- Юуны өмнө танай хамт олонд баяр хүргэх нь зөв байх. Хүүхдийн цэцэрлэг, төмөр замын байгууллагууд л гадна дотногүй гял цял байдагсан. Галын машины дугуй энэ тэр нэг удаа ч дуудлагад яваагүй юм шиг гялалзаж байгааг харах сайхан байлаа. Ийм орчныг бүрдүүлэхэд багагүй хөрөнгө мөнгө шаардлагатай нь мэдээж. Гэтэл сумын удирдлагууд “Манай онцгойнхон дотоод нөөц бололцоогоо ашиглан” хэмээн та бүхнээр бахархана лээ.
- Баярлалаа, сумын удирдлагууд, гадны зочид та бүхэн бидний хийж бүтээснийг олж харж ингэж үнэлж байгаад байгууллага удирдаж суугаа хүний хувьд тун чиг сайхан мэдээ байна. Таны асуултад хариулахын өмнө хэлтсийнхээ ажил байдлыг ярих нь зөв байх. Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэмжээнд өнгөрсөн хавар ой хээрийн хоёр том түймэр гарсан. Эхний түймэрт манай албан хаагчид 12 хоног, харин намрынхад 14 хоног тус тус ажиллан цурманд оруулж унтраасан. Хаврын урь орох үеэс л бидний ажил цаг наргүй болдог. Орон гэр, ахуй амьдрал, үр хүүхдийн асуудал орхигддог гэж хэлж болно. Үлдэж буй бүрэлдэхүүний тухайд ч ялгаагүй. Цар тахалтай тэмцсэн хоёр жилд Онцгой байдлын албан хаагчид, эмнэлгийнхэн, цагдаа хүчний байгууллагууд, орон нутгийн удирдлагууд дээлээ тайлах завгүй, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа. Манайхны тухайд харуул хамгаалалт, хорио цээрийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд тусгай үүрэг гүйцэтгэсэн. Ийм хүнд хатуу цаг үед ар гэрээ маш сайн авч явсан хэлтсийнхээ ажилтан, албан хаагчдынхаа ар гэрийнхэнд, тухайлж гэргий нарт нь “ Та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн онцолж хэлж байгааг минь сониныхоо хуудсаар дамжуулж өгөөрэй. Нөгөөтэйгүүр, манай хамт олон Онцгой байдлын албанд нийцсэн байгууллагын стандартыг бий болгохын төлөө хичээн ажилласны зэрэгцээ төрийн албан хаагчийн хувь хүний хөгжлийг хангах, ажиллах орчноо сайжруулах асуудалд анхаарлаа хандууллаа. Хамт олныхоо санал санаачилга, хичээл зүтгэлийн үр дүнд бидний хоёр дахь гэр болсон энэ гурван давхар обьектдоо засч тохижууллаа. Төсөвчнөөр үнэлүүлэхэд 300-360 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна лээ. Хамгийн сайхан нь энэ өндөр өртөгтэй ажлыг компани, аж ахуйн нэгж байгууллагаар бус дотоод нөөц бололцоогоо ашиглан гарын доорхи материалаар хийж бүтээж, буй болгож чаджээ. Ажиллах орчин нөхцлөө сайжруулж, хэн ч орж ирэхэд маш сайхан орчин угтах болсонд миний хувьд баяртай байгаа. Сэлэнгэ түмэн маш ажилсаг. Тэдний үр сад болсон манай албан хаагчид гайхалтай гарын уртай, аливаа ажлыг үнэн сэтгэлээсээ хийдэгт бидний амжилт оршино. Манайхан бүгдийг өөрсдөө хийсэн. Мужаан, засварчин, гагнуурчин, оёдолчин, тогооч гээд бүх мэргэжилд хувирч чаддаг, манай залуучууд. Бид зөвхөн ажиллах орчноо сайжруулаад зогсохгүй хамт олноороо хэлэлцээд хоёр албан хаагчийнхаа амьдрах орчныг сайжруулж, байшин савыг нь янзалж өгсөн. Сэлэнгэ аймгийн онцгой байдлын нийт бүрэлдхүүн, хурандаа Галбадрах, Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж, энэ нутгаас төрсөн их аварга Эрхэмбаяр нарын олон хүний хичээл зүтгэл, тус дэмээр хийж гүйцэтгэсэн гэдгийг онцлох байна.

-Төрийн үйлчилгээний байгууллага, түүний стандарт гэдгийг тогтоохын төлөө манай хамт олон хичээн ажиллаж байна гэж та онцоллоо. Бусдад туршлагаа хуваалцах үүднээс дэлгэрүүлж хэлвэл?
-Дүрэм, журамгүй байна гэдэг бол хэв хэвшилгүй байх явдал. Төрийн байгууллагууд байгууллагын чанар, менежментийн тогтолцоо, стандартыг нэвтрүүлж эхэллээ. Би гамшиг судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан, тэнд байх хугацаандаа хамт олон, эрдэмтэн судлаачидтай хамтран Монгол Улсын хэмжээнд хамгийн анхны ISO стандартыг нэвтрүүлсэн дарга. Энэ агуулгаараа Онцгой байдлын алба өөрийн гэх стандартай байх ёстой гэж үзэн ISO стандартыг нэвтрүүлсэн. Манай хамт олон анхдагч нь болсон. Ер нь аль ч байгууллагаар ороход харилцаанаасаа эхлээд , тухайн албан хаагчийн бодол санаа, хувь хүний төлөвшил, хамтач бүтээлч, эмх цэгцтэй байдал, албаны үйл ажиллагаа үйлчүүлж буй иргэдэд тод томруун харагддаг. Түүнчлэн Гамшиг судлалын хүрээлэнтэй хамтран уул уурхайн “Тод ундарга”, “Бороо гоулд” компани , Зүүнхараа дахь зургаан сургуулийн удирдлагуудыг байлцуулан гамшгийн эрсдэлийн үнэлгээний сургалтыг амжилттай зохион байгууллаа. Ирэх онд багтаан алба хаагчдынхаа хувь хүний төлөвшил, биеэ авч яваа байдал, үлгэрлэл, манлайлал, нийгмийн харилцаанд тулгарч байгаа эрэлттэй асуудлууд гэсэн чиглэлээр сургалт явуулахаар Сэлэнгэ аймгийн онцгой байдлын албаны дарга, хурандаа Галбадрахтайгаа ярилцсан, маш сайхнаар хүлээж авсан.
-Мандал сум хэд хэдэн хүчний байгууллагатай. Тэдэн дундаас онцгой байдлын албан хаагч юугаараа ялгарах ёстой гэж үздэг вэ?
-Энэ албыг хаах амаргүй. Бидний хүлээж авсан дуудлага бүр амь өрссөн тулаан байдаг. Улаан гал, усан цүнхээл, гамшигт үзэгдэл, уул уурхайн нуранги руу бид тангараг өргөсөн албан хаагчийн ёсоор яваад л ордог. Чин үнэнийг хэлэхэд, Онцгой байдлын албан хаагчид мөр зэрэгцэн давшилтад орсон мөрдэс нэгтнүүддээ л итгэдэг, амьдрал хувь заяагаа даатгадаг. Хамтарч ажиллаж байгаа хүндээ итгэдэг итгэлцүүр нь ялалтад хүргэдэг гэж би хувьдаа хардаг. Үхэл дэргэд минь байна гэдгийг мэдсээр байж бусдын амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалахын талаа энэ биеэ үл хайхран үхэл рүү харайн ордог нь эр зоригийн алба мөн биз.
-Онцгой байдлын албаны албан хаагчийг сэтгэл зүйн хувьд маш сайн бэлдэх ёстой юм байна гэх бодол дөнгөж сая төрлөө?
- Онцгой байдлын албан хаагчид сэтгэл зүйн хувьд маш хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг. Аврагч нарыг аврах ажиллагаа явуулсны дараа сэтгэл зүйн хувьд тайвшруулах, нөхөн сэргээх, санаа сэтгэлийг нь өөд татах, амраах асуудал зайлшгүй хэрэг болдог. Томоохон ослын улмаас бие нь хэдэн хэсэг тасарсан ийм л зүйл дээр манай албан хаагчид ажилладаг. Тэр болгоныг л эвлүүлж, цуглуулж, бүрэн бүтэн болгож ар гэрт нь хүлээлгэж өгнө. Тийм зүйл үзсэн харсан, барьсан хүн чинь яаж юу ч болоогүй юм шиг унтаж амарч чадах билээ. Нойргүй хонох , стресстэх, нүдэнд нь харагдаж бодогдох гээд хэсэгтээ хэцүүддэг. Энэ бүхэнд сэтгэл зүйн хувьд тайвшралыг олох чиглэлээр анхаарч ажилладаг. Гэсэн хэдий ч сэтгэл судлал бол бие даасан том шинжлэх ухаан. Төр, засгаас маш сайн анхаарах ёстой. Харамсалтай нь хөрөнгө санхүүгийн чадавхи муутай холбоотойгоор энэ талын санхүүжилт дутуу хуваарилагдсаар ирсэн. Аймаг, орон нутаг, анги, салбаруудын дэргэд сэтгэл зүй бэлтгэгчдийн танхим, өрөөг бий болгож, тохижилт энэ тэр дээр нь санхүүжилт гаргаж өгөх хэрэгтэй. Тодорхой хэмжээнд иргэд болон ТББ-ын дэмжлэгтэйгээр өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан сэтгэл зүйн танхим нээсэн газрууд нэлээдгүй бий. Гэвч ажиллуулах, аваад явах боловсон хүчин алга.
- Та хэдхэн жилийн өмнө ОБЕГ-ын тамгын даргаар ажиллаж байсан. Одоо салбарынхаа анхан шатны нэгжид үүрэг гүйцэтгэж байна. Бас энэ салбараас төрсөн доктор. Танай салбар олон улстай хөл нийлүүлэхэд анхаарах зүйл юм байна гэж танаас онцгойлж асууя?
- ОБЕГ болон салбаруудын тухайд олон улстай хөл нийлүүлэхийн төлөө хичээн ажиллаж ирснийг нийгэм харж буй. Азийн сайд нарын Бага хурлыг 2018 онд анх удаа зохион байгуулсан. Эл арга хэмжээний дараахан салбарын хэмжээнд 2020-2030 он хүртэл хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлсон. Дашрамд өгүүлэхэд Монгол Улсын ОБЕГ хэд хэдэн ажлаараа олон улсад манлайлдаг. Онцгой байдлын албыг хөгжүүлэх, тэр чиглэлд анхаарах 30 шалгуур үзүүлэлт байдаг юм билээ. Тэр шалгуур үзүүлэлтэд гамшиг судлалын хүрээлэнгийн судлаачид дүн шинжилгээ хийн түүгээрээ илтгэл, тавьж танилцуулсан. Тэгэхэд манай улс түүнээс нь 25,26 зүйлийг нь хэдийнэ хийгээд эхлүүлсэн, хэрэгжүүлээд явж байгаа нь бусад улс оронд үлгэр жишээ болсон. Хөрөнгө зарахгүйгээр хийж болдог зүйл бол заавал хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүд. Мөн тодорхой хэмжээнд хийсэн бүтэц, үйл ажиллагаа, инновацийн чиглэлээр хийсэн ажлуудыг нэрлэж болно. Монгол Улс жижиг буурай орон гэлтгүй бодлогын түвшинд явуулж байгаа зүйлийн үзүүлэлтүүд нь бусдаас нэлээд өндөр үнэлэгддэг юм билээ.
- Онцгой байдлын албыг сонирхдог, танай албанд ажиллах хүсэлтэй залуучууд хэр олон байдаг вэ?
-Ер нь манай салбарыг улс даяараа мэддэг болсон шүү дээ. Нэгэн цагт гал унтраах ангийн хэмжээнд төсөөлдөг байв. Гэхдээ ойлгохгүй иргэд бий.Үерийн аман дээр буусан айлуудад гамшгийн хор холбогдлыг тайлбарлаад нүү гэдэг мэдэгдлийг өгөөд байхад нүүхгүй байсаар шагай татсан ус ороод ирэхэд дуудлага өгч ажил дээр ажил нэмдэг. Уг нь мэдэгдэл өгсөн даруйд нүүсэн бол амь нас, эд хөрөнгөөрөө эрсдэл туулахгүй л байхгүй юу. Бид гамшгийн дуудлага биш байна гээд тайлбарлахад “дээд газарт чинь мэдэгдэнэ, сонин, тв дуудлаа” гэх мэтчлэн дайрч доромжлох нь бий. Ийм тохиолдол маш цөөн.
- ОБЕГ үе үе шүүмжлэлд өртдөг. Ой хээрийн түймэрт усаа үүрээд явдаг, ялааны алуур шиг хаймар бариад явж байдаг гэхчилэн. Мандал сум бол газар нутаг томтой суурин газар. Тоног төхөөрөмж хангалттай юу?
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ОБЕХ болон 19, 40 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн Мандал сумаас гадна Хүдэр, Ерөө суманд гарсан ой хээрийн түймэр, гал усны аюул, гамшийн асуудлыг хариуцдаг. Мэдээж тийм гамшиг болно гэж төсөвт суудаггүй, дараахь зарлагаараа явдаг. Хүнсний дэлгүүрүүд зээлээр хүнсний бараа, бүтээгдэхүүн олгохгүй гэх тохиолдол гардаг. Тэгтэл сайн дураараа туслалцаа дэмжлэг үзүүлдэг хувь хүн, аж ахуйн нэгж ч байдаг. Ялангуяа гамшгаас хамгаалах зардлын тал дээр төр, засгаас орон нутгийг онцгой анхаармаар санагддаг. Гамшгаас урьдчилан сэргийлэх талын ажил хийхэд нь нэмэр болж, зардал мөнгийг нь тавиад өгчихдөг бол зүгээр байгаа юм.
-Сүүлийн үед иргэд байгалийн баялаг тэр дундаа самар түүхээр Минжийн хангайг зорих болжээ. Энэ бол ачаан дээр ачаа нэмсэн асуудал байх. Ойд төөрлөө, өвдлөө энэ тэр гээд л?
- Мандал сумын нутаг дэвсгэрт орших Тусгай хамгаалалттай газарт 10 мянга гаруй иргэн өвөлжин самар түүж байна. Ноднин гарц их байсан харин энэ жил бага байгаа бололтой. Хүн төөрлөө, машин механизм эвдэрлээ гэх мэт янз бүрийн л дуудлага ирнэ, амаргүй шүү. Хаа байсан тайгын дуудлагад хамгийн багадаа найман цаг явж байж очоод эрэн хайх, аврах үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Уул, тайгын бүсэд байдал ямар байх нь ойлгомжтой. Маш шуурхай хүрэлцэн очих техник хэрэгсэл өнөөдөр манайд алга. Албаны хэмжээнд 2-3 нисдэг тэрэгтэй. Нөгөөтэйгүүр иргэдэд явж болохгүй гэж хэлээд , сануулаад байхад явдаг. Бидний зүгээс машин, техникт нь галын аюулгүй байдлыг хангах талаас үзлэг, дүгнэлт хийх үүрэгтэй. Иргэд ууланд гарахдаа машиндаа зөвхөн хүнс ачна гэдэг боловч бодит байдалд хүн тээвэрлэнэ, шатахуун тээвэрлэнэ. Зориулалтын бус техник хэрэгслээр тээвэрлэлт хийхээр гарах эрсдэл нь маш аюултай.
- Нийгмийн хариуцлагын хүрээнд ямар, ямар ажил хийв гэж асуух дуртай, би?
-Орон нутагтайгаа хамтран Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхүүжилтээр Мандал сумын бүх айл өрхүүдийн хаягжилтийг шинээр хийсэн. Галын болон янз бүрийн гамшиг ослын дуудлага авахад хаяг тодорхой байна гэдэг хамгийн чухал. Мөн гал гарч болзошгүй зорилтот бүлгийн айл өрхүүдээр явж цахилгааны монтажийг нь шинэчиллээ. Хэлтэс дотроо хоёр айлын байшинд их засвар/ супер/ , нэг айлын хашааны банзийг шинэчилэхэд дэмжлэг үзүүлсэн, нэг айлын хашааг блок болгохоор блокийг нь цохиж байна. Жилд 2-3 албан хаагчдаа дэмжлэг үзүүлэхээр зорин ажиллаж байна. Орон нутгаас зургаан айлын газрыг нэгдсэн журмаар шийдүүлж хавраас хашаа хороог нь барихаар төлөвлөсөн. Түүнчлэн хоёр ангид автомашин шийдүүлсэн гээд нэрлэвэл ч ажлууд бий шүү.
-Хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад байгаль ихээр сүйдэж байна. Тэр хэрээрээ эргээд байгаль биднийг шийтгэдэг. Та надтай санал нийлэх үү?
-Энэ үг зарим иргэнд таалагдахгүй байж магадгүй. Төрд ажиллаж байгаа хүмүүс тодорхой шалгуур давдаг, тэр утгаараа манай албан хаагчид ч мөн адил тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан байдаг. Энэ болгонд мэргэжлийн байгууллагуудын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг иргэд шүүмжлэлтэй хандахаас илүүтэйгээр хэрэгжүүлээд хэвшчихвэл гамшгийн үед иргэдийн оролцооны нэг томоохон хэлбэр , түүнчлэн хийж байгаа ажлууд үр дүнд хүрэх нь илүү гэж хэлэх гээд байна л даа. Улс, аймаг, сумын онцгой байдлын алба иргэдийнхээ аюулгүй , сайн сайхан амьдралын төлөө шийдвэр гаргадаг. Үүнийг хэрэгжүүлэхийн оронд шүүмжилж, цахим ертөнцөд дуулиан тарьж сэвэх нь бий. Иргэд шүүмжиллээ гээд төр гаргасан шийдвэрээ өөрчилдөг байж болохгүй. Төр зарим гаргасан шийдвэртээ хатуу байр суурьтай байж,иргэд нь хүлээж авдаг, биелүүлдэг байх аваас аюул осол холуур өнгөрнө шүү дээ. Хүний ухамсар өндөр байж, байгальтайгаа зөв харьцах аваас байгаль бидэнд өгөөжөө харамгүй хайрласаар байх болно.
Сэтгүүлч Ч.Чулуунцэцэг
Сэтгэгдэл