TIMES Ярилцлага


Д.ДАНДИЙ: ЭХИЙН ЭХСЭЭС ГАРГАЖ АВСАН БЭЛДМЭЛ МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭД ИЛҮҮ САЙНААР НӨЛӨӨЛСӨН

4 жил, 1 сар TIMES.MN

"Д.Дандий: Эхийн эхсээс гаргаж авсан бэлдмэл монгол хүүхдүүдэд илүү сайнаар нөлөөлж байсан"



Энэ 7 хоногийн зочин” буландаа Төрийн соёрхолт, шилдэг зохион бүтээгч, Гавьяат, доктор, профессор ДОРЖИЙН ДАНДИЙГ урилаа.  Халдвар өвчний дэгдэлтийг дарахад хувьсал хийсэн Монголын сор эрдэмтдийн нэг, шилдэг зохион бүтээгч билээ. “Эх орны даалгавар шүү” хэмээн төр засгаас үүрэгдснийг  биелүүлэх гэж, хүн ардаа халдварт  өвчнөөс  сэргийлэх гэж чаддаг, мэддэг бүхнээ зориулсан,  өвгөн эрдэмтний гавьяаг мартахын аргагүй. Эхийн эхсийг судлан  уурагт бэлдмэл зохион бүтээснийг  нь 90-ээд оны эхээр  үнэлэн  Төрийн шагнал хүртээсэн юм.

Зөвхөн үүгээр ч зогсохгүй галзуу, боом өвчний вакцин, идээт үрэслийг дарах тарилга, шиллэг эд гээд 40 гаруй бүтээгдэхүүнийг шинээр хийж,  үйлдвэрлэлд ч нэвтрүүлэн эрүүл энхийн үйлст 60 гаруй жил зүтгэж явнэ энэ эрхэмсэг агаад  бүтээлч хүмүүнтэй хөөрөлдснөө хүргэж байна. Өвгөрлөө гээд түүний бүтээх хүсэл мохоогүй. Үс нь бууралтлаа гээд зохиох тэмүүлэл нь унтраагүй. Хоцрогдлоо гэж хойш суугаагүй. Хором бүхэнд  уншиж судлаж, туршиж, шинийг сэдэж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж яваа энэ хүнтэй ярилцахад “Нас бол ердөө тоо. Хүний оюун ухааны хүч гэдэг оломгүй юм” гэсэн бодол төрж байлаа.  

 


-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу, та?

-Сайхан. Өвлийг өнтэй давж, урин хавартай золгож, удахгүй зуны дэлгэр цаг айсуй шүү\ инээвхийлэв\


-Тантай ярилцах гээд сонин, хэвлэлд гарсан материалыг уншихад  эхийн эхсээс  бэлдмэл гаргаж авсан  нь  сонирхол татаж байлаа. Энэ сэдвээр  ярилцлагаа эхлэх үү дээ?

-Эхэс гэдэг эх, ураг хоёрыг холбож, ургийг тэжээгч нь. Энгийнээр хэлбэл, хүнийг буй болгож байгаа “хүн” гэх юмуу даа. Японы эрдэмтэд эхэс дотроос бөөрний эс ургуулан  бөөр хийж Нобелийн шагнал хүртснийг сонссон байх.

Манай улс  1950-60-аад оны үед янз бүрийн халдварт өвчин маш их дэгдэж байлаа. Нэг хүн шарлахад гэр бүлээрээ халдварлаж өвчлөх нь энүүхэнд.  За тэгээд халдварт саа гээд айхтар өвчин гарч, хүүхэд унаж татаж өрөөл татуу болж байлаа.  Улаан бурхан, цахилгаан менингит зэрэг мэдэх, мэдэхгүй өвчин дэгдэж, ард түмний сэтгэлийг шаналгасан, айл гэр бүрт гуниг авчирсан, ийм хүнд үед өнөөгийнх шиг олон янзын вакцин, био бэлдмэл ховорхон  байлаа шүү дээ. Цагаан нөмрөгтөн эмч нарт  гар мухардах хүндхэн үе олонтаа л тохиолдож байсан.  Тэр үед гадаадын эрдэмтэн, мэргэжилтнүүд “Гаммаглобулин”   гээд сайн тариа байдаг юм. Америкт 1945,  46 онд үйлдвэрлэгдэж  гарсан. ЗХУ-д ч 50-иад оны үед нэвтэрсэн.  Чех,  Герман, Унгар, Болгар зэрэг олон орнуудад Гаммаглобулиныг  хүүхдүүдэд  төлөвлөлттэйгээр  тарьдаг болсон, ингэж халдварт өвчний тархалтыг дарж байгаа, танайх ч гэсэн ийм бүтээгдэхүүн хэрэглэ гэж зөвлөдөг  байлаа. Хүний цуснаас  өвчний эсрэг тэмцдэг уургийг ялгаж  өнөөгийн хэллэгээр бол Иммуноглобулин  хийх хэрэгтэй гэсэн. Энэ тариаг Монголд хийж бололцоо тааруу. Гаднаас авах гэхээр бас ховор. Дотооддоо хийе гэхэд цөөхөн хүн амтай, төрөлт бага, тиймээс гаммаглобулиныг   хийж чадахгүй гэсэн хандлага тэр үед давамгайлж байсан.  

Тэгэхээр нь эмч найзуудтайгаа ярьж байгаад бид яагаад чадахгүй гэж, хүн л үүнийг хийсэн байж таараа гээд зориглож үзэхээр шийдсэн юм. Тэр үед ЗХУ-д 2 сар явж  туршлага судлаад ирлээ. Ирээд Эрүүлийг хамгаалах яамны коллегийн хурал дээр илтгэл тавилаа. Гэтэл энэ тариаг тэгээд хийж чадах юмуу гээд асуухаар нь залуу ч, зоригтой ч байж чадна аа гэж хэлээд тавьчихлаа даа. Ингэж ам алдсан биш Дандий гаммаглобулиныг хийнэ гэсэн  хаана юу хийж байгаа юм, хэрвээ хийхгүй бол намын үүрийн хурлаар хэлэлцэнэ, арга хэмжээ авна гээд бөөн асуудал болж л  байлаа. Өнөөдөр эхлүүлээд маргаашнаас  нь хийчихгүй шүү дээ.  Түүнийг  хийхэд маш нарийн технологи шаардана, үндсэн  болон туслах материал хэрэгцээтэй болно. Ер нь хүний хүний цусанд 100 гаруй уураг байдаг.Түүнээс   цэврээр ялгаж авна гэдэг тийм амархан ажил биш ээ. Тухайн үед ЗХУ-д нэвтрээд ердөө арав хүрэхгүй жил болж байлаа.  

Тэгээд гаммаглоблиныг 1971 онд улс хувьсгалын 50 жилийн ойгоор  үйлдвэрлэж гаргасан. Тэр бүтээгдэхүүнийг гаргахад бид нарт ЗХУ-ын нарийн мэргэжилтнүүд их тусалсан. Бүхэл бүтэн үйлдвэрийн цех байгуулж, бүх аймаг, хотод  төрсөн эхчүүдээс цус цуглуулдаг байлаа. Эрдэм шинжилгээ, судалгааны  ажил ч мөн их хийсэн дээ, бид. Нялх хүүхдийн бүлээн бие, халуун цусанд тарих учир алдах эрхгүй.  20-иод үзүүлэлтээр шалгана. Түүнийг давсан үед гаммаглобулин болж хүнд хэрэглэж болно гэж үздэг. Улс хувьсгалын 50 жилийн ойгоор 1000 гаруй ампул тариа хийж гаргалаа.  Эхлээд өөрсөддөө, дараа нь  усан гахай, туулай зэрэг амьтад  дээр ч тарьж туршсан. Хамтарч үйлдвэрлэсэн 10 хүнд  протокол хөтөлж байгаад анх туршилтаар тарьсныг  Ардын хянан шалгах хорооноос шалгаж мэдчихээд  та нар улсын бүтээгдэхүүнээр өөрсдийгөө тарилаа гэж буруутгаж, торгууль ногдуулж  байлаа шүү дээ.


-Цусны сийвэнгийн уургыг молекулын түвшинд ялгаж авсан нь таны нэвтрүүлсэн ажлын амин сүнс үү?

-Тийм ээ. Цусны сийвэнгийн уургийг молекулын тєвшинд ялгаж, хэрэглээнд нэвтрүүлсэн юм.  Амаржсан эхийн эхэс, донорын сийвэнгээс уургийн тєвшинд фракцлах євєрмєц технологи боловсруулсан. Өнгөрсөн 30 гаруй жилд энэ технологиор давхардсан тоогоор таван сая орчим хүүхэд, эхийг эмчлэх, сэргийлэх, хэвийн болон євєрмєц иммунноглобулины бэлдмэл, 15 мянган хүн эмчлэх нэгж альбумин, протеин, амино уураг гаргасан нь цус, цусны нєєц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, нэмэгдүүлэх боломжийг бий болгосон гэж боддог. Тєрийн бодлогын хэмжээнд стратегийн ач холбогдолтой цусны уургийн бэлдмэлийн үйлдвэр, шинжилгээний цехтэй болсон нь манай улс єндєр хєгжилтэй орнуудын тєвшинд ойр очсон гэсэн үг. Энэ ажлын үр дүнг эдийн засгийн хэлээр илэрхийлбэл чамгvй урт тоо гарах болов уу.

Цусны уурагт бэлдмэл\гамглоблин\,иммуноглоблин, альбинум зэрэг уурагт бэлдмэлийг эмнэлгийн практикт нэвтрүүлсэн үр дүн гэдгээр Монгол Улсын төрийн шагналыг 1990 онд  надтай хамт ажилласан таван хүн хамтдаа гардан  авсан юм.


-Тэрхүү уурагт бэлдмэлийг хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх зорилгоор тарьсан гэсэн үг үү?

-Тухайн үед одоогийнх шиг вакцинжуулна гэдэг шиг   хүүхдүүдийг  гаммаглоблинжуулах аян өрнөж байлаа. 3-8 настай хүүхдүүд намар сургууль, цэцэрлэгт ирэхэд нь бөөнөөр  тарьдаг байсан. Ийм аяныг өрнүүлснээр шар өвчин, менингит   зэрэг халдварт өвчнийг тархалт  1-2 дахин багасгасан юм. Хүүхдүүдэд тарихад нэг хүүхдэд ч гаж нөлөө үзүүлээгүй, гэдэс дотор нь эвгүйрэхээгүй. Эхийн цуснаас шүүж авсан сор бүтээгдэхүүнийг хүүхдүүдэд тарихаар тийм сайн үр дүн өгч байгаа хэрэг.


-Өөрсдийнхөө хийсэн гаммаглобулиныг гадаадаас оруулж ирсэнтэй харьцуулан судалгаа хийж байсан гэсэн. Ялгаа ажиглагдсан уу ?

-Харьцуулж, судалгаа хийхэд манайхны хийсэн ч хамаагүй илүү үр дүнтэй байлаа.  Орос, Чех, Герман ээжүүдийн цусан дахь уургын агууламж монгол эхчүүдийнхээс өөр байсан учир бидний хийсэн бүтээгдэхүүн монгол хүүхдүүдэд илүү сайнаар нөлөөлсөн болов уу  гэж боддог.

Ер нь ДЭМБ, Улаан загалмайн байгууллага  эх орныхоо ард иргэдээс цус авчихаад  цусан бүтээгдэхүүн үйлдвэрлээд  гадаадад худалдах, экспорт, импорт хийхийг хориглодог. Харин байгалийн гамшиг, нийгмийг хамарсан үзэгдэл, аюул осол, зайлшгүй шаардлагатай нөхцөлд   энэрэнгүй үзлийн үүднээс  тусламж үзүүлэхийг зөвшөөрдөг юм. Юу гэж хэлэх гээд байна гэхээр стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.


-Энэ уурагт бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэхээ больж, таны нэрэмжит Биотехнологи, сургалт судалгааны төв  түр “хаалгаа барьсан ”  гэх юм?

- 2010 оноос хойш ажиллахаа болилоо доо.  Энэ байгууллагын даргаар 20 гаруй ажил ажилласан,  олон зүйл хийж туршиж явсан  хүн болохоор  их л харамсах  юм. Яагаад бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэхгүй байгаа юм бэ гэхээр  засвар  хийж байгаа л гэдэг юм билээ. Ямарч удаан хийдэг засвар юм. Би бодохдоо  менежмэнтийн арга барил,   тоног төхөөрөмжийн шинэчлэл зайлшгүй л шаардлагатай болсон болов уу . Одоо харин энэ асуудал хүчтэй яригдаж байгаа сурагтай.Төр засаг бодлоготойгоор  өөд нь татаасай л гэж бодох юм даа.


-Энэ бэлдмэлийг Монголдоо үйлдвэрлэхээ больсон учраас гадаадаас худалдаж авч байгаа юу?

-Тэгэхээс өөр аргагүй шүү дээ. Ийм материал бааз дээрээ  тулгуурлан шинжлэх ухааны ололт, дэвшилийг шингээгээд улам өргөжүүлээд явмаар юм.Гэвч  нэг иймэрхүү.  Гадаадаас ч цусны уурагт бэлдмэл авахад олдоц тааруухан, үнэ ч өндөр л байгаа байх.  Нэг литр гаммаглобулин, альбинум л гэхэд   бараг 2 сая төгрөгийн үнэтэй юм билээ. 100 грамм нь 100-200 мянган төгрөг.  Ийм чухал бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд явж байвал улсдаа ч, эрүүл мэндийн салбартаа ч, хүн арддаа ч хэрэгтэй  юм шүү дээ уг нь. Гэдэс нь усан хаван болчихсон, бөөрний хүнд өвчтэй, цэвэршилт явагдаж байгаа эмэгтэйчүүдэд ч  тарихад үр нөлөө сайтай. Зөвхөн энэ тариаг тариулаад амь насаа 3-4 жил  уртасгасан хүн ч бий шүү дээ.

-Цусны уурагт бэлдмэл үйлдвэрлэх арга техникээ ном товхимол болгон үлдээж байгаа юу?

- Иммуноглоблин үйлдвэрлэх горим оршвой гэсэн ном  бичсэн. Хойч үедээ үлдээж байгаа миний бүтээл. Монгол хүний цусны уураг онцлогтой. Өег талруулгаа. Олон үзүүлэлт нь өөр. Тэр онцлогийг тусгасан өвөрмөц технологи боловсруулж уурагт бэлдмэл бүтээсэн юм. Гадаадын технологийг шууд авчраад хуулж туршиж үзсэн. Гэтэл тэр арга аргачлалаар монгол эхчүүдийн цуснаас цэвэр уургийг ялгаж болохгүй  байсан. Тэгээд л тусгай, өвөрмөц технологийг боловсруулсан юм шүү дээ.  


"Д.Дандий: Цагаан цэцэг өвчнийг эх орны вакцинаар бүрмөсөн устгасан Азийн анхны орон болсон"




-Галзуугийн вакцин хийж, голомт дээр  нь очиж ажилладаг байсан гэж сонссон. Хүнд халдварлахаар ямархуу шинж тэмдэг илэрдэг юм бэ?

- Чоно, үнэг зэрэг амьтнаас хүнд  халдварладаг айхтар өвчин. Энэхүү галзуу өвчнөөс сэргийлэх вакциныг үйлдвэрлэж 50 гаруй жил хэрэглэж ирсэн.  Галзуугийн голомт дээр очиж ажиллаж байсан. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын  Сутайд галзуу өвчтэй  2 чоно таван хүнийг хазаад, хоёр морь, хоёр нохой, 100-аад хонь, ямааг  хүү татсан байлаа. Бид хотоос хоёр хоногийн дараа онгоцоор очсон юм. Галзуугаар өвчилсөн чононы өвдөхийг мэдрэх, айх, эмээх  мэдрэмж  нь алга болчихдог. Буудаж , цохиж байгааг ч  мэдэхгүй.  20 гаруй настай залууруу дайрч ноцоход  ч  тулгар биетэй эхнэрээ бууд гэхэд өнөөх нь замаг, гохыг дарж чадахгүй болохоороо сур аваад хөлийг боож унагасан байдаг. Тэгээд зүрх рүү хутгалж хөнөөсөн юм билээ. Тухайн үед галзуу өвчтэй чононд таван хүн хазуулаад  гурвынх нь амь насыг аварч, хоёр нь өөд болсон харамсалтай хэрэг гарч байсан даа.  Урьдчилан сэргийлж вакцин хийж бусдад халдварлахаас сэргийлж, дэгдэлтийг газар авахуулахгүй дарахгүй бол аюултай.  


-Зохиолч Б.Догмид “Улаан тарианы хүүхнүүд” гэсэн  өгүүллэгтээ 50, 60-аад оны үед тэмбүү өвчин хүчтэй тархаж, хэрхэн эрүүлжүүлэх аян өрнөж байсныг тодорхой бичсэн байдаг. Тэр өвчнийг илрүүлэх оношлуурыг та зохион бүтээсэн юм уу?

- Тиймээ. Их сонин түүхтэй шүү. МУИС-ийг Малын их эмч мэргэжлээр төгсөөд Мал аж ахуйн яаманд ажиллаж байтал хоёр яам тохиролцож, Төв хорооны шийдвэрээр Эрүүлийг Хамгаалахын салбарт ажиллуулах болсон. Шинэ ажилдаа ороод хэдэн сар болж байтал хаврын нэгэн өдөр Эрүүлийг хамгаалах яамны сайд Г.Туваан дуудлаа. Яваад ортол  том ширээний араас  намхандуу бор хүн мэндлээд “Манай улс ирэх жилээс улс даяар хуучин нийгмийн үлдэгдэл арьс өнгөний өвчнийг (яр тэмбүү, заг хүйтэн) үндсээр нь устгаж, хүн амаа эрүүлжүүлэх компанит том ажил зохионо. 18 наснаас дээш бүх хүнээ 1-2 удаа цусны шинжилгээнд хамруулна. Цус шинжлэхэд 5-6 нэрийн оношлогооны бэлдмэл шаардлагатай юм байна. Үүнийг чи л хийнэ. Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн шийдвэр гарна. ЗХУ-аас туслах эмч нар ирнэ. Энэ бол эх орны даалгавар шүү”  гэдэг юм байна.

Тэмбүү өвчний далд хэлбэрийг цусны шинжилгээний урвал тавих аргаар илрүүлэхэд Гемолизин, Вассерман, Цитохоль, Канын эсрэг төрөгч комплемент, хонины цусны эритроцит зэрэг 6 бодис шаардлагатай байсан. Эдгээрийн эхний 4 бодисыг цоо шинээр хийхээр ажилдаа орсон. Гэтэл надад нэг шар халзан төлөг, хэдэн туулай, номноос өөр юу ч үгүй, мэдлэг дадлага дутмаг байв. Ажилд маань 100 туулай, усан гахай, хонь, центрифуг, термостат, ус нэрэгч, үхрийн нойтон зүрх, сэнс, спирт, эфир, микроскоп зэрэг олон зүйл хэрэгтэй байв. Ёстой л “харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр” мэт санагдах нь энүүхэнд.  Гэхдээ бүх зүйлийг олж цуглуулж, ажлаа эхлэхэд удирдлага, найз нөхөд, танил тал хэн бүхэн л болж бүтэхээрээ тусалсан. Алив анхны зүйлд ямагт бэрхшээл тулгарч алдаж онох алийг тэр гэхэв. Хонины цусны улаан эсийн эсрэг төрөгчөөр туулай тарихад гэнэтийн шоконд орж үхнэ. Уг нь туулай бүлтэгнээд уурлахаараа хөлөө дэвслээд хөөрхөн, цэвэрхэн амьтан. Зарим үед 25 туулайнаас 5-6 нь амь алдана. Яахав, ёстой цаад утга нь хүнийхээ эрүүл мэндийн төлөө юм гэсэн байдлаар сэтгэлээ цагаатгадаг байсан.
Туулай яагаад ч хүрэхгүй байна. Морь юм уу илжиг хэрэгтэй байна, туршилт явуулаад үзье гэж дарга Ц.Намсрайд хэлтэл, сайд Туваантай яриад 400 төг зөвшөөрч 2 сайхан соёлон морь авч өгөв. Удаа дараа туршилт явуулав.  Энэчлэн сорил туршилт үргэлжилсээр баярлаж гуниж элдвийг үзэж бараг л үлгэр домгийн адал явдал жаргал, зовлонг туулж 3 жил гэхэд сайдаас өгсөн даалгаврын дагуу оношлогооны 5 бодисыг нэр төрөл, тоо хэмжээгээр бэлэн болгосон доо.

Нэгэн өдөр Арьс өнгөний больницын дарга доктор Б.Гонгоржав гуай лаборант Цэрэнлхамаар зөвхөн 1- 50 хүртэл дугаарласан 50 ширхэг хуруу шилтэй цусны ийлдэс явуулжээ. Уг 50 ийлдсийг өөрийн хийсэн оношлуур бодисоор нягтлан шинжилбэл 25 нь 2-3 чагттай (+++) буюу өвчтэй, 24 сөрөг (-), харин нэг цус эргэлзээтэй (±) гарав. Тэд нар надад 25 өвчтэй (далд хэлбэрийн тэмбүүтэй), 25 нь эрүүл хүний цусны ийлдэс явуулсан байж. 50 ийлдсийн сорилыг миний хийсэн онош зүйн бодис зөв хариу гаргасанаар  би ч  мандаж, магтуулж, нэр хүнд маань өсөөд сайхан байсан. Цусны шинжилгээ хэдэн чагттай хэдэн курс тарилга хийлгэх ёстойг хэлж өгдөг учир, далд хэлбэрийн тэмбүүг илрүүлэх, мөн эмчилгээний үр нөлөөг хянахад шийдвэрлэх ач холбогдолтой байсан.  Ийнхүү алтан гарт лаборант С.Н.Розуваева, Ч.Пэлжээ, Д.Гаваа, С.Сосорбарам нартайгаа хамтран хийсэн ажил амжилттай болсон. Зарим судлаачид, эмч нарын дурсамжаас үзэхэд зөвхөн нэг лаборатори өдөрт 200- 300 хүний цусны ийлдэс шинжилж байсан юм билээ. Жишээ нь, Завхан аймагт 60000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж, 3076 тэмбүүтэй өвчтөнүүдийг илрүүлсэн гэж серологич Г.Энхтүвшин эмч тэмдэглэсэн байдаг юм. Ингэж Туваан сайдын өгсөн “эх орны даалгавар” ажил болон хэрэгжсэн түүхтэй юм даа.


-Та халдварт өвчний эмчлэхэд  хувьсал хийсэн юм биш үү?

-  Монгол улс XX зууны эхний 70 жилд 50 хувь хүртэл үхэлд хүргэдэг цагаан цэцэг өвчнийг эх орны вакцинаар бүрмөсөн устгасан Азийн анхны орон болсон төдийгүй, улмаар бэлгийн замын өвчнийг үндсэнд нь устгаж чадсанаар хүн амаа эрүүлжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж хувьсгал хийсэн юм даа. Энэ бол олон хүний гавьяа. Тэр үеийн эрүүл мэндийн салбарын  бодлогыг тодорхойлж байсан хүмүүсийн алсын хараа, төрийн бодлого аливаа их, бага, том, жижиг гэхгүй хэзээ ч үнэ цэнээ алддаггүйн жишээ , мэргэжилтнүүддээ хэрхэн итгэл хүлээлгэж байсны илрэл юм даа.  Байхгүйгээс нь байлгахын төлөө, болохгүйгээс нь болгохын төлөө алд биеийн алжаалыг умартаж, бэлэнчлэлийг сөрж, бэрхшээлийг давж зохион бүтээсэн “ Иммуноглобулин, альбумин, протеин, гистаглобулин” зэрэгт уурагт биобэлдмэл монголын төв хөдөөгийн мянга мянган хүмүүсийн нэн чухал хэрэгцээт шилдэг бүтээгдэхүүн болоход Төрийн сайдаас авахуулаад  оросын мэргэжилтнүүд, хамтран зүтгэгчид гээд сайн санаат хүн бүрийн хүчин зүтгэл, дэмжлэг нөлөөлсөн юм.  


"Д.Дандий:Үхрийн нүдээр үрэвсэлт өвчнийг анагаах тариа үйлдвэрлэсэн"

                                  


-Үхрийн нүдээр шиллэг эд үйлдвэрлэсэн гэдэг. Энэ тариа үрэвсэлт өвчнийг нам дардаг гэх юм билээ?

-Монгол улс мал аж ахуйн орон.  Мах комбинатад  мал олноор нядалж байна. Маш их цус, дайвар бүтээгдэхүүнийг бүрэн ашиглаж чадахгүй хаяж байна. Малын цус, дайвар бүтээгдэхүүнээр юу хийж болох уу, шинэ технологи нэвтрүүлж, эрүүл мэндийн салбарт ашиглах болох зүйл байна уу гэдгийг судал гээд  3 хүнийг ажлаас чөлөөлөөд томилсон. Тэр гурван хүний нэг нь би.  Нядалсан үхрийн нүдний цэхэр ус буюу цөцгийг шахаад маш сайн  ариутгаад тариа үйлдвэрлэж болно гэдгээ яаманд уламжиллаа. Бидний санаачлагыг дэмжснээр   шарх сорви эдгээх, янз бүрийн үрэвсэлт өвчнийг  анагаах  шиллэг эд гэсэн нэртэй бүтээгдэхүүн төрсөн түүхтэй. Хэрээ амьтны нүдийг нь ухаж иддэг. Тийм болоод ч тэрүү их урт насалдаг гэдэг шүү дээ. Манай салбарын  сайд байсан Туваан  нэг удаа надтай уулзаад “Би чинь бүтээсэн шиллэг эдээр тариуллаа. Нойр, хоолондоо сайжраад ирсэн шүү. Чиний шиллэг эдийн төлөө хундага өргөе. Энэ бүтээлээрээ Төрийн шагнал аваарай” гэж хэлж байж билээ. Нээрээ амны билгээс ашдын бэлэг гэгчээр энэ бүтээлээрээ биш ч гэсэн уурагт бэлдмэлээрээ бүтээлд олгодог төрийн хүндтэй шагналыг хүртсэн дээ.  

-Үхрийн нүдээр үрэвслийн эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нарийн арга технологи шаардлагатай байх. Өөр юутай хольж хийдэг байсан юм бэ. Олонд дэлгэж болохгүй нууц уу?

-\Инээв\. Ард түмнээсээ нуух юм надад байхгүй. Манай  хоёр  ажилтан машинтай өглөө гараад л Мах комбинат дээр очоод 10 литрийн хоёр хувингаар дүүрэн  үхрийн нүд авчирдаг байсан. Тэгээд цэвэрлэж, хагалаад цэвэр уургийг ялгаж авна. Бид нар дээр нь  юу ч нэмэхгүй шүү дээ.

Бас 1950-иад оноос антиобиотекийг маш их хэрэглэсэн. Одоо ч хэрэглэж байна. Замбараагүй хэрэглээтэй учир бактери нь тэсвэртэй болчихсон. Тухайлбал, хүүхдийн чихнээс булаг гоожоод халуурахаар 10 сая пеницлин тарихад  намддаг ч ядрах, дархлаа сулрахаар  дахиад гарна. Тиймээс бид антиобиотект тэсвэртэй болсон микробын эсрэг бэлдмэл хийсэн юм. Ерөнхийдөө  гол цэгийг олж устгаж, тэмцэж чаддаг тийм бэлдмэл хийсэн гэсэн үг. Энэ бүтээгдэхүүний гол түүхий эд нь морины цус. Морийг тэр микробоор нь тарихаар эсрэг бие үүсгэдэг. Түүнийг нь  цуснаас ялгаж аваад тариа хийсэн юм.  10 сая пеницлин тариулаад эдгэхгүй, дахин дахин сэдрээд байсан бол энэ тариаг тарихад   бүрэн эдгэрдэг юм.  

"Д.Дандий: Нас минь ч хүрэх  юм болов уу гэж бодох үе бий шүү"



                                                             


-Арьс  цайх өвчний үед хэрэглэх бэлдмэл зохион бүтээсэн гэсэн. Одоо үйлдвэрлэж байгаа  юу?

- Үйлдвэрлэж байгаа. Арьсны єнгє хувирч, алаглан, арьсанд нєсєє үүсч, эд, эс гэмтсэнээр үүсдэг євчин. Сэтгэлээр унах, хямралд автан єєртєє тавих хяналтгvй болох, уурлах зэрэг мэдрэлийн үйл ажиллагаатай ч холбоотой. Yүнээс гадна эрхэлдэг ажил, мэргэжил, эмийн зүй бус хэрэглээ, нарны хэт ягаан туяа, зэс, төмөр дутагдсанаас үүсдэг. Зарим тохиолдолд удамшлын хандлагатай байдаг. Дэлхийд тархсан энэ євчин сүүлийн жилүүдэд манайд нэмэгдэх боллоо. Өвчний шалтгаанд олон зүйл нєлєєлдєг болохоор дэлхийн эрдэмтэн, судлаачид юунаас үүдэлтэйг тодорхойлж чадахгүй  л байна. Євчнийг анагаах тогтсон стандарт эмчилгээ гараагүй, Кубад үйлдвэрлэсэн мелангенийг ашигладаг юм билээ . Арьс өнгөний больницын ерөнхий эмч Цог нэг өдөр  шилтэй эм авчирч өглөө. Үүнийг хүмүүс Кубаас авчирч байна. 200 мл 40-50 ам.долларын үнэтэй юм байна. Арьс цайх өвчинд л хэрэглэдэг.. Хүний эхэсээс хийсэн гэх юм, та нэг судалж үзээч, хийж болохоор болохоор байна уу гэлээ.Тэгээд таван жил судалгаа хийсэн.  Зэс , цайр, төмөр дутагдахаар бас арьс цайдаг нь нэг шалтгаан нь байх магадлалтай  байлаа. Тэгээд бид зэс, цайр, төмөр зөөдөг цусны тусгай уураг байдаг. Түүнийг морины цуснаас аваад бүтээгдэхүүнээ хийсэн дээ. БНСУ-д болсон тэмцээнл  явуулахад  хүрэл медаль, идээт үрэвслийг анагаах бэлдмэлээрээ  мөнгөн медаль авсан.

Олон жил цус, эхсийн уургаар янз бүрийн бүтээгдэхүүн хийсэн туршлагадаа тулгуурлан мелагенин гэдэг  түрхлэг хийснийг одоо ч үйлдвэрлэж л байна.   Арьсыг тэжээллэг чанараар тэтгэх, бодисыг эд, эс рүү дамжуулах адууны цусны уураг, гормон, биологийн идэвхт бодис орсон. Арьс цайсан тэр хэсэгт хэт ягаан туяагаар шарлага хийгээд дараа нь түрхлэгээ түрхэнэ. Ингэснээр түрхлэгийг арьсаар нэвчүүлж, үр дүнтэй болгодог юм.

-Үр дүн нь хэр байгаа бол. 100 хувь эдгэх боломж бий юу?

-Арьс цайх эмгэг тусаад удаагvй залуу хүмүүс 20-30 удаа эмчлүүлснээр эдгэрч байна. Ер нь тууштай эмчилбэл євчнєєсөө салах боломж бий. Архагшсан тохиолдод тийм ч амархан арилчихгүй. Мєн шингэн түрхлэгээс гадна мелагенин гэдэг тосон бэлдмэл бүтээсэн. Гэрийн нєхцєлд үүнийг хэрэглэх боломжтой. Эдгээр нь эхний бүтээлүүд. Цаашид ууж хэрэглэх буюу дотроос эмчилдэг бэлдмэл гаргах бодолтой ажиллаж байна. Япон, Оросууд хамтраад тариа хэлбэрээр  хийсэн байна.


-Та үнэхээр бүтээлч хүн юм.  Бүтээх хүслээр жигүүрлэж байгаа болохоор та оюун санааны хувьд хөгширдөггүй байх аа?

-З төрлийн  бүтээгдэхүүнийг  үйлдвэрлэлд нэвтрүүлчих юмсан гэсэн том зорилго байх л юм. Нас минь ч хүрэх  юм болов уу гэж бодох үе бий шүү.


"Д.Дандий: Энэрэнгүй үйлсийн том “онгоцонд” сууж 60 гаруй жил зүтгэж явна"



-Гарын шавь бий юу?

-Байлгүй яахав. Гадаадад гурван шавь суралцаж байна. Биотехнологийн  үйлдвэр  дээр ажиллаж байсан эм зүйч шавь маань  байна. Тоолбол арваад шавь бий. Одоо нутгийн нэг эмч бүсгүй, ЭМШИУС-ийн багш хоёр л таны удирдлага дор туршилт, судлагаа хийе гэсэн санал тавиад байгаа.

 -Хүүхдүүдээс таны мэргэжлийг  тань өвлөсөн хүн байна уу?

-Ах нь таван хүүхэдтэй. Хоёр нь эмч, хоёр нь багш, бага нь  эрдэм шинжилгээний  ажилтан. Надтай хамтарч ажиллаж байгаа охин маань биохимич л дээ. Мэргэжил нь миний хийж байгаа ажлаас холхон л юм.

-Таныг малын  эмчээс анагаахын салбарт “урвасан” хүн гэх юм билээ?

-Улаанбаатар хотод ирж Мал эмнэлгийн техникумд суралцсан. Дараагаар МУИС-ийн  мал эмнэлгийн ангийг дүүргэсэн юм. Тэгээд Хөвсгөл аймагтаа ажиллаж байгаад дуудагдаж  Мал аж ахуйн яаманд ажиллах болсон. Гэвч удалгүй  Эрүүлийг хамгаалах яамнаас ирээдүйтэй малын эмч өг гэсэн хүсэлт илгээсний дагуу тийшээ томилогдож очсон.  Тухайн үед байдаг л томилолт шиг санагдаж байж. Гэвч   миний хувь заяа, ахуй амьдралыг тодорхойлсон томилолт байсан юм билээ.  Насан туршдаа эрүүлийг хамгаалах гэдэг энэрэнгүй үйлсийн том “онгоцонд” сууж олон мянган асрагч, сувилагч, эмч нартай ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө  60 гаруй жил зүтгэж явна даа, өвгөн ах нь. Өнөөдөр эргээд бодоход хийсэн зүйл ч байна, алдсан зүйл ч байна. Оносон зүйл ч бишгүй. Зүтгэлийн үзүүр хоосонгүй  олзтой явж иржээ.


-Та Арбулаг сумын хүндэт иргэн, энэ сумаас олон алдартнууд төрөн гарсан.Таны нутгийнхаа эрдэмтэд зориулж бичсэн шүлгийг уншаад зохион бүтээгч атлаа шүлэг бичих авьяастай юм байна гэсэн бодол төрсөн шүү?

- Миний яруу найрагч гэж юу байхав. Гэхдээ шүлэг  тэрлэхийг оролддог л юм.  Миний төрсөн нутаг бол  Хөвсгөл аймгийн Арбулаг сум. Баруун талаараа Дэлгэрмөрөнгөөр эмжигдсэн, хойгуураа дархад зонтой, зүүн талаараа халх, буриад, урианхайтай хиллэдэг нутаг даа. Олон ястангуудын дунд байдаг сайхан сум бий. Олон ч алдартнууд, эрдэмтэд, профессор, доктор, гавьяатууд энэ сумаас  төрж гарсан даа. Жамцын Бадраад зориулж,

Байдаг, байдаг л гэх юм.

Хамаг монгол туургатныг

Халуун элгэн нутгаараа

Эвлэлдүүлэн нэгдүүлсэн дуу байдаг гэж үү.  

Чойсүрэнгийн Давгадоржид:

Байдаг, байдаг л гэх юм.

Ямаатын ургаа хадыг

Уйлуулан, дуулуулан

Уяруулан, хайлуулсан

Ээж минь  дээ дуу шиг нь байдаг гэж үү

Цэвэгжавын Жамьянжавт:

Монголын хөдөө аж ахуйн их сургууль хэмээх

Нүсэр хөлөг онгоцыг

Урлан бүтээлцэж,

Хорин таван жил залуурдсан эрдэмтэн Жамьянжав шиг байдаг гэж үү гэх мэтчилэн бичиж байсаан.

Нутгийнхаа “Хүйсийн булаг”-аа төсөөлөн шагласан  шүлгэндээ ая хийлгэчих юмсан гэсэн бодол байдаг л юм.


Хүйсийн булгийн ус нь бол 
Хүн малын ундаа юм шүү
Хүрээ сум гэж ялгаагүй
Хүж дэлхийн рашаан юм шүү
Хүйсийн булгийн ус нь
Хүндтэй ээжүүдийн цайны дээш юм шүү
Хүсэлтэй, хайртай ээжийн минь
Халуун духны хөлс юм шүү
Хүн байгаль хоёр
Хүйн холбоотой байдаг
Хүйсийн булаг бидэн хоёр нь
Амин холбоотой байдаг .

Нэгэн насанд ахадсан гэмээр  ихийг бүтээж яваа энэ хүмүүнтэй хөөрөлдснөө өндөрлөж, урт удаан насалж хүн зондоо тустай олон сайхан бүтээл гаргахыг хүсэн ерөөе.

Д.Доржпагма





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.