Эдийн засаг


Японд юуг, яаж зарах вэ

5 жил, 6 сар TIMES.MN

МИАТ компанийн ОМ 502 аяллын дугаартай онгоц “Нарита” буудлаас хөөрч, “Буянт-Ухаа”-г зорин нисэв. Зэргэлдээх суудлын хоёр зорчигчийн нэг Монгол руу долоо дахь удаагаа аялж яваа бол нөгөө нь найзаа даган анх удаа тал нутаг тийш хөлгийн жолоо залж буй нь энэ. Аяллын зорилго нь морь унах. Тэрэлж дэх нэгэн жуулчны баазын гэр буудалд дөрөв хоноод буцах төлөвлөгөөтэй. Монголд анх удаа очих гэж буй эмэгтэй харь холд аялахаар зориглосондоо, огт мэдэхгүй зүйлээ мэдэж, үзээгүйгээ үзнэ гэхдээ тун ч хөхиүн баяртай байгаа нь илт. Монгол хоол, монгол гэр, морь гээд юм бүхэн түүнд сонин содон. 

Очоогүй газрынхаа амттан шимттэнүүдийг аль эртнээс судалчихсан, тэр ч бүү хэл харихдаа гэр бүлийнхэндээ ааруул, бяслагаар бэлэг барихаар шийдчихсэн байгаагаа ярьж явлаа. Ааруул, бяслагны амт, чанарыг Монголд зургаан удаа аялсан эрхэм нэлээд магтсан болох нь түүний эртэч шийдвэрээс харагдана. “Нээрэн сайхан санаа байна. Монголын сүү бол ямар ч хольцгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн учраас амьд кальц гэсэн үг. Ааруул, бяслаг жинхэнэ эко бэлэг болох нь байна шүү дээ. Байнга хэрэглэвэл шүд цав цагаан болдог юм” гэж шинэ санааны эзнийг магтлаа

Ааруул, бяслаг гэснээс Монгол орон Японд юугаараа алдартай вэ. Тэд биднийг дэлхийн талыг эзэлсэн Чингис хаанаар, нүд алдам тал нутгаар, морь мал, эсгий гэр, тэнхээ ихт хүчтэнүүдээр маань төсөөлдөг. Харин монголчууд цахилгаан бараа, машин, гоо сайхны бүтээгдэхүүнээс авахуулаад ер нь Японых л бол бүх зүйл чанартай гэх ямар ч эргэлзээгүй итгэлээр хандана. Япон хүмүүс нөр их хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрөөрөө хөгжилд хүрснийг нь бас мэднэ. Жамц давс, түүгээр хийсэн чихэр одоо Японы нэгэн сүлжээ дэлгүүрээр зарагддаг бөгөөд эрүүл мэндэд сайн, амт нь япончуудын мэддэг бусад давснаас өөр байдлаараа овоо алдаршаад байгаа аж. Зөвхөн Монголоос л авч болох тул жамц давсыг япончууд зүгээр л “монгол давс” гэх болжээ.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Монгол, Японы хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг ашиглаж экспортоо даруй нэмэгдүүлэхийг үндэсний баялаг бүтээгчдэдээ уриалж байна. Тэрбээр зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 1-ний хооронд Япон улсад ажлын айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр Монгол, Японы аж ахуй эрхлэгчдийн танилцах уулзалтыг зохион байгуулсан нь хоёр улсын харилцааны түүхэнд анхны тохиолдол болов. Монголоос жижиг, дунд үйлдвэрүүдийн 50 гаруй бизнесмэн, Япо

ноос 300 орчим компанийн төлөөлөл оролцож, түншээ хайсан. Энэхүү айлчлалыг сурвалжилсан миний бие Улаанбаатар руу нисэж байхдаа дээр өгүүлсэн хоёр жуулчинтай зэргэлдээ суусан юм. Тэд улс төр, эдийн засгийн нарийн ширийн мэдээллээс нэлээд хол, тэтгэврийн насны хүмүүс юм билээ. Надаас ямар ажлаар Японд ирснийг сонсоод “Монгол байгалийн асар их баялагтай, тэгээд алт, нүүрсээрээ том том бизнес хийж байгаа гээ биз дээ. Хөгжингүй орнууд өөрсдөө хүрээд очдог байлгүй” гэх нь Япон дахь Монголын шинэ “нэрийн хуудас” уул уурхай юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байлаа. Үнэндээ япончууд Монголыг, монголчууд Японыг бага мэддэг учраас бидний хооронд экспорт, импортын зохист харьцаа тогтоогүй, хөрөнгө оруулалтын эргэлзээ гээгдээгүй байна. Японы энгийн иргэдээр зогсохгүй албаны хүмүүс, аж ахуй эрхлэгчид хүртэл Монголд идэвхтэй үйл ажиллагаа бүхий 50 гаруй мянган жижиг, дунд үйлдвэр байдгийг сонсоод итгэж ядсан талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ярьсан.

Бид давснаас гадна Японд ямар бараа, бүтээгдэхүүнээ “нутагшуулж” чадах вэ. Монголын үйлдвэрлэгчид юуг яаж зарахаа мэдэхийн тулд хэрхэх ёстой вэ. “Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах боломжтой ганц компаниар жишээ авахад л Япон даяар 60 мянган сүлжээ дэлгүүртэй гэдгийг манай үйлдвэрлэгчид мэдэхгүй. Монголын хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнийг нь хэн, хаана сонирхож байгаа талаар судлахгүй, мэдээлэлгүй байгаа болохоор уул уурхай хөөсрөөд байгаа хэрэг. Японы том хөрөнгө оруулагчид Монголын уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарыг сонирхдог. Тиймээс манай жижиг, дунд үйлдвэрийнхэнд Японы зах зээлийг хэрэглэгчдийнх нь онцлог, япон стандартыг судлах, аж ахуй эрхлэгчдэд нь бүтээгдэхүүнээ танилцуулах ажил дутагдаад байгаа юм” хэмээн Д.Эрдэнэбат хариуллаа.

Монгол, Японы хувийн хэвшлийнхний уулзалтад Монголд хөрөнгө оруулах, Монголоос худалдан авах сонирхлын хажуугаар бараа бүтээгдэхүүнээ Монголд экспортлох сонирхолтой япон бизнесмэнүүд мөн олон байсныг дурдах хэрэгтэй. Мэдээж хүнд хэрэггүй мөнгө гэж хаана ч үгүй. Ялангуяа 127 сая хүн амтай, асар их өрсөлдөөнтэй Японы зах зээл ашиг орлого харахгүйгээр зүгээр л мөнгө гаргана гэвэл эндүүрэл. Тиймээс Монголын үйлдвэрлэгчдэд Японы зах зээл зөөлөн ааруул биш. Өөр соёлтой, сэтгэлгээ, хэрэглээ нь биднээс эрс өөр нийгэмд “Made in Mongolia” жамц давс шиг “нутагшиж” чадвал япончууд Монголыг сүмогоор нь төдийгүй худалдаагаар нь үнэлнэ. Биднээс 40 дахин олон хүнтэй, амьжиргааны түвшин арав дахин дээгүүр учраас Японы зах зээл манай бизнесмэнүүдээс нөр их хөдөлмөр шаардах нь тодорхой. Гэхдээ боломжийг ашиглах л хэрэгтэй.

Монголын Аж үйлдвэрийн сайд энэ удаа Японы төр, хувийн хэвшлийнхэнд “Аж үйлдвэрийн парк” гэсэн мессеж тараагаад ирсэн. Тухайлбал, Хөшигтийн хөндийд баригдах нисэх онгоцны шинэ буудлын үйлчилгээг явуулахаар сонирхож буй “Мицүбиши” корпорацад тухайн бүсэд Японы хөрөнгөөр аж үйлдвэрийн парк байгуулах саналыг Д.Эрдэнэбат дуулгав. Хэрэв энэ санал биеллээ олбол Хөшигтийн хөндийн газрыг Монголын Засгийн газар мэдэлдээ авч, газрын наймаанд сэглүүлэхгүйгээр паркууд цогц маягаар хөгжих боломжтой болох аж.

 

Эх сурвалж: www.mongolnews.mn, Б.Энхцэцэг




Холбоотой мэдээлэл