Нийгэм


Нийслэлээс эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж буй хүүхдүүдийг баярлуулна

4 жил, 4 сар TIMES.MN

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар болон бусад байгууллагуудтай хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Нийслэлийн Засаг даргын “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/404 дугаар захирамжийн дагуу энэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөнд холбогдох газрууд ямар санал тусгах талаар хэлэлцэж, уг саналуудыг тусган нэгдсэн төлөвлөгөөг батлахаар боллоо.“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээ Их эзэн Чингис хааны талбайд 11-16 цагийн хооронд болно. Энэ үеэр нийслэлийн хүүхэд, багачууддаа зориулан 1500 гаруй авъяаслаг уран бүтээлч хүүхэд урлагийн тоглолт толилуулахаар төлөвлөж байна.

Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой болон Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилтнуудын хүүхдүүдэд бэлэг гардуулж, урлагийн тоглолт тоглох үйл ажиллагаа Монголын Хүүхдийн ордонд болно. Нэгдсэн төлөвлөгөөний дагуу дүүргийн ЗДТГ баярын үйл ажиллагааг дүүрэг бүрт зохион байгуулах юм.Энэ жил нийслэлээс эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж буй хүүхдүүдэд онцгойлон анхаарч, баярлуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, баярын өдөр нэгдсэн арга хэмжээнд бусадтай хамт оролцож чаддаггүй хорих ангид ял эдэлж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхэлдэг, хүүхдийн байгууллагад эрх нь зөрчигдөн хандаж байсан хүүхдүүдтэй уулзах, баярын бэлэг гардуулах, урлагийн тоглолт толилуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар тохирлоо.

Улаанбурхан өвчний тархалт их байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд тус тусдаа арга хэмжээг өөрийн байгууллага дээр зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна. Тархалтын хүрээ тэлж байгаа тул 05 сарын 15-наас 25-ны хооронд нийслэлийн 5 сараас 9 нас хүртэлх хүүхдүүдэд вакцин хийнэ гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат хэллээ. Ажлын хэсгээс энэ асуудалд анхаарч, аж ахуй нэгжүүдэд хандсан зөвлөмж гаргахыг Нийслэлий Эрүүл мэндийн газар үүрэгдлээ. Мөн баярын хүрээнд дэлгүүрэд худалдаалагдах хүүхдийн бэлгэнд орсон хүнсний бүтээгдэхүүний чанар, хугацаа, найрлагад анхаарахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо. Тус газраас баярын өдрөөр нийслэл, дүүргийн улсын байцаагчдыг хяналт, шалгалтаар, явуулын шинжилгээний лабораторийг ажиллуулна гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.