Улс төр


Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа

4 жил, 3 сар TIMES.MN

 Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өчигдөр болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо

Орон нутагт жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох, эдийн засгийн томоохон салбар болох хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар саналаа солилцон холбогдох шийдвэрүүдийг гаргахаар өргөтгөсөн хуралдаан хийж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Улс орон эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед хариуцлага хүлээсэн хүн бүрийн хичээл зүтгэл, идэвх санаачилгатай ажиллагаа нэн чухал байна. Нэг баг болж ажиллаж байгаа бидний хувьд илүү их хүчин чармайлт, идэвх санаачилга шаардлагатай. 21 аймаг, нийслэлийн Засаг дарга, 330 сумын Засаг дарга, 1600 багийн удирдлагууд Засгийн газрын танхимаас гарсан аливаа шийдвэрийг тосч ажиллах учиртай. Өнөөдрийн бий болоод байгаа эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад Засгийн газар, нутгийн удирдлагын байгууллага хоорондын ажлын уялдаа, удирдах удирдуулах ёс жаяг, харилцан дэмжлэгтэй хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж Ерөнхий сайд хэллээ.Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Энэ ажлын хүрээнд бизнес эрхлэгчдэд учирдаг аливаа хүндрэл бэрхшээлийг арилгах, дотоод зах зээлийг тэлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, ашигт малтмалын хайгуулын ажлыг сэргээх, алт олборлолтыг нэмэгдүүлэх, шатахууны импортын шинэ эх үүсвэрийг бий болгох, анхны чөлөөт худалдааны гэрээг Япон улстай байгуулсны үр дүнд экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг бодлогын чанартай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах нэг чухал арга зам бол уул уурхайн том төслүүдийг хөдөлгөх юм. Засгийн газар энэ дагуу шаардлагатай бүх арга хэмжээг авч, шийдвэрлэн ажиллаж байна.Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар нийт 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах, энэ чиглэлд шинээр ажлын байр нэмэгдэх, дотоодын олон аж ахуйн нэгж, компаниудыг энэ бүтээн байгуулалтад татан оролцуулах бололцоо нээгдэж байна.Тавантолгойн төслөө төмөрзамын төсөлтэй нь хамт хөдөлгөх шийдвэрүүдийг ойрын хугацаанд гаргана гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өргөтгөсөн хуралдааны эхэнд хийсэн мэдээлэлдээ онцоллоо.Иргэдийг орон сууцаар хангах, Шинэ сум төсөл хэрэгжүүлэх, аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлнэ гэж тэрээр хэллээ.


Үйлдвэрлэл, технологийн цогцолборын тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг өглөө

Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх талаар 2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Үйлдвэрлэл, технологийн цогцолборын тухай хуулийн төсөл болон Импорт орлох, экспорт дэмжих үйлдвэрлэлийн төслийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.Хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрийн салбарт санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх, үндэсний нэрийн бүтээгдэхүүн шалгаруулах ажлыг орон нутагт зохион байгуулах, аж үйлдвэрийн салбарт дэвшүүлж байгаа бодлого, зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, нийслэлд тодорхой 2-3 асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэх арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайдад үүрэг болголоо. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний  үйлдвэрлэл 2014 оны эцэст 9299.6 тэрбум төгрөг болж өмнөх оныхоос 13,2 хувиар өсчээ. Экспортод гаргасан нийт бүтээгдэхүүний 81,9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа юм. Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан  өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгаа нь манай улсын аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна.Япон улстай байгуулсан “Эдийн засгийн хэлэлцээр”-ийн үр дүнд хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ноос, ноолууран даавуу хийх ээрмэлийн үйлдвэр зэрэг экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Японы зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдаалах боломж нээгдээд байна. “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк”-ын хүрээнд орон нутгийн удирдлагууд дээрх үйлдвэрүүдийг хөгжүүлэх чиглэлээр Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо

Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагааны талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр 2015 онд аймаг, нийслэл, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, ажлын байр хадгалах, иргэдийг ажилгүйдэлд өртөхөөс сэргийлэх болон шинэ ажлын байр бий болгох чиглэлээр шинэлэг арга хэмжээг санаачлан зохион байгуулж хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнахыг Хөдөлмөрийн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог жижиг зээлийн хэмжээ, эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг шинэчлэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөрийн сайдад даалгалаа.2015 оны нэгдүгээр улирлын статистик мэдээллээр ажилгүйдлийн түвшин 7,4 хувьтай гарчээ. Ажилгүйдлийн түвшин өндөртэй байгаа аймгуудад хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх замаар ажлын байр бий болгох, иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар тодорхой санаачилга гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Малчны лавлах-109 утас ажиллана

Хөрс хамгаалал, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох, махны экспорт, малчны лавлах-109 зэрэг асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт танилцууллаа.Үүнтэй холбогдуулан Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа гадаадын зээл, тусламжийг бордоо, ургамал хамгааллын бодис, техник, технологийн шинэчлэлд ашиглах, мал, мах, хөдөө аж ахуйн гаралтай бусад бүтээгдэхүүний экспортыг тухайн импортлогч улсуудын хорио цээрийн байгууллагуудтай харилцан тохиролцож шийдвэрлэх, малчны лавлах шуурхай утсыг ажиллуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.Малын хулгай, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн “Малчны лавлах-109” дугаарыг ажиллуулахаар төлөвлөж байна. Лавлах утас үнэ төлбөргүйгээр 24 цагийн турш ажиллаж, ирсэн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг  эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулна.  Мөн хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаарын мэдээ, гамшгаас урьдчилан сэргийлэх, яаралтай арга хэмжээ авах болон бусад хэрэгцээт мэдээлэл, мэргэжлийн  зөвлөлгөө хүргэж байх юм.


Хог хаягдлын норматив тогтоох, тоо бүртгэл хийх ажлыг зохион байгуулахыг Засаг дарга нарт үүрэг болголоо

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 2014 оны хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн болон Хог хаягдал, орчны бохирдлын талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцууллаа.Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд Хог хаягдлын норматив тогтоох, тоо бүртгэл хийх ажлыг зохион байгуулах, тус хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг салбарын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 онд ус, рашаан, ан амьтан, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрт улсын хэмжээгээр нийт 35310,0 сая төгрөг улсын төсөвт төвлөрсөн нь өмнөх оныхоос 14 хувь буюу  5,9 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт орлогын 86,8 хувийг усны нөөц, 8,5 хувийг ойн нөөц, 2,9 хувийг ан амьтны нөөц ашигласны орлогоос тус тус бүрдүүлжээ.Хогны төрөл зүйл, хэмжээ жил тутам 500 гаруй мянган тн-оор нэмэгддэг. Улсын хэмжээнд 3,2 сая тн хаягдал үүсч байна. Хог дахин боловсруулалтын хэмжээ 14 орчим хувь байна.Сүхбаатар аймагт 1500 айлын орон сууцны хороолол баринаЗасгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан аймаг бүрт орон сууц барих зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт 1500 айлын орон сууцны барилга барих төслийг БНХАУ-ын “Сан Еэ” группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн талаар тус аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Энэ төслийг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар дэмжиж, орон нутгийн зах зээлийн багтаамжид үндэслэн, барилгын норм, дүрмийн шаардлагад нийцүүлэн, мэргэжил, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нарт тус тус даалгалаа.Тус аймгийн төвийн нийт өрхийн 30,4 хувь нь тохилог орон сууцаар хангагдсан ч энэ нь хангалттай үзүүлэлт биш юм. 1500 айлын орон сууцны хороолол барих энэ төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх ажээ.Гүйцэтгэгч компани нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар энэхүү хорооллыг барих бөгөөд “түлхүүр гардуулах нөхцөл”-өөр Сүхбаатар аймагт хүлээлгэн өгөх бөгөөд орон нутаг захиалга авах болон борлуулалтын ажлаа хариуцах юм байна.


Эрүүл мэнд, спортын сайд халдварт өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл хийлээ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт коронавируст халдвар болон улаанбурхан өвчний дэгдэлт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-д нийт улаанбурхан өвчний сэжигтэй 28751 хүн хандсанаас 7080 нь хэвтэн эмчлэгдэж, 6366 нь эдгэрсэн. Цаашид 16-39 насны хүүхэд, залуучуудыг вакцинаар нэмэлт дархлаажуулах арга хэмжээг орон даяар зохион байгуулах, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулах, өвчний голомттой их, дээд сургууль, дотуур байранд эмч ажиллуулан, өвчилсөн оюутнуудыг тусгаарлах, голомтын дархлаажуулалт хийх арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.Коронавируст халдвар нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгалаа.Өргөтгөсөн хуралдаанаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар хэлэлцэж байгаа болон бусад асуудлаар саналаа хэлж, холбогдох сайдуудаас тодорхой асуудлаар хариулт авлаа.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.