Улс төр


Ойн талаар баримтлах бодлого батлагдлаа

4 жил, 5 сар TIMES.MN

Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су. Батболд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийв.

Энэхүү баримт бичгийн зорилго нь Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгоход оршиж байгааг Байнгын хорооны дарга Су.Батболд мэдээллийн эхэнд онцлон тэмдэглэлээ. Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хоёр үндсэн үе шаттай буюу нэгдүгээр үе шатыг 2015-2020 онд, хоёрдугаар үе шатыг 2020-2030 онд хэрэгжүүлэх аж. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр ойн түймрийн тархалтын дундаж талбайг 2020 онд 30.0 хувь, 2030 онд 70.0 хувь хүртэл бууруулж, ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөлийн тархалтын голомтыг 2020 онд 60,0 хувь хүртэл бууруулан, 2030 онд бүрэн хяналтанд авна гэж тэрбээр мэдээлсэн юм.

Түүнчлэн ойн экосистем, биологийн олон янз байдлын хадгалалт, хамгаалалт сайжирч, ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг 2020 онд 2,0 хувь, 2030 онд 5,0 хувь бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2020 онд 8,3 хувьд, 2030 онд 9,0 хувьд тус тус хүргэх аж. Байгалийн аясаар сэргэн ургасан болон таримал ойг 2020 онд 310 мянган га, 2030 онд 1 сая 500,0 мянган га талбайгаар тус тус нэмэгдүүлж, модон түүхий эдийн ашиглалтын түвшинг 80 хувьд хүргэн, иргэдийн мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангана гэж Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд хэллээ.

Мөн АНУ-д болж буй НҮБ-аас дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн ойн форумын ээлжит хуралдаанд Монгол Улсын төлөөлөгчид оролцож байгаа энэ үед, түүнчлэн Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн үндэсний чуулган Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй цаг үетэй давхцан Монгол Улсын Их хурал Төрөөс ойн талаар баримтлах бодлогын бичиг баримтыг хэлэлцэн баталсан нь үндэсний болон олон улсын ач холбогдолтойг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол онцолсон юм. Тэрбээр, ойн талаар баримтлах бодлогын баримт бичиг нь ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, ой бүхий сумдад ойн нөхөрлөл байгуулахад дэмжлэг үзүүлэх замаар ойн санг тодорхой эзэнтэй болгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, ойгоос олгох модны хэмжээг үе шаттай бууруулж, мод орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зориулалттай мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах бодлого баримталж, иргэдийн модон бүтээгдэхүүний хэрэгцээг ойн арчилгаа, цэвэрлэгээний болон түүвэрлэх огтлолт зэрэг ойн экосистемд халгүй аргаар бэлтгэсэн модоор хангах боломжийг бий болгож байгаагаараа шинэлэг гэв. Түүнчлэн тарьц, суулгац ургуулах дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн, ойжуулалтын ажлын чанарыг сайжруулж, улирлын хамаарлыг багасгах, Монгол оронд агро-ойн аж ахуйн хөгжлийн үндэс суурийг тавьж буйгаараа онцлогтой юм байна. Мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.