Ардын жүжигчин П.Цэрэндагва ач хүүгээ эргэлээ

4 жил, 4 сар TIMES.MN

Х

Хууль сахиулахын их сургуулийн цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалт эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн долдугаар сарын 21-нээс энэ сарын 20-ныг хүртэлх хугацаанд явагдах тус сургалт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Гүнжийн хоолойн аманд байрлах Хууль сахиулахын их сургуулийн хээрийн дадлага сургалтын цогцолборт зохиогдож буй юм. Энэхүү сургалтад өнөө жил 208 суралцагч хамрагдаад байна.


Тэд  цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад амжилттай суралцаж, цэргийн тангараг өргөснөөр их сургуулийн үндсэн сонсогч болох учиртай.  Нэг ёсондоо цаашид Хууль сахиулахын их сургуульд суралцах эрх нь нээгдэнэ. Харин энэ эрхээ олж авах хүсэл мөрөөдөл өвөртөлсөн Монгол Улсын  ирээдүйн хууль сахиулагчид буюу Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдал, шүүхийн шинжилгээний байгууллагын боловсон хүчин болох шинэ суралцагчдын нэг нь Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайн ач хүү Б.Эрдэнэ юм.

Хууль сахиулахын их сургууль саяхан дээрх сургалтын төв дээр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулсан билээ. Энэ үеэр суралцагчдын эцэг, эх, ах, дүү найз нөхдөд сургалтын үйл явц, суралцагчдын байрлаж буй цэргийн байр, орчныг танилцуулсан. Өдөрлөгт Их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Түмэнтулга, Соёл, олон нийт, хамтын ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Энхболд болон сургалтын төвийн нийт бие бүрэлдэхүүн, суралцагчдын ар гэрийн төлөөлөл болох 200 гаруй хүн оролцлоо.

Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайтай цөөн хором ярилцлаа.


МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН П.ЦЭРЭНДАГВА: Ач хүү маань олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нүүр улайлгахгүй суралцана гэдэгт огтхон ч эргэлздэггүй

-Цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалтад таны ач хүү суралцаж буй юм байна.  Та энэ сургалтын талаар ямар бодолтой явдгаа ярихгүй юу?

-Сэтгэл их өег байна. Учир нь үр, хүүхдүүд маань эрийн цээнд хүрч, тэр тусмаа Хууль сахиулахын их сургуульд нэг ач маань суралцах болж Цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалтад хамрагдан олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн хичээн зүтгэж байгааг харахад таатай байна.

Энэ нийгэмд хуулийн хүрээнд амьдрах нь хүн бүхний үүрэг. Тиймээс ач хүү маань тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэх тэрхүү ажлынхаа анхны гарааг эхэлж байгаад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй юм. “Аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үз” гэж үг бий. “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэж монголчууд ярьдаг. Би энэхүү үзэл бодлын хүрээнд төлөвшиж өдий зэрэгтэй хүрсэн болохоор үр хүүхдүүдээ энэ зэрэгт явуулья гэж боддог.

-Хууль сахиулахын их сургууль бусад их, дээд сургуулиас нэлээд зүйлээр онцлог. Учир нь хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдлыг хангах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг. Ач хүү тань  нэр хүнд бүхий  энэ сургуулийг сонгож суралцана гэхэд юу гэж захисаныг тань сонирхмоор байна?

-Миний ач хүүгийн аав, ээж нь хуулийн мэргэжлийн хүмүүс байдаг. Би ач хүүгээ энэ их сургуульд ороход нь маш их дэмжсэн. Миний ач, зээ нарын дундаас хууль сахиулах байгууллагын мэргэжлийн хүн нэг байх хэрэгтэй. Тэр ч үүднээс ач хүү маань өөрийгөө болон хамт олон, нийгмийг удирдан чиглүүлж авч явах ёстой. Миний ач хүү олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нүүр улайлгахгүй суралцана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Мөн ач хүүг маань эр хүн болж төлөвшихөд нь энэ их сургуулийн нэмэр хандив их байх болов уу гэж боддог. Монгол Улсад сүүлийн үед эр хүн шиг эр хүн цөөрөөд байна уу даа гэж бодогддог. Ер нь амин ухаанд суралцсан хүн эрдмийн ухааныг хаана хэзээ ч сурч чаддаг. Өнөөдөр Монголд жудагтай, хийморьтой, тэнгэртэй, тэвчээртэй эр хүн хэр олон байгаа бол доо. Тиймээс ач хүүгээ төрд түшээ шиг түшээ болж явах тэрхүү алсын замыг нь бодож энэ их сургуульд сургаж байгаа юм. 

-Ач хүүтэйгээ цэргийн анхан шатны бэлтгэл сургалтын талбар дээр уулзах ямар санагдав?

-Энэ бол зөвхөн эхлэл. Цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалт дуусаад тангарагийн баяр дээр нь очиж, ач хүүгээ ямаршуу эр хүн болж вэ гэдгийг харна.  Мөн энэхүү сургалт дуусаад танхимын хичээл нь эхлэхээс өмнө миний ач хүү хэр зэрэг бэлтгэгдэж вэ гэдгийг нүднээс нь харж уншина. 

-Цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалтанд хамрагдаж буй суралцагчдад хандаж юу гэж зөвлөх вэ?

-“Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэж сайхан үг байдаг. Тиймээс тусгай чиг үүрэгтэй энэ их сургуулийг сонгон суралцахаар шийдсэн бол эцсийг нь үзэх хэрэгтэй. Дөнгөж эхэлж байхад нь шантраад байх юм бол цаашид яаж суралцах билээ. Ач хүү маань сая өвөө, эмээтэйгээ уулзаад “Санаа зоволтгүй, юм дөнгөж эхэлж байна” гэж хэлсэн. Би ач хүүгээ энэ талаар ухаарч ойлгож өдий хүрсэн гэж бодож явдаг.

Өнөөдөр салаадуудын дунд таван километрийн маршийн тэмцээн болсон байна. Тэгэхээр нь маршинд гүйх ямар байна гэж асуутал “ахиж л байна даа өвөө минь” гэсэн. Энэ нь аливааг мэдэрч байгаагийн шинж. Ер нь энэ их сургуулийг сонгосон хүүхдүүдэд хандаж хэлэхэд, зорилго, чиглэлээ тодорхойлж чадсан бол хүрэх зам аяндаа бүтнэ. Түүнээс цаг зуурын бэрхшээлээс айж эмээх шаардлагагүй. Хоорондоо сайн харилцаж, бие биенээ хүндэтгэж яваарай. Хүн шиг хүн болохын тулд хүнийг хайрлаж сурах хэрэгтэй гэдгийг санаж яваарай. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг даахад суралцаарай гэж хэлье дээ гэсэн юм.

Сонирхуулахад дээрх арга хэмжээний үеэр суралцагчид  биеийн тамирын дасгал хөдөлгөөн, урлагийн тоглолт, хичээлийн явцаасаа үзүүлж сонирхуулсан юм.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.