БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар Монгол Улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч охиныг (манайхаар 7-р анги) сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэрэг гарсан. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо.
БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй арванхоёрдугаар сарын 2-ны өглөө 08:00 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулсан. Энэ хэрэг нь 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад хоёр хүүхдэд холбогдох хэргийг 10 дугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон дөрвөн хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө хоёр нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн юм” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл