Эдийн засаг


Түншлэл биежихийн учир

5 жил, 6 сар TIMES.MN

Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрсөн МИАТ компанийн хуваарьт нэгэн нислэгийг дүүргэх зорчигчдын зуу орчим нь нэг л хүсэл тээж байлаа. Олонх нь хувийн хэвшлийнхнээс бүрдэх дээрх хүмүүс бизнесийн шинэ санаа олж, Азийн хоёр дахь том эдийн засагт бүтээгдэхүүнээ гаргах зорилго өвөртөлж яваа.

Учир нь Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Япон улсад хийсэн ажлын айлчлалынхаа үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдийг хооронд нь уулзуулах арга хэмжээ зохион байгуулсан юм.  Монгол Японы хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ашиглаж, экспортоо нэмэгдүүлэх,  импортыг  орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг тэрбээр дотоодын бизнес эрхлэгчдэдээ уриалж байв. Харин энэхүү уриалгыг биелэл болгохын тулд тэдэнд Япон түнш хэрэгтэй.

Статистик үзүүлэлтээс харвал, манай улсын гадаад худалдааны 3.6 хувийг Японтой хийсэн худалдаа эзэлдэг.  Энэ нь экспортын 0.4 хувь, импортын долоохон хувь юм. Үүгээр ч зогсохгүй Япон улс нь манай нэг жилийн ДНБ-ийг ердөө 20 цагийн дотор үйлдвэрлэчихдэг гээд бодохоор аж үйлдвэр өндөр хөгжсөн арлын оронтой энэ чиглэлээр хамтрах ямар боломж бидэнд байна вэ?  

 

Тэдний технологи,  бидний түүхий эд

Асар өндөр түвшинд хөгжсөн Японы технологид тулгуурлан түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээн олон улсын зах зээлд гаргах талаар бид ярьдаг. Хэдийгээр энэ нь улиг болсон хуучин сэдэв мэт сонсогдож магадгүй ч манай бизнес эрхлэгчдийн хувьд ч дээрх зарчмаар ажиллах ёстойг баталж байна. Учир нь Японы зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд нутагт нь хүлээн зөвшөөрөгдсөн техник технологиор бараагаа үйлдвэрлэх шаардлага бий болжээ. Мөн  эдийн засгийн  түншлэлийн хэлэлцээрийн дагуу Япон руу татваргүй бараа нийлүүлж байгаа тохиолдолд уг бүтээгдэхүүний материал, технологи нь манай хоёр орны аль нэг нь үйлдвэрлэсэн байх шаардлагатай юм. Ингээд бодохоор Япон технологийг  нутагшуулахаас түншлэл эхлэх болж байна.  

Ингэснээр хуш модны самрыг цөмж, бэлэн бүтээгдэхүүн болгон худалддаг Монголын нэгэн үйлдвэрлэгч Японы зах зээлд хүрэх гарцаа ийн нээж чадлаа. 


Тэдний хувьд Монгол орон өөрөө натурал, органик брэнд гэж ойлгогддог болохыг хоёр улсын бизнес уулзалтаас ажиглагдаж байв. Мөн зөвхөн уул уурхайн  бүтээгдэхүүн гэлтгүй хөдөө аж ахуй, хүнс, ноос ноолуур, оёмол сүлжмэлийн салбарыг япончууд ихэд чухалчлан иржээ. Тухайлбал, Монголд ургадаг хуш модны самраар уламжлалт анагаах ухааны эмийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрийг нээх гэж хөөцөлдөөд амжилт олоогүй япон иргэн “Бизнес уулзалт”-аас монгол түншээ олжээ. Ингэснээр хуш модны самрыг цөмж, бэлэн бүтээгдэхүүн болгон худалддаг Монголын нэгэн үйлдвэрлэгч Японы зах зээлд хүрэх гарцаа ийн нээж чадлаа. Энэ бол олон сайн мэдээний ердөө л эхлэл.  

Хэдийгээр Японы зах зээл том боловч амжилт олоход амар биш аж. Өөрөөр хэлбэл, тэдний таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь түншлэлийн дараагийн хэлбэр болохыг Монголын бизнес эрхлэгчид ойлгож авсан юм. Худалдахгүй барааг үйлдвэрлээд нэмэргүй учраас ямар барааг Японы зах зээлд Монголын нэрээр арилжаалж болох вэ гэдэг гарын авлагыг энэхүү  “Бизнес уулзалт”-аас авч чадсан.    

Юу худалдах  вэ  

Бид япончуудад юу зарах вэ. Хамгийн түрүүнд сүү сүүн бүтээгдэхүүнээ зарж болох аж.  Мөн махаа органик хэлбэрээр  боловсруулаад,  хүнсний ногоогоо  мөн  л дээрх аргаар  тариалах нь. Түүнчлэн дээр дурдсанчлан эмийн ургамал, үүнээс гаргаж авсан уламжлалт  эм бэлдмэлүүдийг Монголд үйлдвэрлэж Японы зах зээлд  нийлүүлж болох юм байна.  Эдгээр  бүтээгдэхүүн нь  Японы зах зээлд анхдагч байж чадна. Харин багахан хэмжээтэй гардаг Монголын ноолууран  бүтээгдэхүүнтэй япончуудын зарим нь танил. Тэгвэл энэхүү  бүтээгдэхүүнийг ахиу хэмжээгээр гаргах боломж бас бий. Гэхдээ түүхийгээр нь бус Япон технологиор боловсруулж, нэмүү өртөг  шингээвэл  100 ам.долларын  бүтээгдэхүүний үнэ  арав дахин өсөх бололцоотойг эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нээжээ. Тиймдээ ч Монгол Японы хамтарсан үйлдвэр ноосон дулаалга хийн Японы зах зээлд гаргаж эхлээд байна. Шинэ Зеланд улсад  үйлдвэрлэсэн үүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн нэг ам метр  нь 3000 иенээр Японд худалдаалагддаг бол Монголд үйлдвэрлэсэн нь гурав дахин хямд аж. Чанартай атлаа хямд гэсэн үг. Зах зээлийн өрсөлдөөнд том давуу тал болж чадах энэ чанараараа Монголын бүтээгдэхүүн Японд амжилт олж болох нь.  Ингэснээр хол зөрүүтэй гадаад худалдааны тэнцлээ тэнцвэржүүлж, үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргах  боломж байгааг “Бизнес уулзалт”-д  оролцсон төлөөлөгчид хэлж байлаа.  

Хоёр  орны хувийн хэвшлийнхэн уулзаад  зөвхөн Японы зах зээлд бүтээгдэхүүн гаргах талаар ярьсангүй. Япончууд ч гэсэн  бараа бүтээгдэхүүнээ Монголд экспортлох сонирхолтой байна. Мөн Монголд үйлдвэр байгуулахад тулгардаг бэрхшээл, хүнд суртлын талаар “алтан хошуу өргөх”-өө тэд мартсангүй.  Монголд үйлдвэр байгуулах нь Японд байгуулахаас арав дахин өндөр өртөг шаарддаг аж. Тодруулбал, Монголд хөрөнгө оруулалтын босго  тогтоодог нь гарааны мөнгөөрөө эхэлж буй шинэ бизнест том дарамт  учруулдаг байна. Тиймээс Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт  найдаж буйгаа илэрхийлж, Монголын  бизнесийн орчныг тандахаар ирсэн нь ч байлаа.  


Энэ талаар Япон, Монголын эдийн засгийн хорооны дарга, “Иточү” компанийн зөвлөх Ё.Кобаяшитай ярилцахад “Япончууд Монгол Улсад хөрөнгө оруулахаасаа өмнө хувийн хэвшлийг хамгаалсан эрх зүйн орчин бүрдээсэй гэж хүсэж байна. Тиймээс бид хоёр орны хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнд нааштай байх болов уу хэмээн найдаж байгаа. Мөн татварын асуудлыг давхар шийдвэрлэх болов уу гэж харж байна” гэсэн юм.


Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат мөн “аль ч талдаа хөрөнгө оруулалт нь ямар хэлбэрээр орсноос үл хамааран  эдийн засгийн  хувьд  харилцан  ашигтай байх  ёстой” гэсэн мессэжийг япончуудад өгөөд  ирсэн.  

Түүнчлэн Монгол Улсын аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого 15 жилийн хугацаатай батлагдсан. Энэ хугацаанд хэдэн Засгийн газар  солигдсон байлаа ч дээрх  бодлого  өөрчлөгдөхгүй, тогтвортой учраас Монголд хөрөнгө оруулахад  эргэлзэх зүйлгүй гэдэг амлалтыг  өгөөд  ирлээ.







 

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин Б.Энхжаргал




Холбоотой мэдээлэл