20 мянган төгрөгөөр хүүхдүүдэд жүдогоор хичээллэх боломж олгосон Монгол залуу

9 сар, 1 долоо хоног TIMES.MN

 Сүүлийн үеийн хүүхэд залуус унтахаас бусад идэвхитэй цагийн ихэнхийг ухаалаг гар утас, цахим орчинд өнгөрүүлдэг нь хэвийн үзэгдэл болсон. Үүнээс үүдээд олон цагаар хөдөлгөөнгүй суусан хүүхэд залуус хөдөлгөөний дутагдалд орох эрсдэл өдрөөс өдөрт ихсэж байгаа. Тэгвэл таныг хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх, хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг “Жүдо бөх сонирхогчдын клуб” олгож эхэллээ.


Тус клуб өнгөрсөн таван сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогоор 50 гаруй суралцагчид хичээллэж байна. Клубын хаалгаар ороход л цэвэр тохилог орчин биднийг угтсан юм.

Багш, суралцагчдаас эхлээд бүгд л элгэсэг, дотно, найрсагаар хүлээж авлаа. Клуб сургалтын төлбөрийн таатай нөхцөлийг / сарын төлбөр хүүхэд 20,0, насанд хүрэгчид 30,0/ бүрдүүлээд зогсохгүй сонирхсон хэн бүхэн долоо хоногийн аль ч дуртай цагтаа "spinning" болон жүдо бөхөөр хичээллэх боломжтой аж. 


Ингээд тус клубын багш, суралцагчдын сэтгэгдлийг хуваалцлаа.

Т.Түмэнжаргал: "Багш гэдэг эерэг сэтгэлзүйг хүүхдүүдээ өгдөг байх ёстой"


Жүдо сонирхогч хүүхэд залууст хичээл заахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

Намайг багшаа гээд зориод ирсэн хүмүүст аль болох өөрийн арга барил техникээ зөв эзэмшүүлээд, эхнээс нь бүх зүйлийг зөв зааж өгөх юмсан гэсэн гэж боддог. Одоогийн байдлаар манай клубт 40,50 хүүхэд суралцаж байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд 100-аад хүүхэд сэлгэгджээ. Би Үндэсний Биеийн тамирын сургуулийг багш дасгажуулагчаар төгссөн. Өглөө, өдөр оройн ангийн бүх насныханд бэлтгэл ордог. Бага болон дунд насныханы бэлтгэл гэдэг хоорондоо асар ялгаатайБага насны хүүхдүүдтэй илүү анхааралтай, сонор сэрэмжтэй, хараа хяналттай сургалтаа явуулахгүй бол бэртэж гэмтэх магадлал өндөр байдаг. Хүүхдүүдийн ачааллалыг маш сайн хуваариладаг байх хэрэгтэй учраас өдөр бүр сургалтын тэмдэглэл хөтөлдөг. Тэр дундаа бага насны хүүхдүүдийн амрах, тоглох, ачаалал даах чадварыг шинжлэх ухааны үүднээс тодорхойлж сургалт үйл ажиллагаагаа явуулдаг. Хамгийн чухал нь хүүхдүүдийн сэтгэлийг эмзэглүүлэхээр тийм үг гаргахгүй байх, урам өгөхийг хичээн ажилладаг. Багш бол эерэг сэтгэлзүйг хүүхдүүдээ өгдөг байх ёстой гэж боддог доо.

Эхний тэмцээндээ орох гэж байгаа гэж дуулсан.

Тийм ээ. Одоогоор 14-15 насны суралцагчдаа тэмцээнд оруулахаар бэлтгэлээ базаагаад байж байна. Уналт, өнхрөлтөө эзэмшсэн, өрсөлдөгч мэх хийхэд зөв унадаг тийм хүүхдээ өрсөлдүүлнэ гэсэн үг.  Миний хувьд багшлахын хажуугаар олон төрлийн тэмцээн уралдаан шүүж байсан туршлагатай. Харин клубын нөгөө багш маань ОУ-ын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ гэж хүн бий. Манай клуб жүдо академийн харьяа гэсэн тодотголтой явдаг учир академийнхаа нэр дээр оролцож анхны тэмцээнийхээ салхийг хагална. Тэмцээн 10 сарын 20-ноос 25-ны хооронд зохион байгуулагдана. Мөн суралцагчид бүсний шалгалт өгдөг. Анхны хичээллэгч буюу цагаан бүстэй тамирчид тэмцээнд орохгүй учраас бүснийхээ шалгалтыг өгнө. Манай дэвжээ өөрөө шүүгчтэй дэвжээ учраас барьц авах, ёсолгоо зэрэг жижиг зүйл дээр алдаа гаргахгүйг хичээн ажиллаж байна. 

Ямар ямар тэмцээн шүүж байв?

Өсвөрийн УАШТ-ыг хоёр удаа, насанд хүрэгчдийн УАШТ-ыг хоёр удаа шүүж байсан. Хяналтын шүүгч, цагчин шүүгч хийж байсан. Мөн баруун бүс, зүүн бүс, самбо бөхийн улсын аварга гэх мэт тэмцээнүүдийг шүүж байлаа. Одоо гурав дахь жилдээ шүүгчээр ажиллах гэж байна

Бусад клубээс онцлох зүйл

Клуб байгуулагдаад хагас жил болох гэж байна. н.Батбаатар захирал анхлан санаачлан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эдийн засаг хэцүү байгаа энэ үед цөөн тооны хүнийг ажлын байраар хангаад зогсохгүй 50 гаруй суралцагчдаа сургалт явуулах таатай орчинг бүрдүүлж өгч байдагт баярлаж явдаг даа. Манай клуб хүмүүсээс ашиг харахаас илүүтэй залуус хүүхдүүдэд боломжийн үнээр сургалтаа хичээллүүлэхийг эрмэлздэгХамгийн гол нь маш цэвэрхэн орчинтой. Хоёр дахь давуу тал бол аль ч тал руугаа хөрвөөгөөд ямар ч цагт бэлтгэл сургуулилтандаа хамрагдах боломжтой. Гуравдугаарт бэлтгэл сургуулилтадаа орчихоод душинд орох боломжтой. Бүх насныханд нээлттэй. Манай клубт аль насныхан хичээллэх боложтой. Өнөөдрийн байдлаар 6-58 насны суралцагчид, тамирчид хичээллэж байна.

   н.Анудэй: Суралцагчдыг соёлтой,  найрсаг харилцаатай болгож төлөвшүүлдэг

Яагаад жүдо бөхийг сонирхон хичээллэх болсон бэ?

Би урьд нь ямар нэг спортоор хичээллэж  байгаагүй. Тэгээд өнгөрсөн зунаас спортын  ямар нэг төрлөөр хичээллэж бие бялдраа  хөгжүүлье гэж шийдээд жүдогоор  хичээллэдэг найзынхаа зөвлөснөөр таван сараас эхлэн энэ клубт явж эхэлсэн. Долоо хоногийн гурван өдөр бэлтгэлдээ ирэх ёстой. Хэрэв үнэхээр сонирхолтой завтай байвал өдөр болгон ирээд бэлтгэл хийх бүрэн боломжтой.

Жүдо бөхийн юу нь хамгийн их таалагддаг вэ?

Бүх л зүйл нь таалагддаг. Жүдогийн спорт хүнээс маш их тэвчээр шаардаад зогсохгүй хүнийг тэсвэр хатуужилтай болгож хүмүүжүүлдэг гэж боддог. Мөн Японы үндэсний спорт гэдэг утгаараа бие биетэйгээ мэндлэхээс эхлээд суралцагчдыг соёлтой, найрсаг харилцаатай болгож төлөвшүүлдэг.

Сүүлийн үеийн хүүхэд интернет орчинд ихэнх цагийг өнгөрөөдөг болсон. Чиний хувьд хэр их цагийг цахим орчинд өнгөрүүлдэг вэ?

Өмнө нь бусад хүүхдийн л адил олон цагийг цахим орчинд өнгөрүүлж, хэрэгтэй хэрэггүй мэдээлллээр тархиа цэнэглэдэг байсан. Харин клубт явснаас хойш утас оролдох нь харьцангуй багассан гэж болно. Учир нь манай клубын дотоод журам гэж бий. Энэ нь бэлтгэлд орохдоо гар утас хэрэглэхгүй зөвхөн бэлтгэлээ л хийнэ. Клубын бичигдээгүй энэ дүрэм надад маш их таалагддаг.

Хичээллэсэн таван сарын хугацаанд ямар өөрчлөлт гарсан бэ?

Жүдо бөхөөр хичээллэснээр олон давуу талыг өөртөө бий болгосон гэж бодож байгаа. Жишээлбэл би өмнөхөөсөө илүү тэсвэр хатуужилтай, нээлттэй, бусадтай чөлөөтэй харилцдаг болсон. Хамгийн гол ойлгосон зүйл нь Хүнд ямар ч хэцүү зүйл тохиолдсон огт шантаралгүй зүтгэх л юм бол үр дүнд заавал хүрдэг.

М. Жаргалмаа: Хамгийн түрүүнд хоёр багшаа дууриал авдаг


Жүдо бөхийг сонирхон хичээллэхэд юу нөлөөлсөн бэ?

Би спортод маш их сонирхолтой. Өмнө нь сагс, волейбалл, хөлбөмбөгөөр хичээллэж байсан. Анхлан эрүүлжүүлэн тураах спиннигт явж байхад багш маань жүдогоор барилдах санал тавьхад надад огтхон ч төсөөлөгдөөгүй. Ерөнхийдөө дургүй хүлээж авсан. Тэгээд дараа нь аавынхаа зөвлөснөөр нэг сар яваад үзэхэд маш их таалагдаж үргэлжлүүлэн хичээлллэж байна.

Жүдо бөхийн мундаг тамирчдын хэнээс үлгэр дууриал авдаг вэ?

Хамгийн түрүүнд хоёр багшаасаа үлгэр дууриал авна. Харин дараа нь Д. Сумъяа эгчээс үлгэр дууриал авдаг даа. Ер нь цаашдаа жүдогоор хичээллээд явах сонирхолтой. Олон тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорино гэж боддог.

“Жүдо бөх сонирхогчдын клуб” –ын суралцагч А.Даваажаргалын аав Н.Амаржаргал:

Хоёр долоо хоногийн өмнөөс хүүхдээ явуулж эхэлсэн. Миний хувьд хүүгээ бөх болгоно гэсэн зорилготой. Мөн дан ганц бөх болгоод зогсохгүй хичээлийнх нь хажуугаар цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс клубт явуулж байгаа. Тус клубын давуу тал нь маш цэвэрхэн төдийгүй дадлага туршлагатай багш нар сургалт явуулдагаараа онцлог.”

Хаяг: 13-р хороолол  "Жүдо бөх сонирхогчдын клуб"

Утас: 99114607

Бэлтгэсэн: Л.Ариунцэцэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.