Зураг & Видео


Санамсаргүй мэндэлсэн сонирхолтой НЭЭЛТүүд

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Дүрдэг цай



1904 онд Нью Йоркийн цайны худалдаачин Thomas Sullivan дүрдэг цайг санамсаргүй зохиожээ. Тэрээр цайгаа төмөр хайрцганд савлан зарахын оронд даавуун уутанд хийж өгөхөөр шийдсэн нь худалдан авагчдад цай хандлах шинэ арга санал болгосон гайхалтай хэрэг болсон юм. Их Британий цай үйлдвэрлэгч Tetley компани 1953 онд дүрдэг ууттай цайны худалдааны ач холбогдлыг анх олж харан бөөний хэрэглээнд нэвтрүүлсэн ажээ.

Тефлон буюу тос шаардлагагүй хайруулын таваг




Америкийн химич Roy J. Plunkett (1910 - 1994) тос шаардлагагүй хайруулын тавагны гол түүхий эдийг олж нээсэн юм. Plunkett 1932 онд шинэ төрлийн хийн найрлага бий болгохоор туршилт хийж байжээ. Тэрээр хөргөлтийн тасалгаанд орж ирээд туршилтын үр дүнд үүссэн хийгээр дүүрэх ёстой савыг шалгахад хий бус цагаан өнгийн хэдхэн нимгэн ялтас байхыг олж харжээ. Туршилтын үр дүн эрдэмтнийг санаагаар унахад хүргэсэн ч ялтас нь түүний сонирхлыг татаж химийн шинж чанарыг нь судалж үзэхэд гайхмаар тослог шинж чанартай бөгөөд хайлах температур өндөртэй бодис болохыг илрүүлжээ. Энэ бодисыг анх цэргийн зориулалттай машин механизмын эд ангиудад ашиглаж байсан бол өнөөдөр тос хэрэглээгүй ч хоол хүнсийг түлэгдэлт үүсгэлгүйгээр боловсруулах боломжтой хайруулын таваг үйлдвэрлэхэд ашиглаж байна.

Рентген туяа



Германы физикч Wilhelm Conrad Roentgen (1845 - 1923) орчин үеийн анагаах ухааны хөгжилд үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан хүний нэг билээ. 1895 онд тэрээр катодын цацрагийг хараар будсан цаасан дэлгэц дээр тусган ердийн нэгэн туршилт хийж байжээ.  Туршилтынхаа явцад цаасан дэлгэцийн өмнө төрөл бүрийн материалыг байрлуулан цацрагийн нэвтрэлтийг ажиглаж байхдаа гарынхаа ясыг ханан дээр тусч байхыг анзаарчээ. Ингээд тухайн цацраг хатуу биетийг төвөггүй нэвтрэн гарч байгааг ойлгосноор өнөө үеийн эмнэлгийн практикт өргөнөөр хэрэглэгдэх болсон рентген туяаг нээжээ.


Худалдан авагчийн тэрэг




Супермаркетад зориулсан худалдан авагчийн тэргийг Sylvan Nathan Goldman (1898 - 1984) гэдэг худалдаачин 1937 онд зохион бүтээжээ. Тэрээр Оклахома - Сити дахь томоохон хүнсний дэлгүүртэй байсан бөгөөд зарим хүн овор ихтэй зүйл авч явахаас татгалзаж байгааг анзаарчээ. Нэгэн удаа дэлгүүрт орж ирсэн эмэгтэй хүүхдийнхээ уяагаар чирч явсан тоглоомон машин дээр цүнхээ тавиад явж байгааг олж харжээ. Үүнээс санаа авч эхний удаа худалдан авагчийн сагсанд бяцхан дугуй бэхэлсэн боловч дараа нь механикчдын тусламжтайгаар улам боловсронгуй болгосон байна.


Наалддаг тэмдэглэлийн цаас




Америкийн 3М компанийн химич Spencer Silver ба Arthur Fry нар 1970 онд наалддаг тэмдэглэлийн цаасыг зохион бүтээжээ. Spencer скочны цавуулаг чанарыг сайжруулахаар ажиллаж байжээ. Гэвч тэрээр нягтрал ихтэй, нааж буй гадаргуунд шингэдэггүй скоч хийхэд ямар ч хэрэггүй цавуу гаргаж авсан байна. Шинэ төрлийн муухан үнэлэгдсэн цавууг яаж ашиглаж болох тухай төсөөлөх ч үгүй байлаа. Дөрвөн жилийн дараа түүнтэй хамт ажилладаг байсан Arthur Fry чөлөөт цагаараа сүмийн найралд дуулж байхдаа номны хавчуурга нь байнга унаад байхаар нь нөгөө цавуугаар нь нааж орхижээ. Тэр цавуу нь номын хуудсыг гэмтээхгүй сайн талтай байсан юм. Ингээд 1980 онд анх Post - It - Notes хэмээх наадаг цаас худалдаанд гарчээ.


Баримлын шавар




Баримлын шавар нь анх бохирдсон ханын цаасыг цэвэрлэх зориулалттай бүтээгдэхүүн байжээ. Гэхдээ энэ бүтээгдэхүүн бизнесийн үйл ажиллагаа нь өдөр ирэх тусам уруудан доройтож байсан Kutol Products компанийг санамсаргүй байдлаар дампуурлаас аварсан юм. Нэгэн дунд сургуулийн хүүхдүүд цэвэрлэгээний зориулалттай баримлын шаврыг янз бүрийн хэлбэрт оруулан зул сарын баярын чимэглэл хийж байсан нь үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ зориулалтыг өөрчлөх санаа өгсөн юм. Ингээд тэд бүтээгдэхүүнийхээ найрлагаас цэвэрлэгч бодисыг хасч, өнгө үнэр оруулагч нэмж өгснөөр бүх цаг үеийн нэгэн нэр хүндтэй тоглоом төрсөн түүхтэй.

Кока Кола




Америкийн эм зүйч John Pemberton (1831 - 1888) сэргээх үйлчилгээтэй эм найруулахаар зорьж Өмнөд Америкт ургадаг КОКА ургамлын ханд, Африкийн КОЛА самрыг хольж найруулсаар бэлдмэл хийжээ. Бэлдмэлээ амталж үзээд тун боломжийн амттайг нь мэдэрч ядаргаа, стресст орсон хүмүүс болон шүдний өвчинд сайн гэж үзжээ. Ингээд Атланта хотын хамгийн том эмийн санд хүргэж өгсөн бөгөөд бэлдмэлийн нэг стаканыг таван центээр эмийн журмаар зарж эхлэв. Гэтэл нэг өдөр худалдагч бэлдмэлээ найруулж байхдаа андуурч ердийн усны оронд хийжүүлсэн ус хийж орхисон нь одоогийн Кока - Кола ундаа байсан юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.