Хөгжлийн гарц


Б.Жанцансамбуу: Хойч ирээдүйгээсээ үг бүү харамла

11 сар, 3 долоо хоног TIMES.MN

Б.Жанцансамбуу: Хойч ирээдүйгээсээ үг бүү харамла


ОРОЛЦОГЧИЙН НЭР: Үндсэн хуулийг батлалцсан төлөөлөгчдийн нэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БАДАМЫН ЖАНЦАНСАМБУУ. Увс аймгийн 9-р баазын жолооч байхдаа  нэг машинаар 17 жилд 48 жилийн ажил хийсэн ажлын үзүүлэлтээрээ онцгойрсон гэдэг.

МОНГОЛ УЛСЫН ӨНӨӨДРИЙН ДҮР ТӨРХИЙГ ХЭРХЭН ДҮГНЭДЭГ ВЭ?

Төр минь түвшин, түмэн олон маань амгалан байгаасай. Энэ ухагдахуун тунхагийн шинжтэй мэт сонсогдох хэдий ч  маш олон ойлголтын нэгдэл юм шүү дээ. Төрийн эд эс,  ширхэг, гар, нүд, чих нь хүмүүс. Төрийн бодлогыг төлөөллийн байгууллага болох УИХ, ИТХ-аар дамжуулан түмэн олон тодорхойлох учиртай. Гэвч төр урлаж, төлөөлж ажиллаж байгаа нөхдүүдийн үйл хэрэг, үг хэлийг ажихад сэтгэж дутаж байгаа мэт санагдах үе гарах л юм. Гэхдээ монгол түмний минь  заяа буян,  монгол хүний саруул ухаан гэдэгт итгэдэг дээ, ах нь.  Төр барьж байгаа хүмүүс нь боловсролдоо анхаарч, уншиж, судлах номынхоо тоог нэмж, их мэдэгчийн дүр эсгэхээ больж, эгэл түмнийхээ амьдралыг мэдэрч, бодит хөрсөн дээр буух боломжтой, хөгжилд хөтлөх бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Төр барьж байгаа хүн зөв хүн байх гэдэг маш чухал. Үндэсний ёс заншил, түүх соёлоо дээдэлдэг, хил хязгаарынхаа бүтэн байдлын төлөө тууштай зогсдог,  монгол хүний үнэ цэнийг мэдэрдэг, гаргасан үйлдэл нь түмэн олонд  гавьяа болдоггүй юмаа гэхэд гай болохгүй байх ёстой гэж хичээдэг, хувиа бодож довоо шарлуулдаг биш, улс орон, ард түмнийхээ төлөө зүтгэх зүтгэлтэй, сэтгэлтэй, сэтгэлгээтэй хүнийг л сонгомоор байгаа юм.

АСУУДЛЫГ ЯРЬСААР БАЙХ БИШ ГАРЦЫГ ОЛЖ БОДИТООР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛДЭГ ҮҮ?

Санал нийлэлгүй яахав. Бидний ярих нь ихдэж, хийх нь багадаад байна шүү дээ. Хөдөлмөрч ард түмэнтэй, хөгжингүй төртэй улс л хурдан хөгжиж, өсч дэвжиж байна даг.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ ЮУ БАЙХ БОЛ?

Монгол ахуйд соёолсон уламжлалт бодлогоо өрнө, дорнын соёл, туршлагаас  авах, гээхийн ухаанаар шүүн тунгаагаад, орц, жорыг ихдүүлэлгүй оруулж өнгөлөөд хэрэгжүүлбэл Монгол үндэстэн дэлхийд түүчээлэх бололцоо бий. Бид хэтэрхий гадныхныг шүтэх, хууль, сайн туршлагыг шууд хуулах гэдэг сэтгэлгээгээ өөрчилмөөр байгаа юм. Үзснээ дуурайгаад, харснаа хэрэгжүүлээд л. 300 сая хүн амтай орны бодлого 3 сая хүн амтай Монголд хэр нийцэх үү гээд бодолцох зүйл их. Миний хувьд “Зарчимд суурилсан Хөгжлийн бодлого”  боловсруулж хэрэгжүүлмээр байна гэж боддог.  Энэ бодлого “Монголдоо нийцсэн, хүмүүсийнхээ аж амьдралд таарсан, хэдхэн хүний хэт баяжуулах биш хүн амынхаа дийлэнхийг хүчирхэг дундаж давхарга болгоход чиглэсэн байх учиртай. Монголыг хөгжүүлэхэд монгол хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо, идэвхи санаачлага хэрэгтэй. Тэгэхээр зарчимд суурилсан бодлого гаргаад, иргэдийнхээ оролцоог тэлэх чиглэлд шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлмээр байна. 

ТОДОРХОЙ САНААЧЛАГА, ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХУЙЦ ЗҮЙЛИЙГ САНАЛ БОЛГОНО УУ?

Монголчууд малтайгаа, бэлчээртэйгээ, газар нутагтайгаа байгаа цагт өлсөхгүй, бусдад хөөгдөхгүй. Тиймээс мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбар Монголын хөгжлийн тулгын гурван чулуу юм шүү дээ. Уул уурхайг хэт шүтсэн, гадаадын хөрөнгө оруулалт гэж  хамаг итгэл найдвараа тавьсан, гаднаас доллар цутгана хэмээн горьдсон хандлага буруу гэдгийг энэ удаагийн хямрал харин  дохио өгчих шиг боллоо шүү. 

Монгол улс таван хошуу малынхаа бүтээгдэхүүнийг үнэд хүргэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд дорвитой ажилламаар байна. Бэлчээрийн монгол малын мах  фермерийн малаас ийм ялгаатай гээд судалгаа, шинжилгээ хийх хэрэгтэй юм. Тэгээд л  хөлөөрөө явж, өвс, ургамлын шимтэйг түүж идээшилсэн малын мах химийн найрлагатай тэжээлээр бордуулсан малынхаас ийм давуу талтай гэж   сурталчилан таниулж гадаад зах зээлд ялгавартай тарифаар худалдаалах бололцоог эрэлхийлмээр байна. Эрүүл хооллолтыг чухалчилж байгаа даяаршиж байгаа дэлхийд хэрэглэгчид  ямар сонголт хийхээ хэнээр ч заалгахгүй шийднэ. Бас байгалийн цэвэр бүтээгдэхүүнд үнэ хаяна.

Монгол брендийн мах дэлхийн хүмүүсийн хошууран хэрэглэдэг хүнсний нэг бүтээгдэхүүн болохыг ч байг гэхгүй. Ингэхийн тулд малаа эрүүлжүүлэх төрийн оновчтой  бодлого хэрэгтэй байна. Үүнийгээ дагалдуулаад арьс шир, мах, сүүний хэд хэдэн томоохон үйлдвэр босгож, бүтээгдэхүүнийг зөвхөн Монголдоо биш хөршүүд,цаашлаад бусад орнуудад  ч борлуулахад чиглэвэл гуравхан сая хүнийг ажилтай, орлоготой, чинээлэг дунд давхарга болгочих бололцоо байна.

ТА ӨӨРИЙНХӨӨ ТӨСӨӨЛСНӨӨР ХӨГЖЛИЙН ЗАГВАРЫГ  ТОДОРХОЙЛНО УУ?

Зарчимд суурилсан хөгжлийн бодлого. Манайхан бодлого гэхээрээ ерөнхий, тунхагийн шинжтэй хэдхэн өгүүлбэрийг цаасан дээр бичиж баталчихаад хэрэгжүүлэхээ мартчих юм. Олон зорилт, олон тоо дотроо төөрч байхаар маш оновчтой, гарах гарц, шийдэх шийдэл, хэрэгжүүлэх арга замыг тооцсон, төлөвлөсөн төлөвлөлт шаардлагатай. Ийм хөгжлийн бодлогыг нэг засаг гарч ирээд самарчихдаггүй, залгамж халаатайгаар улам баяжуулаад хэрэгжүүлдэг баймаар байна.

МОНГОЛ УЛСЫН АЛСЫН ХАРААГ ГУРВАН ҮГЭНД БАГТААЖ ТОМЬЁОЛНО УУ?

Зарчимч - Хөдөлмөрч - Бүтээлч 

ДЭЛХИЙД ТАНИУЛАХ МОНГОЛ  БРЕНД БИЙ БОЛГОХ БОЛОЛЦОО БИЙ ЮУ, БОЛОМЖТОЙ ГЭВЭЛ ОНЦОЛЖ ТОДОТГОЖ ХЭЛНЭ ҮҮ?

Монгол мал брендийг дэлхийд таниулах бололцоо байна.  24 цаг торонд хашигдаж,  хоол, тэжээлээр угжуулж байдаг малаас манай бэлчээрийн монгол мал эрс ялгаатай. Харьцуулсан судалгаа, шинжилгээ хийвэл монголчуудын сонорыг мялаах таатай мэдээ дуулдана гэдэгт итгэл дүүрэн байдаг. Бид нийтлэг шинжтэй, массын үйлдвэрлэлээрээ гавихгүй. Өдөр тутам хувьсан өөрчлөгдөж байгаа техник, технологийн давалгааг давж бүтээл төрүүлнэ гэхэд амаргүй.  Харин давуу тал, онцлогоо дөвийлгөсөн бүтээгдэхүүнээрээ л дэлхийд танигдана. Адууны махаар хийсэн бүтээгдэхүүн, ямааны сүүгээр хийсэн бяслаг гээд өвөрмөц талаа л өндийлгөж, Монгол мал брендийг  бий болгох чухал. Дэлхийд бид ялгарлаа таниулахгүй бол бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй. 

ТАНЫГ  МОНГОЛ УЛСАА ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ГҮРЭН БОЛГОХОД ӨӨРИЙНХӨӨ ХУВЬ НЭМРИЙГ ОРУУЛ ГЭВЭЛ ТА ЮУ  ХИЙЖ, БҮТЭЭЖ ЧАДАХ ВЭ?

Миний намтрын хуудсыг сөхвөл  сурсан сургууль, эзэмшсэн боловсрол маруухан ч насаараа хөдөлмөрийг шүтэж яваа эгэл жирийн л жолооч. Хийж байгаа ажлаа зөвхөн гэр бүлээ тэжээх  гэдэг үүднээс биш улс орны хөгжлийн төлөө оруулж байгаа миний хувь нэмэр хэмээн чин сэтгэлээсээ зүтгэсээр ирсэн. Хүн бүр оногдсон ажлаа сайн хийх нь эх орондоо оруулж буй том тус нэмэр гэж боддог.

МОНГОЛ ХҮНИЙГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?

Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш цоордоггүй гэдэг.  Монгол хүнийг  хөгжүүлэх өвгөдийн ухаан үнэхээр гайхалтай.  Нутаг усаараа тухайн хүүхдийг бага балчираас нь зөв хүн болгон төлөвшүүлэхийн төлөө байсан юм байна гэж боддог. Саваагүйтэж яваа хүүхдийг энэ манай хүүхэд биш гээд хажуугаар дуугүй өнгөрдөггүй, болохгүйг нь хэлж, бурууг нь сануулдаг, сургамжилдаг байсан. Энэ уламжлал тасарч байна.

Одоо чинь  миний хүүхдийг загнадаг чи хэн бэ гээд бөөн асуудал болно.  Хүүхдээ их өмөөрнө. Миний үеийн настай хүмүүс “Энэ хүүхдүүдэд юм хэлээд яах юм. Хүлээж авах ч биш. Яршиг”хэмээн төвөгшөөх болж. Би үеийнхээ өвгөчүүл, эмгэчүүлдээ  мөрийтэй хөзөр тоглоод, аяга тагш юм хүртээд, эвгүй үг хэлж маазраад битгий хүүхэд залуус муу үлгэрлэл үзүүл.

Тоохгүй, яршиг гэж төвөгшөөлгүй бурууг нь хэлж бай. Өнөөдөр сонсохгүй ч маргааш нэгийг бодно. Жишээ нь шувууны өндөгт сүүдрээ битгий хүргэ, үүрийг эвдэж болохгүй, ийм бяцхан амьдыг хоргодох газаргүй болчихвол яах уу, хүү минь чиний гэрээг нурааж чамайг орох оронгүй болгосонтой л адил гэж ухааруулж хэлж бай.

Даалгавраа хийхгүй байгаа бяцхан охиныг ядарч байгаа  боль боль гэж толгойг илэх эсвэл дуугүй өнгөрөх биш “Эрдэм сурвал ирээдүйд охин минь  боловсролтой болно. Бүх зүйл чиний л гарт” гэдгийг хэлээд л байвал “Хичээлээ сайн хийх хэрэгтэй” гэсэн  ойлголт бат сууна шүү дээ. Нэг үгийг нэлээд олон хүнээс сонссон хүүхэд заавал л нэгийг бодно.

Тийм болохоор хойч ирээдүйгээсээ үг бүү харамла.

Манай нутгийн нэг бүсгүй  бага сургуулийнхаа хүүд баахан боодолтой мөнгө тэврүүлчихээд банкруу орж харагдлаа. Би араас нь ороод хүүд “Миний хүү энэ мөнгө их бохир. Битгий гар хүр. Миний хүүгийн насан дээр банкруу мөнгө зөөх биш эрдэмд шамд” гэж хэлээд гарсан юм. Гэтэл ээж нь дараа дайралдаад “ та манай хүүд юу гэж хэлсэн юм бэ, манай хүү мөнгөнд хүрэхээ байсан шүү, би хүүгээ мөнгөнд  хэт дурлуулах биш эрдэмд шунадаг хүн болгоно оо” гэж хэлж билээ. Хүүхэд гэдэг дэндүү гэгээн ертөнц юм шүү дээ.  Ийм л үед мууг аль болохоор бага харуулж, дэргэд нь  муухай үгийг бүү хэлж,  муу үйлдлийг битгий үзүүлж бай. Харин  сайнд уриалан дуудах, үлгэрлэх, дуурайл авахад чиглүүлж, эрдэм, хөдөлмөрт дурлуулж чадвал тэр хүүхэд нас биенд хүрээд алзахгүй ээ. Том болсон хойно  нь мянга сургаад, зааж зааварлаад хүлээж авахаа байчихдаг юм шиг санагддаг. Тийм болохоор л зөв монгол хүний хөгжүүлж төлөвшүүлэхэд балчир цагаас л анхаарах хэрэгтэй.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.