Спорт


Онцлох хүн: Тивийн аварга биш ч, Дэлхийн аварга бүсгүй

3 жил, 2 сар TIMES.MN

 Дэлхийн аваргын хошой аварга, МУГТ С.Батцэцэгийг өнгөрсөн 7 хоногийн онцлох хүнээр "TIMES.MN" тодруулж байна. Тэрбээр Архангай аймгийн Хашаат сумын Хөтөл ус гэдэг газар 1990 оны 3 сарын 11-нд айлын дунд охин болон ижий аавдаа үр нь болж мэндэлсэн. Эгэл жирийн малчин гэр бүлээс гаралтай. Бага ахуй цагаасаа монгол уламжлал мал хариулж өссөн дэлхийн хошой аварга маань одоо ч өөрийн өссөн төрсөн газар нутагтаа очиж уул усаа тахин шүтдэг жинхэнэ монгол ёс заншилаа умартаагүй Монгол бүсгүй.


Арван жилийн биеийн тамирын багш нь С.Батцэцэгийг  их амжилтын эзэн болоход нөлөөлөн  агуу энэ спорт руу хөтлөн оруулсан гэдэг. Сургуульд байхын их хөдөлгөөнтэй, сэргэлэн, биеийн тамирын хичээлдээ тун чиг сонирхолтой хүүхэд байсан тэрбээр эрэгтэй хүүхдүүтэй нөхөрлөж, ноцолдож өссөн болохоор ч тэр үү одоо хэр нь эрэгтэй хүмүүстэй илүү найзалдаг. Түүнийг маш элгэмсэг, нөхөрсөг, сайхан сэтгэлтэй гэж ойр тойрныхон нь магтдаг. “Энгийн бүхэн агуу, Агуу бүхэн энгийн” гэдэг үг зөвхөн энэ бүсгүйд зохих мэт.


 З.Дүвчин багшийн удирдлага дор М.Батбаатартай бэлтгэл хийх болсноор анх ханьтайгаа танилцаж амьдралын хань, нэгэн насны ханиа олсон. Өдгөө С.Батцэцэгийг эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулж явахад ханийнх нь ач, тус их бий хэмээн олон хүн шагшдаг юм билээ.


 Бөх хүн гэдэг эхийнхээ удмыг дагадаг гэж Монголчууд хэлцдэг. Түүний адилаар аваргын нагац ах сумын заан н.Нарангэрэл, авга нь улсын начин П.Ганхүү гээд ээжийнх нь талд аймаг сумын цолтой бөхчүүд мундахгүй. Харин аавынх нь төрөл садан боксын тамирчидтай.

                     

2005 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж уйгагүй хөдөлмөр, хүчин чармайлт, тэсвэр, тэвчээрийн үр дүнд өнөөдөр Дэлхийн аваргын хошой аварга гэх хүндтэй нэр хүндийг эгэлхэн, даруухан энэ л Монгол бүсгүй дааж явна. Спорт тэр дундаа бөхийн спортоор эмэгтэй хүн хичээллэж дэлхийд нэрээ дуурсган агуу түүх болж үлдэнэ гэдэг үнэхээр бахархал. Тэрбээр 2010 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, бөхийн чөлөөт барилдааны түүхэнд 35 жилийн дараа эх орондоо аваргын алтан медалийг авчирсан гавьяатан.

 

Гавьяа шагнал:

-2008 он спортын мастер

-2009 он олон улсын хэмжээний мастер

-2010 он Гавьяат тамирчин

-2012 он Лондонгийн олимпийн хүрэл медальт

-ДАШТ мөнгөн медальт, хошой алтан медалийн эзэн

 Монголын чөлөөт бөхийн түүхэнд 32 жилийн дараа олимпоос хүрэл медаль хүртсэн гурав дахь эмэгтэй тамирчин.


Та бидний итгэлийг алдаагүй ч

Тамирчны ялалт хямдхан олдоогүй


Л.Ариунцэцэг





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.