TIMES Ярилцлага


Л.Гүндалай:”Монголоороо байгаасай” дууны клипний дараагийн ангийг хийнэ

3 жил, 8 сар TIMES.MN
TIMES.MN сайтын “Энэ долоо хоногийн зочин” буланд  АРД ТҮМНЭЭ ХАЙРЛАЯ НАМЫН ДАРГА Л.ГҮНДАЛАЙГ урьж ярилцлаа.
 


-Та өчигдөр хэвлэлийн хурал зарлачихаад яагаад очоогүй юм бэ. Сэтгүүлч утасдахад унтчихаж гэж хэлсэн юм уу?

-Уг нь би “Стратегийн ордын  34 хүртэлх хувийг  төр  эзэмшинэ гэдэг зохицуулалт нь  Оюу толгойд зориулж хийсэн зүйл. Гадаадынхны сонирхолд нийцүүлэхийн тулд  манайхан хэрхэн хуйвалдаж хуульд тусгасан. Одоо  Гацууртын ордыг энэ замаар тавьж туух нь” гэж хэвлэлийн хурал хийе гэж бодсон юм. Гэтэл өглөө унтчихсан байдаг байгаа. Хуульд яаж ингэж лоббиныхоо заалтыг оруулдагийг би сайн мэднэ. Ашигт малтмалын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлагатай байна гээд хуулийн төсөл оруулж ирсэн.  Хэлэлцүүлгийн явцад, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр МАН-ын хоёр, АН-ын хоёр гишүүн ярьж тохирчихоод  “Стратегийн ордын төрийн эзэмших хувь нь 34 хүртэл” гэж саналын томьёолол гаргасан.  Тэгээд л хэлэлцүүлгийн сүүлийн шатанд түүнийгээ  санал хураалгаж дэмжүүлээд шургуулчихдаг. Яг үнэндээ 34 хувь гэж босго тавьж өгөх гэж л Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан байхгүй юу. Төсөл боловсруулж өргөн барихдаа олны нийтийн дургүйцлийг хүргэх, но-той заалтыг оруулж ирдэггүй юм шүү дээ. Хаацайлж байгаад сүүлд нь оруулдаг   муухай жишиг  тогтоочихоод байна. Энэ нь монголчуудад  ямар ч ашиггүй, харин ч дөнгө болсоор ирлээ.Ахиухан нөөцтэй, баялаг ихтэй, том ордуудын хувьд  монголчууд 34 хувиас илүүг эзэмших эрхгүй, хуулиар хориг тавьчихсан. Тэгээд  Оюу толгойн гэрээг байгуулахад  хуулийн дагуу л 34 хүртэлх хувийг эзэмшлээ гэж ам тагладаг. Одоо Гацууртын орд дээр ч  ялгаагүй. Мөнгөний сонирхолд автсан улстөрчид  ард түмний баялаг, өмчийг үнэгүйдүүлж өөрсдөдөө, намдаа, гадаадынханд ашигтайгаар өгөх хор найруулдагийг өөрчлөх цаг нь болсон байна шүү дээ. Гацууртын ордыг эргэлтэнд оруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа байдал, буцаагаад байхад гурван удаа оруулж ирээд хүч түрэн баталж байгаа төрх дэндүү эмгэнэлтэй. Ийм болохоор дуугүй суух арга алга.

-Та шуугиан тариад байгаа клипнийхээ талаар тайлбар хийнэ гэж хэвлэлийн хурал зарласан юм биш үү?

-Үгүй ээ. Дэгсдүүлж л байхгүй юу. Би юунд нь тайлбар хийх юм. Би яачихсан юм бэ.

-Оюуны  өмчид халдаж дууны үг, аяыг бичсэн болон дуулж олны хүртээл болгосон дуучдаас нь зөвшөөрөл аваагүй гээд байгаа шүү дээ?

-Хүний оюуны өмчийг хуулиар хамгаалдаг. Хэрвээ хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол Дашдондог өргөдлөө өгөөд шалгуулах хэрэгтэй. Эсвэл үүнийг ингэж патентжуулсан, миний зөвшөөрөлгүйгээр хуулбарлаж болохгүй гэж албан ёсоор баталгаажуулснаа олон нийтэд харуул л даа.

-Өвөр монголын зохиолч нартай холбоо барьж зөвшөөрөл авсан юм уу?

-Манай нутагт ирж дуулаарай гэж урьсан гэсэн. Өвөрмонголчууд сайнаар хүлээж авч байгаа юм байна. Хөх хотод очиж энэ хүмүүстэй уулзаж дуугаа дуулж өгнө өө.


-Дуучин Ж.Дашдондог танд  дуулахыг  зөвшөөрөөгүй юм биш үү. Өөрөө ярилцлага өгөхдөө тэгж хэлсэн байсан лээ?

-Энэ дууны үгийг Өвөрмонголын яруу найрагч Цогжилт, аяыг Баян гэдэг хүн зохиосон юм. Харин Амараа өөрөө зөвшөөрсөн. Өөрөөс нь асуугаарай. Чиний дууны клипний дүрсийг авч болох уу гэхэд болно оо л гэсэн. Харин Дашдондогтой бол яриа ч үгүй. Тэр уран бүтээлд Дашдондогийн гээд хэлэх юу ч байхгүй. Би ямар Дашдондогийн хоолойгоор дуулсан биш. Миний хоолой. Би өөрөө дуулсан биз дээ.  Би энэ дууны зарим нэг үгийг өөрчилж, найруулсан байгаа.

Энэ дууг зохиосон хүмүүс  Өвөрмонголдоо клип хийхэд хяналт ихтэй учраас амаргүй. Монголоороо байгаасай гэж дуу бүтээгээд, дуулуулаад, дүрсжүүлээд цацвал асуудалд ч орж мэднэ. Тийм болохоор Монголд ирж , өөрсдөө мөнгөө гаргаад, клип хийлгээд, Дашдондог, Амарааг  гуйж дуулуулсан юм билээ. Ийм дуу бүтснийг нь олон түмэн ч сайн мэдээгүй. YOUTUBE-д байршуулсан ч олон түмэнд түгээгүй л хэрэг. 

Би энэ дууны клипийг хийчихээд ингэж олон хүн үзнэ, амандаа аялна гэж бодоо ч үгүй. Орой нь 19 цагт Youtube-д байршуулаад фэйсбүүк хуудаст тавьсан гэсэн. Тэр үед гадуур явж байгаад утсаа хулгайд алдчихсан болохоор мэдээлэл ч үгүй байлаа. Тэгээд 21 цагт гэртээ ирэхэд энэ клипийг 2- хон цагийн дотор 80 мянган үзсэн байна гэдэг байгаа. Тэгээд л тэр өдөртөө 4 цагийн дотор 120 мянган хүнд хүрсэн байсан. Маргааш нь буюу 24 цагийн дотор 250 мянгад хүрсэн. Өнөөдрийг байдлаар 340 мянга хүн үзсэн байна. Лайк дараад, шэйрлээд, сэтгэгдэл бичээд байхаар  гэрлийн хурдаар тархчихдаг юм байна шүү дээ. Хүмүүс бүр нум сум харваж хүн унагаж байгаа, үлгэрийн киноны хэсэгт оруулаад эвлүүлэг хийсэн  гээд янз бүрээр хачирлаж тараагаад байгаа юм шиг байна лээ.Үүнийг би хийгээгүй, хүмүүсийг тараагаад өгөөч гээгүй. Тэр байтугай ОХУ-ын хэвлэлд хүртэл  гарсан байна лээ.


-Та энэ дууны клипийг хэдэн төгрөгөөр хийсэн юм бэ?

-Нийт өртөг нь 8 сая төгрөг. Энэ клипийг ганцхан камертай хүн авч очоод, хувцас хунарыг нь түрээслээд, найруулгыг өөрөө хийгээд л хямдхан зардлаар бүтээсэн юм. 3 өдөр л хийсэн. Тийм мундаг, мэргэжлийн түвшний хийе гээгүй. 13-р зуун цогцолбор, манай малчныд, Улаанбаатар хотын хажуугийн нэг уулан дээр гээд гурван газар л зураг авсан. Дуугаа 30 минутанд л бичүүлсэн.

Би ямар дуучин ч биш. Үүгээр бизнес хийж мөнгө олох гээгүй. Сар шинийг угтаад ард түмэндээ сэрээсэй, өөрчлөлт хийх цаг нь болсон байна шүү гэдгийг дуугаар  илэрхийлж хүргэх гэсэн санаа. Би чинь дуу дуулах дуртай шүү дээ. TV5 зэрэг телевизүүдийн нэвтрүүлэгт  орж дуулж бичлэг хийлгэж байлаа. Үлэмжийн чанар дууг ч дуулж байсан.  Гүн цэнхэр Хөвсгөл далай ээж гээд дуу хүртэл хийлгэсэн шүү дээ. Тэр үед сошиэл ийм хүчтэй хөгжөөгүй байсан ч юмуу, ингэж шуугиан тарьж байсангүй. Таван ч клиптэй.

-Энэ клипнийхээ хоёрдугаар ангийг бүтээх гэж байгаа юм уу?

-Тиймээ. ”МОНГОЛООРОО БАЙГААСАЙ” ДУУНЫ КЛИПНИЙ ДАРААГИЙН АНГИЙГ ХИЙНЭ.

-Та улстөрд ороод  баргийн зүйл тоохооргүй хатуужсан биз. Харин гэр бүл, үр хүүхэд тань эмзэглэхгүй байна уу.  Сөрөг коммент маш их байна лээ шүү дээ?

-Би бол улстөрч хүн.Баргийн зүйл тоохгүй л дээ.  Энэ дуугаар далимдуулж надруу дайралт хийж байна. Цагаан хэрмийн цаана ч, наана ч байгаа байх. Бас сонгуульд өрсөлдөгч нар, МАН, АН-ынхан ч  дөгөөж байгаа биз.   Тэгж элий балай гэж элдэвээр бичигсэд бол захиалгатай л гэж харж байгаа.Голдуу л  өрсөлдөгч нарын  хийлгэж байгаа ажил биз.  Би хулгай хийгээгүй, худлаа яриагүй, муу юм юу хийсэн юм бэ. Тийм биз дээ. Ганбаатардаагүй. Хуурамч зүйл үзүүлээгүй. Өөрийнхөө хоолойгоор дуулж, өөрийнхөө мөнгөөр л хийсэн дэг. Хэн нэгэн уурлаад, дургүйцээд байгаа бол битгий үз.

Ямарч хүн муу үг хэлж, муухай зүйл бичиж, хүнийг харааж зүхэж болно л доо. Энэ “бэлгийг”  та битгий ав, тэр бэлэг өөрт нь үлддэг юм гэж Бурхан багш Шагжмүни  сургасан байдаг. Би ерөөсөө тоодог ч үгүй. Хүний хань л юм болохоор гэргий маань уншаад, тал нь  муухай сэтгэгдэл байна гэж хэлж л байна лээ. Би уншдаг ч үгүй. Тийм бэлгийг бүү хүлээж ав гэж эхнэртээ хэлсэн.  Харааж, муулж байгаа “тэр бэлэг” тэр хүндээ л үлдэнэ. Германд нэг үг бий. Чамайг хүмүүс хэр зэрэг хүндэлнэ, тэр төдийгээр  дайсантай шүү гэж.

Миний хүүхдүүд бол тэр сэтгэгдлийг уншдаггүй болохоор мэдэхгүй. Аав гоё дууны клип хийж л гэж байна лээ. Чамайг сайн болохоор чинь , чамайг боловсролтой болохоор чинь, чамайг ард түмний төлөө цохилох зүрхтэй болохоор чинь, чамайг монгол болохооор чинь ингэж дайрч юм гэж өөртөө хэлдэг. Би дүр эсгэж хүнд таалагдах гэж жүжиглэдэггүй. Өөрийнхөөрөө л байдаг. Тийм болохоор хүн болгон л өөр өөрийнхөөрөө  дүгнэх биз ээ. Жинхэнэ хумсаа нуусан муур шиг нөхдүүд нүүрэн дээр “бурхан” шиг дүр эсгээд цаанаа юу хийдэг гэж бодож байна.

 -Орхон –Уул аймагт нэр дэвшчих гээд сурталчилгааны  ажлын тань  нэг хэсэг юм биш үү?

-Хүмүүсийн анхааралд орох ямарч шаардлагагүй. Тэртээ тэргүй, хүмүүс намайг сайн  танина шүү дээ. Дэмжих нь дэмжинэ. Дэмжихгүй нь дэмжихгүй. Миний дуулсан дууны клипийг шэйрлэж , лайк дарж байгаа хүмүүс бүгд л сайн санаж, бусдыг үзээсэй л гэж гэсэн байлгүй дээ.

Пиарын  том баг гараад ажиллаад байгаа зүйл байхгүй ээ. Би өөрөө машинаа унаад явдаг. Бие хамгаалагч байдаггүй, миний өмнөөс сэтгэгдэл бичдэг хүн ч байхгүй, бодвол эхнэр маань санаа зовох доо ганц нэг бичдэг байлгүй. Хөлсөлж ажиллуулдаг сэтгүүлч  ч байхгүй. Дууныхаа клипний найруулагчийг би өөрөө хийсэн дэг. Хүсснээрээ л амьдарч байна. Дутагдах гачигдах зүйл алга. Сайхан байна аа.  Гэргий, хөөрхөн хүүхдүүдтэй, боломжийн бизнестэй. Элдэв өр зээл алга. Монгол Улсын ямарч банкинд манай компани зээлгүй. Би их шунадаггүй.  Хувийнхаа бизнесийг ч удирддаггүй. Гэргий маань л хариуцна. Харин мөнгө хэрэгтэй болохоор, эхнэрээсээ авчихаад л, дураараа амьдарч яваа хүн. Олсноо идчихээд  болоо. Илүү гарвал жаахан хураачихна, түүнээсээ илүүчлээд аялж зугаалчихна.

Энэ дууны клипийг үнэндээ өөртөө биш монголын ард түмний төлөө зориулж хийж байгаа юм. Та нар хэлбэр талаас хараад байгаа болохоос биш агуулга руу өнгий л дөө.

-Та ямар утга санаа агуулж хийсэн юм бэ дээ?

-Зарим үгэнд өөрчлөлт оруулсан нь ч учиртай. Жишээлбэл, Мөнх ертөнцөд жаргаасай ч гэсэн үгийг Мөнх тэнгэрийн  дор жаргаарай гэж өөрчилсөн. Төр амгалан байгаасай гэснийг төр түвшин байгаасай гэх мэтчилэн  засвар хийж дуулан дүрсжүүлсэн юм.

Монгол хүн монголоороо байя гэсэн утгатай. Эхлээд энгийн хувцастай бодоод сууж байгаа хэсэг гарна. Тэгээд баатрын хувцас өмсч, жанжнуудаа цуглуулж, тактикаа танилцуулж, мориндоо мордоод хар тугаа мандуулаад давхиад нум сум харваж дохио өгнө. Утаа гаргахдаа УИХ-ын чуулган дээр өмсдөг байсан саарал дээлээ өмсчихсөн байгаа биз дээ. Хамгийн сүүлд Цагаан тугаа өргөж ялалт байгуулж энх тайван тогтсныг харуулна. Хар хуст сумын малчин залуу яваад төгсч байгаа. Ард түмнээрээ төгсгөж байгаа хэрэг. Чингис хаан  цэргүүдээ   гурван замаар хуваагаад дайсан руугаа дайрч хүчийг тарамдуулан ялалт байгуулдаг  байсан гэдэг. Шагайгаа гурав хувааж харуулж буй нь өвгөдийхөө ухааныг дээдэлж, монголоороо байхын тулд өөрчлөлт , хувьсгал хийх цаг болж гэдгийг  харуулах гэж оролдсон хэрэг. Энэ бүх тэмцэл, өөрчлөлтөөр ард түмэн ялалт байгуулж, баялгийнхаа эзэн нь байж, бүгдээрээ элбэг хангалуулан амьдрах ёстой гэсэн далд утгыг бэлгэдэж байгаа юм шүү дээ. Монгол Улс маань хөгжиж, монголоороо байж,  монголчууд мөнгөтэй байвал бүсгүйчүүд гадаадын хөрөнгөлөг өвөөтэй ч ханилах гэж дагаж гүйхгүй биз дээ. Ядуу байвал монголчууд Монголоороо ч бахархахгүй.  Эдийн засгийн хувьсгал хийж, монгол хүн бүрийг баян чинээлэг болгох хэрэгтэй шүү дээ. Бидэнд маш их боломж бий. Газар нутаг, мал сүрэг, байгалийн баялаг гээд л. Гурван сая хүнийг элбэг хангалуун амьдруулж чадахгүй, эрх мэдэлд хүрсэн хэдхэн нөхдүүд гадныхантай нийлж хагарталаа баяжиж байгааг харсаар, мэдсээр байж дуугүй  суумааргүй байна.



-Та Орхон-Уул аймагруу шилжсэн гэл үү?

-Хаягаа шилжүүлчихсэн байгаа.

-Орон байр худалдаж аваад суурьшихсан уу?

-Үгүй үгүй. Нэг газар авья гэсэн өгөхгүй байгаа.

-Намайг дагаад газраа ав, чадахгүй бол чацга царайлчихаад гэж хэлсэн үг тань бас шуугиан тарьсан даа?

-2015 оны тренд үг болчихсон юм шиг байна лээ.

-Eagle телевизийн ярилцлагад Б.Жаргалсайхантай хамт ороод та дэггүйтэж, чихийг нь мушгиад яриулаагүй. Гарч байгаад уулзая гээд байсан. Юу болсон бэ?

-Би   10 гаруй минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор явчихсан.

-Та үе үе этгээд араншин гаргадаг. Ангела Меркелийг үнсч, Бушийг үг хэлэхэд гэнэт алга ташсан гээд л. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгддөг юмуу эсвэл ...?

-Би ингэж авирласнаараа харин ч эерэг ойлголт төрүүлсэн байх шүү. Германы канцлер Ангела  Меркелийг айлчлахад Германаар ярьж, баяр хүргэж, үнссэн. Яагаад болохгүй гэж. Харин ч дургүйцээгүй, инээмсэглээд, тааламжтай хүлээж авсан. Хүндэтгэж байгаагаа илэрхийлж байгаа хэлбэр. Жорж Буш Монголд зочлоод үг хэлэхдээ “АНУ, Монгол ах дүүгийн харилцаатай” гэж онцлоход босч алга ташсан хэрэг. Тэр танхимд сууж байсан парламентын гишүүд таг чиг байсан даг. Ингэлээ гээд Буш уурлаагүй, харин ч талархалтай хандсан.

Тэрч байтугай 2010 онд Токиод  болсон Жүдо бөхийн   дэлхийн аваргын тэмцээнд дээр Х.Цагаанбаатарыг идэвхитэй барилдаж байхад шүүгч торгуулийн оноо өгөхөөр “үү, үү” гэж орилоход  үзэгчид бүгд дэмжиж уухайлсан. Үүний хүчинд торгуулийн оноог цуцлуулж, тэр наадмаас хүрэл медальтай ирж байсан юм. Энэ мэтчилэн Монголынхоо төлөө, монгол хүний төлөө л  сэтгэл зүрх минь цохилж байдаг. Үүнийгээ хаана ч нуудаггүй ээ би.

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.