Аналитик


Долоо хоногийн тойм: Дэлхийн рекорд эзэгнэсэн Монголчууд

3 жил, 11 сар TIMES.MN
"TIMES.MN" таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн өдрүүд улс төр, эдийн засаг, спорт, боловсролын салбарт үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Намрын ээлжит чуулганаар 2016 оны төсвийн тодотголын төсөөллийг өргөн барьж Сангийн сайд Б.Болор дэлгэрэнгүй танилцуулсан. Спортын салбарт армийн спортын олимпийн өдрүүд үргэлжилж, буудлагынхан рекорд тогтоон,  дэлхийд данстай тамирчид гэдгээ нотолсон юм. Мөн эрхэм гавьяат багш нарын баяр тохиолоо. Ингээд үйл явдлын дэлгэрэнгүйтэй танилцана уу.

 


2016 оны төсвийн төсөөллийн дэлгэрэнгүйг танилцууллаа

  Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэнэ. Төслийн үзүүлэлтээс харахад ирэх оны төсвийн төслийн орлого, зарлагын хэмжээ энэ оны төсвөөс өссөн байна. 2015 оны өрийн хэмжээ ДНБ-ийн 58.3 хувьтай тэнцэхээр баталсан бол ирэх онд ДНБ-ий 55 хувиас хэтрэхгүй байхаар тооцоолсон байна. 

Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг” уулзалтад оролцож ирэх оны төсвийг бодитойгоор батлах чиглэлийг барьж ажилласнаа тодотгосон юм. Түүний тайлбарласнаар сонгуулийн жилд дандаа хөөсөрсөн төсөв баталж ирсэн учир нэнэ хандлагыг өөрчилж, эдийн засгийн бодит нөхцөлд уялдуулан төслийг боловсруулжээ. "Төсвийн төсөөлөл" -ийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Иргэдийг хохироосон автобус компаниудын ажил хаялт

  Автобус компаниуд энэ сарын 7-ноос эхлэн олон нийтэд урьдчилан мэдэгдэлгүйгээр ажил хаялт зарлаж иргэдийг багагүй хохироосон. Хотын захаас хичээл сургууль, ажил албандаа явдаг иргэдэд унаа тэрэг олдохгүй, ажлаа тараад  хэдэн автобусандаа чихцэлдэн байж гэртээ харьж байлаа.


Ажил хаялт зарласан шалтгаан нь “Улаанбаатар смарт карт” компани орлогыг нь дутуу хуваарилж байгаа учраас автобус компаниуд алдагдалтай ажиллаж, техник, сэлбэг хэрэгсэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон учраас санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй болсон гэж тайлбарласан. Харин "Улаанбаатар смарт карт" компаний зүгээс орлогыг цаг тухайд нь шилжүүлж байснаа мэдэгдсэн төдийгүй одоогоор хувийн автобус компанийг шалгар горимд шилжсэн байна. Өнгөрсөн баасан гарагаас автобуснууд хэвийн үйл ажиллагаандаа шилжин иргэдэд үйлчилж эхэллээ. 


ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЭГЧ МОНГОЛ БАХАРХАЛ

   

   Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-оос эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн чансааг шинэчлэн зарласан байна  . Дэлхийн хошой аварга Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг жингээ тэргүүлжээ.


Буудлагынхан рекорд тогтоолоо

БНСУ-ын Мунгён хотод болж байгаа Армийн дэлхийн спортын зуны VI наадам болж байгаа билээ. Манай тамирчдаас жүдо, чөлөөт бөхийн тамирчид урамтай сайхан барилдаж, медаль хүртээд байсан.  Тэгвэл  Дөрвөн жил нэг удаа болдог дэлхийн армийн спортын наадамд Монголын баг тамирчид хоёр дахь алтан медалиа хүртлээ.  

Гурван байрлалаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн урт бууны багийн дасгалд Монгол Улсын баг түрүүлэн алтан медалийн эзэд болохын зэрэгцээ 1761 оноо авч наадмын рекорд тогтоосон байна. Багийн бүрэлдэхүүнд 2016 оны олимпийн эрх өвөртөлсөн Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа нар багтжээ.



Л.Ариунцэцэг



 

 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.