Улс төр


160 гаруй үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлнэ

4 жил, 3 сар TIMES.MN

Долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд үйлчилдэг төрийн үйлчилгээг  бий болгох цаг болсон гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”  уулзалтын эхэнд хэллээ. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар оролцсон юм.  Төрд 24 цаг тасралтгүй гүйцэтгэдэг түргэн тусламж, онцгой байдлын алба зэрэг тусгай үүрэг олон бий. Үүнээс гадна төрөөс иргэддээ үзүүлдэг 160 гаруй үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлж, хүнд суртал, төвөг чирэгдэлгүй, хөнгөн шуурхай болгох гарц, шийдэл байгаа. Эхний ээлжинд гаднаа олон машин зогсох талбай бүхий байр гаргаж, яам, агентлаг болон Нийслэлийн төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн  дараагийн шатанд захын дүүргүүдэд төрийн үйлчилгээ хүргэх салбаруудыг байгуулах замаар энэ асуудлыг шийдэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Амралтын өдрүүд, ажлын бус цагаар үйлчлүүлж болох энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгө, урсгал зардлыг Засгийн газар тодорхой эх үүсвэрээс шийдэх боломжтойг  Ерөнхий сайд онцолсон юм.

Энэ бол зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай санаачлага. Ардчилсан төр иргэнээ захирдаг биш иргэндээ үйлчилдэг төр байх ёстой гэсэн үзэл санаа хэрэгжихэд чухал нөлөө үзүүлэх учраас дэмжиж байна. Иргэд замын түгжрэлд хотын төв рүү оролгүйгээр 24 цагаар үйлчлүүлж болох автомашины том зогсоолтой байр гаргах боломж бий. Хурдны зам дагуу байрласан  байранд байгаа байгууллагуудыг нүүлгэж, засвар хийхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай гэж Нийслэлийн Засаг дарга хэллээ.   

Программ хангамжийг хувийн хэвшлийн салбарт  тулгуурлан хийлгэх бодлого баримталж байна. Тэд төрийн үйлчилгээний программуудаа хөгжүүлээд, шинэчлээд явах боломжтой гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэллээ.

Төрөөс үзүүлдэг 160 гаруй үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх технологийн шийдлийг гаргаж, иргэд нэг цонхноос бүх төрлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэлээд энэ дагуу холбогдох шийдвэрүүдийг гаргаж, яаралтай ажил хэрэг болгохыг үүрэг болголоо  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.