Ч.Батзориг: Бурханы урлал гэдэг дээдийн номтой барилдсан бие, хэл, сэтгэлийн урлаг юм

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

Монголын уламжлалт урлахуй ухааныг дэлгэрүүлэх, сэргээн хөгжүүлэх хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, энэ их үйлсийг үргэлжлүүлэх урлаачдын залгамж халааг бэлтгэж буй Бурханч лам Г.Пүрэвбатын ууган шавь Бурхан урлаач, Буддын гүн ухаан судлаач Ч.Батзоригийг энэ удаагийн “Гоё Монгол” буландаа урьж ярилцлаа.


“Гурван шүтээн” уламжлалт бурхан урлалын төвийн талаар яриагаа эхэлье.

Анх 1990 онд Ардчилсан хувьсал гарч цаг үе сайхан болж түүх, шашин соёл гээд бүх зүйл нээлттэй болсон. 1993 онд Гандантэгчлэн хийд дээр Буддын шашины 10 ухааны нэг болох Урлахуйн ухааны салбарыг сэргээн хөгжүүлэх зорилготой бурхан урлалын анхны сургууль нээгдсэн түүхтэй. Бурханч лам Г.Пүрэвбат багшийн чиглүүлэн сургаж байсан тус сургуульд бид 10 хэдтэй жаахан хүүхдүүд анх элсч 6 ,7 жил суралцан Монголын уламжлалт бурхан урлалыг дахин сэргээн хөгжүүлэх үүд хаалга нээгдсэн. Миний хувьд тус сургуулийг дүүргэж мөн багшаар ажиллаж байгаад 2007 оноос эхлэн бие даан “Гурван шүтээн” хэмээх уламжлалт бурхан урлалын төвөө байгуулсан. Манай төв үндэсний уламжлалт урлагаа дэлгэрүүлж мэргэжлийн шүтээн урлаач бэлтгэх зорилгоор бурхан урлалд дур сонирхолтой хүүхэд залуусыг уламжлалт шавь сургалтаар сургадаг.

Уламжлалт аргаар бурхан, шүтээн зургийг сэргээн засварладаг гэж байсан. Энэ талаар...

Бурхан урлал нь дотроо шүтээн зураг, баримал, цутгуур, сийлбэр, торгон зураг буюу зээгт наамал гэх мэт урлалын олон төрөл байдаг. Түүний нэг нь сэргээн засварлах юм. Хуучны Бурхан шүтээнийг сэргээн засах нь шинээр бүтээснэээс ч илүү буянтай гэдэг. Сэвтсэн шүтээнийг уламжлалт аргаар сэргээн засдаг төрөл юм.

Бурхан урлалыг хүмүүс хэр сонирхон хичээллэдэг вэ?

Орчин үеийн техник технологийн хөгжлөө дагаад энэ чиглэлээр сонирхон суралцдаг хүүхдүүд харьцангуй цөөхөн гэж болно. Нөгөөтэйгүүр энэ нь жирийн нэг урлал биш. Бурханы урлал гэдэг утгаараа гар болон ухаан сэтгэлийн ур шаардахаас гадна үндэснийхээ өв уламжлалыг хүндэлдэг байх хэрэгтэй. Тиймээс цөөн ч гэсэн  уламжлалыг авч явах сэтгэлтэй хүмүүс бий.

Сургалтын төвдөө шавь нараа хэрхэн шалгаруулж авдаг вэ? Хүссэн хүн бүхэн орох боломжтой юу?

Шавь нарыг тодорхой шалгуураар сонгон авдаг. Уламжлалт шашин соёлоо хүндлэн дээдэлдэг, сонирхон судлах хүсэлтэй байх нь шавь нарын хамгийн гол шалгуур гэж болно. Хоёрдугаарт мэдээж урлагийн төрөл учраас гарын ур. Шавь нараас асар их тэвчээр шаарддаг учир хөдөлмөрч, уйгагүй сэтгэлтэй хүн л сурна. Зүгээр юу ч хамаагүй хараад зурдаг зүйл биш. Цаанаа маш их гүн утга агуулагатай урлаг.


Бурхан урлахад юуг илүү анхаарах ёстой вэ? Ямар дэг жаягтай байдаг вэ?

Бурхан бүтээнэ гэдэг нь урлагаар дамжуулж бурханы айлдсан сургаал номлолыг дүрсээр илэрхийлж буй билэгдлийн урлаг. Бурханы олон дүр байдал, өнгө, мутрын барьц гээд бүгд цаанаа тодорхой билэгдэл агуулагыг шингээж байдаг. Товчхондоо бурханы сургааль номтой холбогдсон маш нарийн урлал.  Тэгэхээр бурхан урлахын тулд бурханы номыг судлах шаардлага гарч байгаа юм. Үүнтэй холбогдуулан бурханы тиг буюу, хувь хэмжээний онол гэж байна. Шууд бурхан урладаггүй. Эхлээд эгэл урлах ухааныг судалдаг. Үүнд тэлүүр татаж сурах,үндсэн болон их 32 өнгөө найруулж сурдаг.Тэгээд  гал, салхи, уул, ус, үүл, цэцэг, навч гээд байгалийн үзэгдэлийг нэг бүрчлэн хэрхэн зурах нарийн техникийг судална. Энэ бүхэнд өөрийнх нь байгаль дээрхи мөн чанараас гадна номтой барилдсан билэгдэл утга гэж байна.

Жишээлбэл: Гал гэхэд маш халуун, түлдэг, дотогшоо бөхөж унтардаг гэх мэт шинж чанартай. Харин үүнийг зургаар дүрслэхдээ гаднаас дотогш, тодоос бүдэг рүү нь дагнаж мөн чанарыг нь гаргана. Хэлбэр хэмжээний хувьд галын дөл үргэлж нэг чигт байдаг гэдэг утгаар нь галын хэлбэрийг нэг чигт зурдаг. Тэгвэл галын дотоод мөн чанар буюу галын билэгдэл юу вэ? гэхээр мунхагийн харанхуйг гэрэлтүүлж, гийгүүлэх, нисванисийн муу сэтгэлийг түлэх гэх мэт сургаал номтойгоо барилдсан билэгдэл утгатай. Түүнчлэн уул, ус, мод, үүл гэх мэт бүх зүйл өөрийн дотоод мөн чанар, билэгдэлтэй байна. Мөн “Эгэл урлах” ухаанд эвтэй дөрвөн амьтан, дөрвөн хүчтэн гэх мэт билэгдлийн шинжтэй амьтад багтана. Энэ бүхнийг хуучин уламжлалт аргаар зурж, сурах нь “Эгэл урлах” ухаан.

Үүний дараа бурхадын чимэг, мутрын барьц, хувцас зэргийг зурж сурдаг. Эдгээр нь мөн өөр өөрийн утга билэгдэлтэй. Ингээд аажим, аажмаар дүрс хийгээд билэгдэлийн хувьд гүнзгийрч байгаа юм. Тэгээд бурханы хувь хэмжээний онол буюу тиг татаж 32 лагшин 80 найраг хэмээх бурханы гоо сайхан лагшинг зурж эхэлнэ. Ийм олон шат дамжлагаар бурханыг бүтээх урлагт суралцана. Доод тал нь таван жил суралцдаг. Таван жил суралцаад бурхан урлаач болохгүй. Зөвхөн цааш өөрийгөө хөгжүүлээд бие даагаад сурах суурийг авч байна гэсэн үг. Арав гаран жил тасралтгүй, уйгагүй ажилласны дүнд бурханы дүр байдлыг уламжлалын дагуу бүтээх хэмжээнд очно.

Ямар материал ашигладаг вэ?

Шүтээн бүтээхэд шороон будаг, шимийн будаг, нухмал алт зэргийг хэрэглэнэ. Бурхан урлаачдын хувьд бүх зүйлээ өөрсдөө бэлтгэдэг онцлогтой. Зурах дэвсгэр гэж байна. Тэлүүр гэх рам модоо бэлдээд, түүндээ даавуугаа оёж тэлж татна. Тэлж татсан даавуундаа байгалийн гаралтай цавуу, тэргүүтэн эдээр цардаж зурах дэвсгэрээ бэлдэнэ. Тэгээд түүн дээрээ бурханыхаа дүр хөргийг байгуулна. Шавар шуумалын хувьд ч мөн адил. Байгалийн цэвэр тунгамал шаврыг шигшиж бэлдээд, хуучин уламжлалт технологийн дагуу бэхжүүлэн, мөн адистидлэж бэлддэг. Манай урлалын хувьд энэхүү уламжлалт аргаар бурханаа урлаж байна.

Бурхан урлахад өдөр судар хардаг уу?

Бурхан шүтээн бүтээхэд тохирсон сайн гариг од мөн билэгт өдрүүд гэж бий. Бүр нарийндаа зарим бурханыг бүтээх өдөр ч гэж байдаг.

"Гурван шүтээн” бурхан урлалын төвд алдагдсан Хар морьт сахиусыг сэргээн засварлаж нутгийн хийдэд залсан гэж дуулсан.

Тиймээ. Хар морьт сахиус алдагдсаныг цагдаагийн байгууллаг шуурхай олж, нутгийн лам нар манай урлан дээр засуулахаар авч ирсэн. Сахиусны морины сүүл, эрдэнийн бумба барьсан мутар зэрэг нь хугарч, сэвтсэн байсныг сэргээж мөн шинээр бурханд алт өргөн сэргээн засварласан. Хар морьт сахиусны хувьд 300 жилийн түүхтэй. Хөвсгөл аймгийн хуучнаар Баянголын хүрээнд 1930-аад он хүртэл олон түмэнд шүтэгдэж байгаад хэлмэгдүүлэлтийн үеэр нутгийн лам нар 1990 он хүртэл нууцлан хадгалаж  байсан түүхтэй. 1990 оны эхээр хийдийг дахин сэргээх үед дахин залсан байдаг. 

Л.Ариунцэцэг





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.