TIMES Ярилцлага


Л.Сэлэнгэ: Монголд цөмийн хаягдал булшлах магадлалтай өгүүлбэр конвенцид байгаа

1 жил TIMES.MN

 Ээлжит бус чуулганаар цөмийн аюулгүй ажиллагаатай холбоотой төслүүдийг хэлэлцэх байсан боловч чуулган цуцлагдлаа. Чуулганаар хэлэлцэх асуудлуудын дунд Монголд цөмийн хаягдлыг булшлах магадлалтай үг өгүүлбэрүүд явж байна гэсэн хардлага олны дунд байсан. Энэ талаар ”Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө” хөдөлгөөний тэргүүн Л.Сэлэнгэтэй  ярилцлаа.

   -Өнөөдөр  АНУ-д дэлхийн төр засгийн тэргүүнүүд оролцсон цөмийн аюулгүй  байдлын дээд хэмжээний уулзалт болж байна. Монгол улс энэ уулзалтын  цөмийн аюулгүй байдлын  нэг протокол гурван  конвенцид нэгдэн орох гэж байсан боловч ээлжит бус чуулган цуцлагдсан. Энэ талаарх таны бодлыг хуваалцъя?

-Энэхүү уулзалтын өмнө УИХ-ын ээлжит бус хурлыг маш яаралтайгаар зарлан хуралдуулж, конвенциудад нэгдэн орох хуулийн төслийг батлуулах гэж байсан юм. Бид үүнийг эсрэг байсан.  Яагаад гэхээр тус чуулган нэгдүгээрт хугацаа нь өнөөдөр буюу Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтаас 2-хон хоногийн өмнө гэнэтхэн энэ хуулиудыг батлах  гэж  байсан.

Гэтэл конвенциудыг УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд судлаж амжаагүйгээс гадна иргэд ямар ч ойлголтгүй байсан. Дээр нь УИХ–ын чуулган завсарласан байгаа. Ер нь бол аливаа захиалгын гэмээр хуулиудыг голдуу баяр ёслол, амралтын үеэр батладагаас нь харахад энэ удаагийн ээлжит бус чуулган  иргэдэд хардлага төрүүлэхээс аргагүй. Угтаа бол энэ конвенциуд нь  цөмийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай байгаа нь улс орнуудад ашигтай ч Монголын хувьд ашиггүй нэг  өгүүлбэр  явж байгаа. Энэ нь 1997 оны цөмийн аюулгүй байдлын Венийн конвенцийн 11-р заалтанд, ”...цацраг идэвхит хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байх...”  гэсэн томъёолол. Яагаад үүнийг онцлоод байна гэхээр манай Засгийн газар 2015 онд Францын ”Арева” компанид ашиглалтын 3 лицензийн зөвшөөрөл олгосон. Энэ компани ирэх 4 сарын 20-с эхлээд Дорноговийн Улаанбадрах суманд олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ажиллаж байгаа мэдээлэл байна.

 Үүнээс үзэхэд 2017 оноос олборлосон уранаа экспортлох төлөвлөгөөтэй байгаа нь харагдаж байна. Уран олборлолтыг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж ирсэн. Гэтэл ард иргэдийнхээ үгийг сонсохгүй уран олборлох ажлыг эрчимтэй явуулсаар байна. Цөмийн энергийн газрыг татан буулгуулснаар асуудал шийдэгдээгүй харин ч далд хэлбэрт ороод байна. 2017 оноос Монгол улс, Франц ч юмуу Энэтхэг рүү  уран экспортлоод эхэлчихвэл, Франц Энэтхэгийн  атомын цахилгаан станцад Монголын уранаар хийсэн түлшийг ашигласан тохиолдолд тэндээс гарсан хаягдлыг Монгол орны нутаг дэвсгэрт булшлах гэсэн утгатай олон улсын эрх зүйн акт энэ конвенцид нэгдсэнээр нээгдэх юм байна гэсэн ойлголт төрж байгаа.

 -Тэгэхээр  Монгол улс уран олборлоод дараа нь экспортлолоо гэхэд ураныг импортлосон улс нь түлш хийгээд тэндээс гарсан  цацраг идэвхит ашигт малтмалын  хог хаягдлыг манай  улсад буцаан авч ирж булшлах нөхцөл байдал бий болно гэсэн үг үү?

-  Тийм. “...Цацраг идэвхит хаягдлыг үүссэн улсад  нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байх...” гэсэн үгэнд л хамаг учир байгаа юм. Ийм нөхцөл байдал үүснэ гэж иргэний нийгмийн байгууллагууд болгоомжлоод байгаа хэрэг. "Арева" компани  яагаад манайд   үйл ажиллагаа явуулаад байна гэхээр Монголын  ураныг  олборлоод зогсохгүй экспортлож ашиг олохын төлөө л 1997 оноос хойш өнөөг хүртэл бүхэл бүтэн 19 жил үйл ажиллагаагаа явуулаад байна шүү дээ.

Дараагийн нэг асуудал энэ гэрээнүүдэд байгаа. Энэхүү олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон улсуудад маргаантай асуудлууд үүсвэл олон улсын арбитрын шүүхээр асуудлаа шийдүүлнэ гэсэн заалт. Бидэнд өмнөх туршлага бий. “Хан Ресурс” компанитай маргаан үүсээд,  арбитрийн шүүхэд очиж заргалдаад ,Монголын Засгийн газар 80 сая ам. долларыг төлөх өрөнд уначихсан. “Хан Ресурс” компани ямар ч үйл ажиллагаа  явуулаагүй байхад лицензийг нь цуцалсны төлөө  манай Засгийн газар 80 сая ам.доллар төлж байх жишээтэй. Энэ гэрээ конвенцид нэгдэн орсноороо “Арева” компани Монголын Засгийн газрын хооронд маргаан үүсвэл мөн л арбитрын  шүүхээр асуудлаа шийдүүлнэ. Ялагдвал “Хан Ресурс”-т төлж байгаа шиг  олон сая ам. долларын өрөнд орох учраас Монгол улсад олон улсын арбитрын шүүхэд ялалт байгуулж чадах хэмжээний шүүгч, хуульч, эрх зүйчид байна уу гэдэг асуудал гарч ирнэ.

 - Манайд  олон улсын түвшинд хууль эрх зүйн маргаантай асуудлаар бэлтгэгдсэн боловсон хүчин бий юу?

- Одоохондоо манайд энэ шаардлагад тэнцэх хэмжээний дадлага туршлага байхгүй. Тиймээс гадны хуульчдыг хөлслөж, үүнийхээ төлөө Монголын Засгийн газар мөнгө төлж байна. Гурван конвенци, нэг протокол нь 62 хуудас монгол орчуулгатайгаа   байгаа. Тэдгээрийг   одоогоор УИХ-ын гишүүд судлаж амжаагүй.  Тиймээс Венийн конвенцийн 11-р заалтыг маш анхааралтай авч үзэх хэрэгтэй. Ганцхан энэ үгнээс болоод, Монгол улс энэ конвенцид орохгүй байх бүрэн үндэслэлтэй. Конвенцид манайхыг албан хүчээр заавал нэгдэн ор гэсэн шаардлагыг тавиагүй. Манайхан л өөрсдийнхөө хүсэлтээр гүйж очиж орох гээд байгаа хэрэг. Эсвэл манайхан гадныхны өмнө амлалт авсан хэрэг.

 -УИХ гэнэт ээлжит бус чуулган зарлан, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой олон улсын гэрээ конвенциудад нэгдэн орох талаар хэлэлцэх байсан нь өөр ямар хардлагыг төрүүлээд байгаа вэ?        

- Өнгөрсөн 2015 онд Монгол улс Францаас 80 сая еврогийн зээл авсан. Энэ зээлийн төлөөсөнд 4-р сарын 20-нд Дорноговийн Улаанбадрахад уран олборлох “Арева” компанийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа гэж ойлгож байгаа. Мөн хятадаас нэг тэрбум,  Энэтхэгээс нэг тэрбум ам. доллар авсан. Энэ олон зээлийн төлөөс Монголоос олборлосон ураныг экспортлох бодлого байх магадлалтай. Тиймээс манайхаас авсан ураныхаа хаягдлыг   буцаад Монголд булшлах нөхцөл олон улсын гэрээ конвенциор  нээгдэх магадлалтай байсан гэсэн үг. Яагаад гэвэл энэ асуудлыг сонгууль болохоос 2 сарын өмнө, дээд хэмжээний уулзалт болохоос 2-хон хоногийн өмнө  шийдвэрлэх болсон нь асар их ашиг сонирхлоос гадна захиалгын хуулиуд гэж үзэж байгаа.

 -Хэрэв хуулийг баталсан бол яаж ч тэмцээд нэмэргүй  болох уу?

-Ээлжит бус чуулган  онцгой дэгээр хуралдах байсан. Энэ онцгой дэг  нь дээрх хуулиудыг анхны хэлэлцүүлгээр алх цохиж батална гэсэн мэдээлэл бидэнд байсан. Хэрэв хууль батлагдвал үүний эсрэг иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, олон нийт ямар ч үйл ажиллагаа явуулах боломж цаг хугацаа байхгүй байсан. Хэвлэл мэдээллийнхэн мэдээгүй, олон нийтэд мэдээлээгүй байхад   иргэд яаж мэдэх вэ. Тэгэхээр Засгийн газар олон сарын өмнөөс мэдээлэл өгч, ийм хуулиуд хэлэлцэгдэнэ гээд ард түмнийхээ дунд хэлэлцүүлэг явуулаад УИХ-ын гишүүдээсээ санал авсан бол хэн хэндээ  ойлголт төрнө шүү дээ. Гэтэл ийм боломж олгоогүй. Гэнэт өнгөрсөн 5 дахь өдөр зарлаад, зөвхөн ашигтай асуудлуудыг нь яриад, цаана нь байгаа сөрөг үр дагаврыг нь дурьдаагүй.

Миний яриад байгаа зүйл бол 11-р заалт. Энэ конвенцийн 12-р заалтанд болохоор цацраг идэвхит хаягдлыг өөрийн нутаг дэвсгэр дээрээ булшлахгүй байх, тээвэрлэхгүй байх, өөрийн хилээр нэвтрүүлэхгүй байх гэсэн заалтууд байгаа. Энэ ашигтай заалтыг яриад, ард түмэнд итгэл үнэмшил төрүүлээд байгаа юм. Тэгэхээр ард түмэн энэ конвенцид нэгдэж орох нь зүйтэй юм байна. Үүнийг нэн яаралтай батлах хэрэгтэй гэсэн ярилцлагуудыг хэвлэл мэдээлэлд өгч байгаа. Мэдээж Монгол улсад ашигтай заалтууд  байна. Гэхдээ Монгол улсад ашиггүй ганц өгүүлбэр  байгааг ард түмэн уншиж судлаагүй болохоор анзаарахгүй байна. Сөрөг үр дагавар авчрах үг өгүүлбэр байгаад анхаарлаа хандуулах ёстой байсан юм.

   -Цацраг идэвхит ашигт малтмалын хор уршиг мэдээж ойлгомжтой.Олон улсын конвенцид  энэ тал дээр шийдэж өгдөг эерэг гарцууд  байж л байгаа?

-Хор уршгийн талаар бид 2011 оноос хойш ярьж байна.Цацраг идэвхит бодис , цөмийн хаягдлын аюулгүй болох хугацааг 24000 жил гэж тооцсон байдаг. Энэ асуудлыг шийдсэн улс дэлхий дээр нэг ч байхгүй. Яагаад цөмийн цахилгаан станц ажиллуулдаг орнууд цөмийн хаягдлаа өөрийн нутаг дэвсгэр дээр булшлахгүй ядуу буурай орны нутаг дэвсгэр дээр мөнгө төлж булшлаад байгаа юм бэ. Аюултай учраас л тэр. Ядуу буурай, шилжилтийн эдийн засагтай орнууд мөнгөнөөс болоод  олон мянган жил хор хөнөөл л байсаар байх хаягдлыг өөрийнхөө нутаг дэвсгэр дээр авчрах магадлал өндөр байгаа.

-Гадны оронд цөмийн хаягдлаа булшлахад мэдээж эсэргүүцэлтэй тулгардаг байх?

 -Франц улс цөмийн хаягдлаа хуучин Ардчилсан Германы ашиглаад дууссан уурхайн гүнд хаядаг. Энэ хаягдлыг галт тэргээр тээвэрлэж авчрахад Германы байгаль орчин хамгаалах идэвхтэнүүд цөмийн хаягдал ачиж яваа галт тэрэгний  төмөр зам дээр тэгнэж хэвтэж амь насаараа дэнчин тавьж үүнийг эсэргүүцдэг. Ганц Франц ч биш германчууд өөрсдийн цөмийн цахилгаан станцаас гарсан хаягдлыг тээвэрлэж байгаа галт тэрэгийг хэрхэн эсэргүүцэж байгааг телевизээр олонтаа харсан. Энэ нь бүхэлдээ Цөмийн эрчим хүч ашиглахыг л эсэргүүцэж байгаа эсэргүүцэл юм.

-Манай говьд цөмийн хаягдлыг булшлах тухай олон улсын түвшинд яригдаад амжсан? Монголд цөмийн хаягдал булшлахгүй гэсэн та бүхний зүтгэл үндэсний хэмжээнд олон нийтийг хамарч, үр дүнгээ өгч бүр ерөнхийлөгчийн зарлиг хүртэл гаргуулсан.Одоо таны шүүмжлэлтэй хандаад байгаа олон улсын конвенцид ерөнхийлөгчийн зарлигийг хуульчилж өгнө гэсэн нь олзуурхууштай хэрэг биш үү?

-Ядуу буурай орнууд тухайлбал Монголын өргөн уудам говьд цөмийн хаягдлыг булшилж болох юм гэдэг асуудал АНУ-ын Төрийн депарментын түвшинд яригдсан асуудал. Энэ нь 2011онд ил болж дэлхий нийтэд шуугиан тарьсан. Энэ асуудлыг дэлхий нийтэд гаргаж тавьсан японы сэтгүүлч тухайн жилийн сэтгүүл зүйн хамгийн том шагнал авсан. Тэгэхээр энэ асуудал ямар чухал нь харагдаж байна. 2011 онд бид  цөмийн хаягдлын асуудлаар  олон удаа хэвлэлийн хурал, эсэргүүцлийн жагсаал хийсний дүнд гадны цөмийн хаягдлыг Монгол улсад булшлахгүй гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарсан. Өнөөдрийн яригдаад байгаа олон улсын конвенцид нэгдэх хуулиудын хүрээнд Ерөнхийлөгчийн зарлигийг хуульчилж өгнө гэж байгаа. Энэ нь нь сайн хэрэг. Гэтэл олон улсын конвенцийн үг үсэг, цэг таслал бүхэн маш том утга агуулгатай. Энд дөрөвхөн үг байгаа шүү дээ.Үүссэн улсад нь булшлах ёстой гэсэн үгүүд. Тэр үг 4 үг л бидний ашигтай гэж үзээд байгаа бүхнийг үгүйсгээд байна.

Ядуу буурай орнууд тухайлбал Монголын өргөн уудам говьд цөмийн хаягдлыг булшилж болох юм гэдэг асуудал АНУ-ын Төрийн депарментын түвшинд яригдсан асуудал. Энэ нь 2011онд ил болж дэлхий нийтэд шуугиан тарьсан. Энэ асуудлыг дэлхий нийтэд гаргаж тавьсан японы сэтгүүлч тухайн жилийн сэтгүүл зүйн хамгийн том шагнал авсан

-Цөмийн хаягдал гэхээр  дулааны цахилгаан станцаас гардаг хаягдалтай адил уул овоо шиг их юм гардаг гэдэг ойлголт байдаг. Ачир дээрээ маш жаахан хэмжээтэй мөртлөө хор уршиг нь олон мянган жилээр үргэлжилдэг тухай урьд нь та бишгүй ярьж мэдээллэж байсныг санаж байна?

-Цөмийн хаягдлыг нэг метрийн  зузаантай ширмэн битүү саванд хийгээд, гагнаад, 500 метрийн гүнд олон мянган жилээр булшилдаг. Булах биш булшилна гээд байгаа. Булшилдаг байгууламж нь улс болгонд байдаггүй. Тэр байгууламжийг барихад асар их зардал шаардана. Жишээ нь ширмэн бортого олон  арван жил газрын гүнд байснаасаа болоод, цоорч идэгдээд  цацраг идэвхит туяа ялгарна. Зүүний сүвэгч шиг нүхээр цацраг идэвхит туяа ялгарахад газрын гүний ус( амьтан ургамал, цаашлаад хүнд асар хортой нөлөө үзүүлнэ. Ураны уурхайгаас гарч байгаа тоосонцор хүний нүдэнд харагдахгүй үнэртэхгүй, амтлагдахгүй. Цацраг идэвхт хог хаягдал ямар аюултай болохыг баримтат кинонуудаас  үзэж болно. Тийм учраас энэ аюулаас  хол байлгаач ээ. Монгол улс асар их баялагтай гуравхан сая хүнээ хангах эрчим хүчний асар их нөөцтэй. Нар, салхины эрчим хүчийг ашиглах хэрэгтэй. Атомын цахилгаан станц ашиглаад, цөмийн аюулыг гэтлэн давсан улс орон алга. Хамгийн өндөр технологитой Япон гэхэд Фүкүшимагийн дэлбэрэлтийн дараа ямар их хохирол амслаа даа. Жишээ нь Нигер улс байна. Нигер улсад Францын “Арева” компани 50 гаруй жил уран олборлож байна.Тэглээ гээд Нигер улс баян болоогүй .Дэлхийн хамгийн ядуу, хүн ам нь хамгийн  богино насладаг  орон. Монгол улс өнөөдөр баяжиж болох олон гарц байна.    

Жишээ нь Нигер улс байна. Нигер улсад Францын “Арева” компани 50 гаруй жил уран олборлож байна.Тэглээ гээд Нигер улс баян болоогүй .Дэлхийн хамгийн ядуу, хүн ам нь хамгийн  богино насладаг  орон. Монгол улс өнөөдөр баяжиж болох олон гарц байна 

-Та нэг хэсэг ногоон намын дарга байсан. Энэ сэдэвт илүү анхаарал тавихад ч нөлөөлсөн байх. Олон жил судалсан уу?

-Би цөмийн физикч биш жүжигчин мэргэжилтэй. Германд таван жил амьдарсан. Цөмийн цахилгаан станцыг ашиглах нь буруу, хаягдал нь хортой гэдгийг тэнд амьдарч байх хугацаандаа  тэндхийн хэвлэл мэдээлэл,  интернетээс мэдсэн. Санаандгүй гэж болно л доо. Тэгээд энэ аюул Монгол улсад нүүрлэж магадгүй тухай сонсоод,энэ асуудал руу өөрийн эрхгүй оролцож, тэмцэх болсон.Тухайн үед би Ногоон намын дарга байсан. Германд байсан хүмүүс ихэнх нь ногоон үзэлтэй болдог. Яагаад гэвэл Германд Ногоон үзэл хүчтэй байдаг учраас тэр байх. Тэнд суралцаж байсан маш олон хүн ногоон намд байдаг байсан. Даян дэлхийн ногоон намуудын үүсч бий болсон түүхээс харахад атомын эрчим хүчийг эсэргүүцэж гарч ирсэн байдаг. Яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн маань бол 2011 оноос. Энэ сэдвээр олон улсын хуралд оролцож байсан маань ч цөөнгүй. Энэ талаар Монголчууд маань нэлээд сайн ойлголттой байгаа. Бид ч хангалттай мэдээлсэн.Тиймээс нийгэм даяараа цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцсэн. Энэ нь бидний, иргэний нийгмийн байгууллагуудын, Монголын ногоонтнуудын сүүлийн таван жилд хийсэн гавъяа. Урьд нь цөмийн хаягдал, ураны тухай  нийгэмд ойлголт байгаагүй. 

-Одоо та ямар алба хашиж байна?

-Би 2012 оны сонгуулийн өмнө МАХН-д орсон. Одоо МАХН-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн хийж байгаа.        

-Цацраг идэвхит ашигт малтмал гэгдээд байгаа уран нь байгаль дээр байж байхдаа ямар ч хоргүй гэдэг юм билээ.Энэ талаар?

-Яагаад гэвэл байгаль дэлхий өөрөө олон сая жил энэ ашигт малтмалыг бий болгосон учраас байгаль дээрээ хөндөгдөөгүй байхдаа ямар ч хор хөнөөлгүй. Харин олборлож хөндсөнөөс болж цацраг идэвхит чанар нь идэвхжиж, хортой болж хувирдаг. Манайд газрын доор уусган баяжуулах аргаар олборлоно гээд байгаа. Энэ арга ч газрын гүний усыг хордуулах аюултай. Ураныг ил аргаар олборлоход цацраг идэвхит тоосонцор үүсдэг. Энэ тоосонцор бороо салхинд туугдаад хаана ч хүрч болно. Цацраг идэвхит бодис хүний цул эрхтнүүдэд нөлөөлнө. Хамгийн түрүүнд бамбай булчирхайд нөлөөлж бамбай булчирхайн хорт хавдар үүсгэдэг.

Технологи өндөр хөгжсөн Япон цөмийн хор уршгийг бие дээрээ амсч байна. Японы ард түмэн  цөмийн хор хөнөөлийг бие дээрээ хоёр дахь удаагаа амсаж яваа ард түмэн. Өчнөөн тэрбум мөнгө доллар зараад ч энэ аюулыг ойрын 100 жилд  арилгаж чадахгүй гэж дэлхийн хэвлэл мэдээллүүд бичиж байна. Жишээ нь Фүкүшимагийн ослын дараагаар ялангуяа хүүхдүүд бамбай булчирхайн хорт хавдраар их  өвчилж байна. Энэ бүхнийг тэр бүр ил гаргахгүй байна. Яагаад гэвэл цөмийн эрчим хүч өөрөө асар том  бизнес. Үндэстэн дамнасан том корпорациудын хийдэг  бизнес. Япон фикушимагийнхаа ослын дараа өөрийнхөө 57 станцыг зогсоосон.Тэглээ гээд эрчим хүчээр гачигдаагүй. Гэхдээ  Атомын станцаа нэмж ажиллуулсан байгаа.Үүнээсээ болж ард түмнийхээ зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарсан ч ажиллуулсан хэвээр байгаа.  Аюулгүй ажиллана гэсэн ямар ч баталгаа байхгүй.              

-Энэ асуудлаар мэргэшсэн мэргэжилтэн, судлаач манайд байдаг уу?

-Бидний эсэргүүцэж байгаа бас нэг үндэс нь атомын эрчим хүчийг ажиллуулах мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин байхгүй байгаа явдал юм.Яг энэ тал дээр мэргэшсэн боловсон хүчин одоогоор манайд алга. Харин сүүлийн үед энэ талын мэргэжилтэн гадаад дотоод сургаж байгаа. Монгол улсын Засгийн газар ирээдүйд Цөмийн эрчим хүч ашиглах бодлогоо ил далд янз бүрийн хэлбэрээр цааш явуулсаар байгааг иргэд эсэргүүцсээр байна. Одоо хүн төрөлхтөн эрчим хүчний шинэ эх үүсвэр нээснээ зарласан.  Наран дээр дэлбэрэлтийн процессыг ашиглан мөнхийн эрчим хүч гаргаж авсан тухайгаа Германы эрдэмтэд дэлхий дахинд саяхан зарласан. Тэхээр Цөмийн эрчим хүч ирээдүйгүй болж байна.

 Б.Туул



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.