоггүй.


Тийм амархан бодлоо өөрчлөхөд юу нөлөөлчихөв?

Миний ааш юм шиг байгаан. Хөндлөнгөөс харсан хэнд ч учир нь олдохгүй.Хаврын тэнгэр шиг.

Уйдамтгай гэж үү?

Уйдамтгай бол биш. Биеэ даасан байдлаараа тэр үү . Өөрийнхөө бодолд бат зогсох дуртай. Ерөнхийдөө янз янзын ааш гарна аа. Муу ааш гэвэл их зөрүүд, ихэнх шийдвэр алхмыг өөрөө гаргадаг. Тэр зангаараа өөрийнхөө амьдралыг өөрөө л бүтээж яваа. Ээж маань ч хэлдэг. Та нараас болж гэдэг үгийг бидэнд хэлэхээргүйгээр чи өөрөө л энэ замаа сонгож яваа гэж.

Чинийхээр бол энэ зангаасаа болж алдсан нь юу вэ?

Цаг хугацааг. Их дээд сургуульд 8 жил сурлаа шүү дээ. Оройтож урлагийн сургуульд орсон.СУИС-д жүжигчний шалгалт өгч чадаагүй. Оноогоороо урлаг судлаачийн ангид орохдоо дараа нь жүжигчний ангиар солиулж болох байх гэж бодсон боловч энэ нь амар бүтэх зүйл биш байсан. Нөгөөтэйгүүр шалгалт өгөх хугацаанд нь өгч чадаагүйгээсээ жүжигчний ангид орж чадаагүй.Одоо эргээд бодохоор жүжигчин болох хувь тавилангүй байсан юм байлгүй дээ.

Гэхдээ л хэд хэдэн кинонд  тоглоод амжсан.”Валентиний захидал“ кинонд тоглосноор чинь   хүмүүс чамайг их үнэлдэг.Аливааг шууд хэлчихдэг шулуун зан чинь ч бас уран бүтээлд чинь илэрдэг байж  мэдэх юм?

2009 онд анхныхаа кинонд тоглож байсан.”Хайрлаж болох уу” гээд дараа нь “9009”гэдэг кинонд тоглосон. 2011 онд “Валентиний захидал” кинонд тоглоход өмнөхөөсөө багагүй туршлага хуримтлуулснаас гадна олонд таниулж өгсөн. Энэ киноны Сондор дүрдээ хайртай. Анх дүрээ яаж амилуулахаас эхлээд мэдэхгүй зүйл их байсан ч хамтран тоглож байсан хүмүүс бүгд л тусласан. Гэхдээ би өөрийгөө байнга голдог.

Анх кинонд тоглох эхлэл яаж тавигдав?

 2008 онд “ Шилмэл загавр” гээд загварын агентлагт сурч байсан. Тэндээсээ “Монгол модел” агентлагт байхад киноныхон ирж санал тавьсан л даа. Загварын дамжаанд сурдаг хүүхдүүд  голдуу өндөр. Би болохоор 168 см өндөртэй. Хамаагүй намхан. Тиймээс ямар нэг загварын шоунд оролцуулах сонгон шалгаруулалтанд намхан нуруутайгаасаа болоод гологдчихно. Гологддогоо мэдэхгүй сонгон  шалгаруулалт болохоор л яваад очино. Минмй хувьд загварын тайзан дээр алхах дуртай байсан. Сүүлдээ энэ миний  хийх ажил биш байна гээд шантраад больсон. Гэхдээ тэнд байхдаа анхныхаа кинонд тоглох урилгыг авсан. Дээр нь тайзан дээр биеэ авч явахыг сурсан гээд үр өгөөжөө өгсөн зүйл их бий.

   Харин ч илүү боломж нээж өгсөн юм биш үү?

 Тийм ээ анхны киноны урилга авснаар олон боломж нээгдсэн. Нэг хаалга хаагдахад дараагийн хаалга нээгдэж байдаг гэдгээрээ амьдрал маш арвин баялаг. Амьдрал тэр чигээрээ боломж байдаг. Тэр боломжийг алдах уу, авах уу гэдэг тухайн хүний шийдэх хэрэг. Миний хувьд аль болох өөрийгөө  завгүй байлгаж хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.

Зарим хүн Шүүдэрцэцэг юм болгонд навсагнаад,ямар их завтай юм бэ гэж ярьдаг. Залуу нас их богинохон шүү дээ. Эргээд тийм юм хийдэг байж гэж харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй.

Бас өөрийгөө олж авах чухал.Нөгөөтэйгүүр хүслээ гүйцээхийн төлөө шантрахгүй явах хэрэгтэй.Яг одоо би өөрийгөө олж авсан гэж боддог.

Чиний амьдралд ханддаг үзэл баримтлал?

Миний  чиг шугам зарчим  хөдөлмөрөөрөө өөрийн үнэт зүйлээ босгоно гэдэг байр суурьтай байдаг. Хэн нэгэн мөнгөтэй эрхэмийн тусламж дэмжлэг хэрэггүй. Амархан аргаар мөнгө олдог гэдэг ойлголт дээр эсрэг байр суурьтай байдаг. Надад бусдаас дутах зүйл байхгүй. Миний дөрвөн мөч хөдөлж байгаа цагт мөнгө олдоно гэж үздэг. Өөрийнхөөрөө байх дуртай. Нөгөөтэйгүүр хүн бүртэй сайхан харьцъя гэхээр нялцаганасан болдог.Харьцахгүй бол их зантай гэнэ. Намайг ямар нэг эерэг сөрөг коммент үргэлж дагадаг. Гэхдээ би бүх хүнээс эерэг коммент авахын төлөө байхыг хүсдэггүй.

Ээж тань чиний амьдралд, чиний төлөвшилд ямар нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?

 Миний ээж яг л найз шиг минь байдаг болохоор  илэн далангүй харьцаж чаддаг.Ээжийн үгийг дагахад барагтай бол алдахгүй. Гэхдээ тэрсэлдэх үе зөндөө. Эх хүн гэдэг хүний амьдралын хамгийн үнэтэй зүйл учраас болж өгвөл гомдоохгүй, зовоохгүй байх ёстой л доо. Би өөрөө зөрүүд ааширхаг болохоор багын өөрийнхөөрөө загнаж ээжийгээ байнга гомдоодог байсан. Бүр  тангараг тасаръя гэж байсан үе  хүртэл бий. Тэгээд хэсэгтээ юу ч бодохгүй юм шиг  омголон ойворгон зангаараа явж байгаад сүүлдээ эргээд царай алдаж уучлал гуйдаг. Ээжтэйгээ санаа бодол нийлэхээр бүх юм бүтээд, сайхан болдог. Жаахан маргалдаад хэсэг холбоогүй явахаар цаанаа л дотор сэтгэл хөндүүртэй, чулуу дараад байгаа юм шиг байдаг. Эх үрийн холбоо гэдэг  л  тэр байх.  Ер нь бүхий л зүйлээ асуудаг. Ээждээ маш их хайртай.   

Ярианы туршид бүх юмыг сорьж үзэх хүсэл эрмэлзэл ихтэйг чинь анзаараад байна л даа. Гэхдээ олон зүйлд дурлах нь  ихэвчлэн эрсдэл ихтэй байдаг.Нэг чиг шугамаараа байвал үр дүн гардаг нь  амьдралын бичигдээгүй хууль?

Аливаа зүйлийг чаддаг байвал бас гоё шүү дээ. Чадахгүй гэж байснаас.

Анх бүжгээр урлагтай холбогдсон гэлээ.Тэгэхээр бүжиг чамайг өөрийгөө нээх эхлэл байсан гэж ойлгож болох уу?

Тийм ээ .

Бүх төрлөөр бүжиглэх үү?

Балет, брек хоёроос бусдаар нь бүжиглэнэ ээ.

Анхны том урам гэвэл?

Бүжгийн маш олон тэмцээнд орсныхоо төлөө авсан медаль цөөнгүй бий. Шагналаа  авах бүрд өвөө маань мялааж байна гээд мөнгө өгдөг байсан нь анхны урам юм болов уу. Бас нэг том урам нь 2008 онд миссийн тэмцээнд ороод “Уран гар “гэдэг монгол бүжгээр  титэм  авч байсан. Энэ титмийг авахад бүжиг нөлөөлсөн байх гэж боддог.

Жүжигчин гэхээсээ илүү мисс гэдэг тодотголоор чинь хүмүүс яриад байдаг?

Би одоо хүртэл энэ алдартаа хайртай. Харин жүжигчин гэдэг нэрээс эмээгээд байдаг. Яагаад гэвэл би мэргэжлийн жүжигчин биш. Жүжигчин хүний хамгийн том шалгуур бол дүр бүтээх. Миний хувьд дүр бүтээж амжаагүй байгаа. Цаг хугацаа мэдлэг туршлагын хувьд ч яагаа ч үгүй байгаа. Миссийн тэмцээн бол өөр. Одоо хүртэл миссийн тэмцээнд орсон бичлэг  байдаг. Тэр үеийн торгон мэдрэмжийг мартдаггүй. Миссийн тэмцээнд орсон маань надад олон гарц, боломжийг нээж өгсөн.

Мөрөөдлийн дүр гэвэл мэдээж байдаг биз дээ?

Миний мөрөөдлийн дүр эрэгтэй хүн болж жүжиглэж үзэх. Яагаад ч юм эрэгтэй хүний биенд орж жүжиглэж үзэх юмсан гэж боддог. Эрэгтэй хүн ямар байдаг, юу бодож сэтгэдэг, ямар үзэл бодолтойг  мэдрэхийг хүсдэг. Бас монгол хатны дүр бүтээхсэн гэж боддог.

Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад ном унших шаардлага их гардаг байх?

Тийм ээ. Ялангуяа Шекспирийг их уншдаг. Сургуулиа төгссөнөөс хойш кино зохиол их уншиж судлаж байгаа. Ном уншихаараа би их хачин зуршилтай. Дөрвөн ном зэрэгцүүлж тавиад сэлгэж унших дуртай. Нэг номыг дуустал уншихгүйгээр нөгөөг нь эхлүүлээд, дараагийнхийг нь дундаас нь унших зэргээр.

 Тэгж уншихаар уншсан  болдог гэж үү?

Сонирхолтой байдаг юм. Олон төрлийн ном сольж  унших дуртай.

"Иог нь залуу байдлаа хадгалах хүчтэй зэвсэг"

Амралтын өдрийг яаж өнгөрүүлдэг вэ?

Гэртээ амарна. Найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх дуртай. Мэдээж гоо сайхандаа цаг зориулна. Иог хийнэ.

Иогийн ач холбогдол чиний хувьд?

Эрүүл мэндэд их тустай. Ялангуяа эмэгтэйчүүдэд.Тэр дундаа эмэгтэй хүний сав, бөөр нуруунд сайн. Эрүүл мэндээ хамгаалж байна гэдэг ухамсрыг өгдөгөөрөө давуу. Иогийг  хийснээр гэгээрсэн  мэт  амар амгалан болдог. Миний хувьд хачин сайхан ааштай болдог. Заримдаа бидэнд юуны төлөө ажиллаад байгаагаа мэдэхгүй үе байдаг.Мөн өнгөрсний тухай ирээдүйн талаар боддог мөртлөө одоо үедээ анхаарал тавьдаггүй.Иог нь эрүүл мэнд, уян хатан, гоо сайханд хүртэл тустай. Бас туръя гэж санаа зовоход хүргэдэггүй. Иог хийснээр аяндаа турдаг. Залуу бие организм, залуу арьс үсээ хамгаалах хүчтэй зэвсэг гэсэн үг.

Залуу насандаа карьер хөөж,мөнгө хурааж амьдралын баталгаагаа олох ёстой гэх үзэл байдаг?

Гэхдээ амжилт миний хамгийн чухал зүйл биш. Гэр бүлийг нэгдүгээрт тавина. Гэр бүл бат бэх байж байж амжилтанд хүрнэ. Хүйтэн шөнөөр намайг уйлаад хэвтэж байхад амжилт миний нулимсыг арчихгүй. Хүйтэн хөнжилд намайг унтаж байхад тэр амжилт, нэр алдар дулаацуулахгүй. Тэгэхээр гэр бүл их чухал. Үүнд маш няхуур хандахыг хүсдэг учир хүн бүхнийг хувийнхаа амьдралд оролцуулахыг хүсдэггүй. Хүмүүсийн нөлөөлөл их байна л даа. Гэхдээ миний амьдралаар хэн ч амьдрахгүй.

 Чинийхээр эмэгтэй хүн ямар  байх ёстой вэ?

Бусдын тухай гэхээсээ илүү өөрийгөө ямар байх ёстой вэ гэж ярьсан нь дээр байх. Эмэгтэй хүн гэдэг бурхны төгс бүтээл. Эмэгтэй хүн маш эмзэг мэдрэмтгий  мөртлөө биедээ ахадсан тэвчээртэй,уян зөөлөн нинжин сэтгэлтэй. Хорон санаа барагтай бол гарахгүй. Хайрлаад байвал амьдраад байна гэдэг шиг хайрлаад байвал ургаад, цэцэглээд байна.Орилоод хашгичиж л байна. Голдоо ортол гомдсон ч хайртай хүн нь тэвэрвэл бүхнийг мартдаг. Тэгэхээр эмэгтэй хүн учрыг нь олоход маш амархан. Хүсч байгаа юм нь өчүүхэн жижигхэн..Тийм болохоор эмэгтэй хүнийг хайрладаг, хүндлэдэг, халамжилдаг байгаасай гэж хэлмээр байдаг.

"Facebook" –ээ идэвхтэй хөтлөдөг гэж сонссон?

Интернэт сошиал ертөнц нь холыг ойртуулж байдаг зүйл. Миний хувьд өдөр тутмын амьдралаа тэр чигээр нь хүүрнэн өгүүлээд байдаггүй. Гэхдээ тодорхой хэмжээнд өөрийнхөө тухай үнэн бодитойгоор хөтлөдөг. Энэ нь хүмүүстэй илүү ойр нээлттэй байх боломжийг өгдөг. Facebook-р маш олон урмын үгээс гадна реклам сурталчилгаагаа хийх зэргээр ажлаа явуулж болдог. Тэгэхээр зөв зохистой ашиглах хэрэгтэй. Маш олон хүний сэтгэлийн үгийг хараад энэ үгийг надад зориуллаа гэж үү гэж бодохоор их сайхан байдаг.

Улаанбурхан өвчний эсрэг аян зохион байгуулж байгаа гэж сонссон. Энэ талаараа?

Би өөрөө ХСҮТ-д төрсөн. Ээж маань тариураас шар өвчин аваад, төрөх үед янз бүрийн асуудал эндэгдэл гарах вий гэхдээ ХСҮТ-д намайг төрүүлсэн гэдэг. Тэгээд би энэ эмнэлэгт элэгтэй байдаг юм. Улаанбурхан өвчин сүүлийн үед тархацтай байгаа. Дээр нь сэтгэл сэртхийлгэм мэдээллүүд яваад байна. Зөвхөн би ч биш Монгол хүн бүрийн санааг зовоож байгаа учраас иргэн хүнийхээ хувьд зүгээр сууж чадаагүй. Улаан бурхан өвчин зөвхөн энэ жил ч биш жил бүр ийм байдаг гэж эмнэлэгийн ажилчид, эмч нартай уулзахад хэлж байсан. Энэ жил сонгууль дөхөөд ингэж дуулиан болсон уу бид мэдэхгүй.Эхний ээлжинд байр байдлыг нь сонирхохоор очсон. Хүн бүр нааштай хүлээж авч туслалцаа дэмжлэг үзүүлсэнд баяртай байгаа. 5-6 хоногийн дотор өрнүүлсэн энэ аянаар гурван сая төгрөг цугласан. Хэрэгцээтэй юмнуудыг нь  авч өгье гэхэд ХСҮТ-д маш олон хандив тусламж ирсээр байгаа гэж байсан. Халдвартын эмч сувилагчтай ярихаар нэг юм яриад,тэнд эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эцэг эхтэй ярихаар өөр үзэл бодолтой байсан. ”Улаан бурхан “ гэсэн аян болохоос биш ХСҮТ-д зориулсан аян биш учраас Халдвартын ачааллыг бууруулах зорилгоор дүүргүүдийн эмнэлэгт хэрэгцээтэй зүйлийг нь авч өгөх бодолтой байгаа. Тэнд дүүргээс хүндэрч ирсэн хүүхдүүд гол  ачааллыг өгдөг гэдгийг нь бодолцоод.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.