Улс төр


Бие даан нэр дэвшигчид байр сууриа илэрхийллээ

4 жил, 10 сар TIMES.MN

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ. Бие даагчид “Сайд нарыг яаралтай томилох хэрэгтэй. Гэхдээ мэргэжлийн хүнийг сайдаар томилох шаардлагатай” хэмээн мэдэгдсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнгөрсөн 7 хоногт төсвийн төлөвлөлтийн байдлыг тодруулж Сангийн яаманд ажиллалаа. Энэ үеэр яамд эзгүйрсэн байна, яамдыг эмхлэн байгуулах шаардлагатай гэж үзлээ. Ирэх жилийн төсөв гэхэд их тааруу төсөв болох дүр зураг харагдаж байгаа юм. Ирэх жил бид нийт төсвийнхөө 50 хувийг зээл төлөхөд зарцуулна. Энэ нь 3 их наяд төгрөгийн өр зээл барагдуулна гэсэн үг. Ингэж л энэ хоёр нам улс орныг удирдаж байна. Төсвийнхөө талаар өр төлдөг болсон ийм улс орон болжээ гэдгийг Сангийн яаманд ажиллах хугацаандаа харлаа” гэв.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ч.Сайханбилэгийн Засгийн газар 6 сайдаа томилох гэж байна. Эдгээр хүмүүс нь мэргэжлийн биш, бүгд давхар дээлтэй байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын толгойд өөрөө л байвал хамаагүй гэж үзэж байна. Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Бие даагчдын зөвлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ хэлье” гэлээ.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Монголын уул уурхай өнөөдөр цөөн хэдэн хүн, бүлэглэлийг баян болгоход чиглэгдэж байгаа. Харин бид нийт ард иргэддээ ашигтай байх хувилбарыг дэвшүүлсээр ирсэн. Бид Дубайд хийсэн Оюутолгойн гэрээ ямар ч ашиггүй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Тавантолгойн гэрээ маш ноцтой байгаа. Тавантолгойн гэрээг Бээжинд үзэглэх гэж байгааг сэрэмжлүүлж байна. Ерөнхий сайд энэ сард Дубайд хийсэн Оюутолгойн гэрээ болон Тавантолгойн гэрээний асуудлаар бидэнд хариу өгөхгүй бол Үндэсний аудитын газарт хандана” гэсэн юм.




Холбоотой мэдээлэл