Аналитик


Засгийн газрыг огцруулах цаг нь мөн үү

3 жил, 9 сар TIMES.MN
TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна.  Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн, хамгийн их шуугиан тарьсан сэдэв бол УИХ-ын 20 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан явдал байлаа. “Дубайн гэрээ байгуулж Оюутолгойгоос Монголын талын хүртэх ашгийг 2037 он хүртэл хойшлуулж эх орны эрх ашгаас урвасны учир Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын 20 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын даргад өргөн барьсан юм. Ингээд зарим үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.

Нийгэм: Сурагчдын амралтыг сунгалаа

  Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас бага ангийн сурагчдын амралтыг тав хоногоор сунгаж хичээл хоёрдугаар сарын 2-ны мягмар гарагаас эхэлнэ. Харин дунд, ахлах ангийн сурагчилд нэгдүгээр сарын 25 хүртэл амарч маргаашнаас хичээл нь эхэлнэ. Хөдөө орон нутагт бага ангийн сурагчдын амралт нийслэлээс   ялгаатай буюу хойно эхэлсэн бөгөөд ьэд ч мөн хоёрдугаар сарын 2-ноос хичээлдээ орох юм. Нийслэлийн Удирдлагын зөвлөлөөс хүйтний эрс буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага, дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах хүсэлт тавьсны дагуу сурагчдын амралтыг сунгалаа.

Улс төр: АН-ын ҮЗХ-ны хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

   Ардчилсан намын ҮЗХ  хуралдахаар товоо зарласан ч хуралдсангүй. Хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшилсныг мэдэгдсэн.

Тус намын ҮЗХ-гоор  энэ зун болох парламентын сонгуульд ИЗНН болоод МҮАН-тай эвсэх асуудлаа ярилцаж,  мөн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар уг асуудлыг тодорхой болгож, тэдгээр намын төлөөллийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнчлэлийн хэдэн хувьд оруулах, УИХ-д нэр дэвших квотыг тодорхой тогтоох, уг асуудлыг Ардчилсан намын дүрэмд тусгах зэрэг асуудлыг хэлэлцэхээр байсан гэсэн мэдээлэл байна.

Чуулган: Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор боллоо

   УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн мөнгийг хуучин жишгээр нь олгох тухай Тогтоолын төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Ингэснээр амжиргааны түвшингээр нь ангилж, хүүхдэд мөнгө олгох тухай  өмнө тогтоолд өөрчлөгдөж, хүүхэд бүрт мөнгө олгохоор хуульчиллаа.

 

 

Долоо хоногийн сенсаци: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөл өргөн барилаа

   УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулахаар тогтоолын төсөл өргөн бариад зогсохгүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарын аавд ил захидал илгээсэн. Захидалдаа "Ард олны хүсэлт шаардлагаар Ноён уулын орчмыг хамгаалж үлдэхийн тулд хоёронтаа буцаасныг үл тоон ухан сүйтгэхээр завдагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэн байгаад бид санаа зовж, давчдан байна. Ноён уулыг ухаж, ихсийн онгоныг цочоож, биеийг сүйтгэж, Гацууртын голыг таслан хөнөөж, мод ургамлыг хиаруулан мөхөөхийн төлөө зүтгэгчдийн ар гэр, аав ээж, ахас ихэс нь дээрхийн адил ухуулан сэнхрүүлэхийг мөргөн гуйж байна" хэмээн бичсэн байсан.Ерөнхий сайд “Та арай дэндэж байна. Манай аав 80 настай, хөгшин хүн. 40-тэй хүүхэн энэ хөгшин руу захиа бичээд байх юм. Манай аав насаараа барилгын салбарт ажиллан, нэгдүгээр хороолол, СТӨ-г Оросуудаас хүлээн авсан хүн. Ханиа алдаад ганцаараа үлдсэн хүнийг та зүгээр л тааваар нь орхичих. С.Баярцогт гишүүний аав насаараа тариан талбайд ажилласан хүн. Таны хажууд бол тэд хийдгээ хийсэн хөгшид. Асуудал ярих гэж байгаа бол надтай ярь. Тэр хөгшчүүлийг тайван орхи" гэдгийг Г.Уянга гишүүнд хандаж чуулганы үеэр хэлсэн юм.

 Нийгэм: Шинжилгээний хуудасгүй 5740 архи тээвэрлэж байжээ

  Цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа акц, шинжилгээний хуудасгүй их хэмжээний архи тээвэрлэж явсныг илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороо “Нарны гүүр”-ний урд автозамд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид “Kia Bongo” автомашиныг зогсоож шалгахад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат Х /эрэгтэй, 42 настай/ гэгч нь “Далай” нэртэй акц болон шинжилгээний хуудасгүй архи тээвэрлэж явжээ.

 

Уг иргэн нь 5740 ширхэг архи тээвэрлэж явсан аж. Түүнийг саатуулан Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Нийгэм: Малайзад охид бүсгүйчүүд худалдаалдаг бүлэг этгээдийг илрүүллээ

  Монгол охид бүсгүйчүүдийг Малайз улсын Куала Лумпир хотын нэр бүхий зочид буудал, массажны газруудад аваачиж бэлгийн мөлжлөгт оруулж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан сүлжээг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж эхэллээ.Сэжигтнүүд хохирогчдын тийзийг Малайз улсаас захиалан Улаанбаатар- Куала –Лумпур хот хүртэлх электрон тасалбарыг Монгол дахь зуучлагч этгээдээр дамжуулан өгдөг байжээ  .

Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш гурван удаагийн тээвэрлэлтээр 12 эмэгтэйг өндөр цалинтай ажилд оруулах нэрээр Малайз улс руу хил давуулан худалдаалж, зуучлалын хөлсөнд нь 500.000-2.000.000 орчим төгрөгийн урамшуулал авдаг байсан байж болзошгүйг цагдаагийн байгууллага тогтоосон байна.

1983-1996 онд төрсөн 12 хохирогчийг тогтоож гэмт хэрэг үйлдэгчдийг Малайз улс руу буцах үед нь баривчлан эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна

Нийгэм: Хүүхдээ тамалсан эцэг өршөөлөөр суллагджээ

  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны гуравдугаар сард хоёр настай охиноо болон найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ төрсөн эцэг нь хазаж, боож тамлан зовоосон жигшүүрт хэрэг гарсан. Уг үйл явдал гуравдугаар сарын 21-нд болсон бөгөөд энэ тухай дуудлага Хүчирхийллийн эсрэг ирж төвд ирж, дараа нь хүүхдүүдийн ээж Т нь өөрөө Хүчирхийллийн эсрэг төвд хандсанаар энэ хэрэг олон нийтэд ил болсон юм. Ээжийг нь байхгүй хойгуур тамлан зовоодог байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 100.1, 181.2.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж, Цагдан хорих 461 дүгээр ангид нийт дөрвөн сарын хугацаанд саатуулан хорьж, өнгөрсөн долоодугаар сарын 25-нд суллагдсан байдаг.

 

Тэгвэл түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж, шүүхийн шийдвэрээр хэрэгтэнд 3.6 жилийн хорих ял оноож, жирийн дэглэмтэй хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Түүнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй мөнгийг сар бүр хүүхдүүдэдээ олгох шийдвэрийг шүүхээс гаргасан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Мөн тэрбээр хийсэн хэргийнхээ ялыг эдэлж, хорих ангид хоригдож байгаад өнгөрсөн 11 дүгээр сард Өршөөлийн тухай хуулиар суллагджээ.


Гоё Монгол: Монгол эрдэмтэн анагаахын шинэ нээлт хийлээ


   Доктор, профессор Б.Бумдэлгэр Япон улсын Хирошимагийн их сургуульд зүрх судасны чиглэлээр суралцаж төгсөөд өдгөө тус сургуульд багшилж байна. 

Тэрээр ясны сийрэгжилтээс сэргийлдэг остеопротегерин гэх уураг нь яснаас гадна хэвлийн аортын судасны цүлхэн үүсгэх эмгэгээс сэргийлдэг болохыг баталсан байна. Мөн тухайн өвчний үүсгэгч эмгэг жамын нарийн механизмыг гүнзгий судалж анагаах ухааны шинэ нээлт хийжээ.


Л.Ариунцэцэг

 

 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.