Улс төр


Хоёр Энхболдын хамтын амьдрал 6-хан сарын настай байжээ

4 жил, 6 сар TIMES.MN


Монголын улстөрийн халуухан өдрүүд зуны аагим халуунтай зэрэгцэн ирсэн. Шийдлийн гэх засаг байгуулсан улстөрийн намууд хоорондоо толхилцож нэгийгээ хөөнө хөөхгүй, хөөгдөхгүй өөрөө гарна гэх мэтээр хэрэлдсээр хагас жилийг үдэв.

АН-ынхан МАН-тай хамтраад улс орноо хөгжүүлнэ, эдийн засгийн хүндрэлийг давна гэж найдсан. Гэвч МАН-ынхан хамтарсан атлаа сөрөг хүчний байр сууриа тавиагүй. Сүүлийн нэг сарын хугацаанд энэ байдал улам даамжирсан тул МАН-ыг засгаас хөөх тухай асуудлыг албан, албан бусаар ярилцах болсон. МАН-ынхан ч энэ хугацаанд мөчөөгүй өгөхгүй шүүмжлэх алдаа бүрийг нь ил гаргаж , хууль бүрийг нь шүүмжилж батлахаас татгалзаж завсарлага авахаас өөрөөр ажил бараг хийсэнгүй.

Нэгэнт нэгэн гэрт хамтран амьдарч чадахгүйгээ мэдсэн АН-ынхан МАН-ыг засгаас хөөх тухай хүчтэй ярих болсон. Гүйцэтгэх зөвлөлдөө ч олонтаа хов хүргэсэн ч дорвитой шийдвэр гаргаагүй. Хоёр намын хамтран ажиллах гэрээний биелэлтийг хянах ажлын хэсэг байгуулахыг УИХ дахь бүлэгтээ үүрэг болгосон.   Улмаар тус бүлгийн хурал таван цаг гаруй үргэлжилж Засгийн газарт хамтрахаар МАН-тай байгуулсан гэрээнд тусгасан ажлуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Тодруулбал, АН-ын бүлэг МАН-тай байгуулсан хамтарсан гэрээнд “хангалтгүй” гэдэгт санал нэгдсэн байна. Улс орныг эдийн засгийн хүндрэлээс гаргах  томоохон хуулийн төслүүд болох Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэл, Сонгуулийн хууль болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Гацуурт, Тавантолгой, Оюутолгойн асуудал шийдэхэд  МАН-ынхан саад хийн, завсарлага авч, унагаж, гацаасан хэмээн дүгнэлтээ гаргасан хэмээн Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлсэн юм.


Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа МАН-тай байгуулсан гэрээний биелэлтийг хэлэлцээд, энэхүү гэрээгээ цуцлах үүргийг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт өгчээ. Энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын Улс төр бодлогын газрын дарга Д.Анхбаяр, АН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Б.Цолмонбаяр нар өчигдөр орой яаран хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

Ингэснээр улстөрийн аагим халуун  эхэлж байна. Наадмын дараа л энэ асудал яригдах байх. Баяр наадмын өмнө засаг төрөөрөө арай оролдохгүй байлгүй гэж байсан иргэд нөхцөл байдал өөрчлөгдөж улстөрийн цаг хугацаа хурдасч буйг харлаа.

Тэгэхээр ирэх даваа гарагт АН-ын бүлэг хуралдахдаа биелээгүй гэрээний асуудлыг хэлэлцээд МАН-ыг засгаас гаргах асуудлыг шийднэ. Хэрэв бүлэг МАН-ыг засгаас хөөх шийдвэр гаргавал улстөрийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөнө. АН дангаараа Засгийн газраа байгуулах уу, бусад намуудтай хамтарсан хэвээр байх уу гэдгээ шийднэ. Хэрэв МАН-тай байгуулсан гэрээгээ цуцалвал Засгийн газрыг  бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахгүй зөвхөн МАН-ын сайд нарыг өөрчилнө гэж байна. Тэгэхээр баяр наадмын дараа зургаан яаманд улстөрийн томилгоо, халаа сэлгээ хэсэгтээ л үргэлжилнэ гэсэн үг. АН-ынхан 2016 оны сонгууль дуустал хариуцлагаа үүрдгээрээ үүрнэ. Харин сонгогчид ямар дүн тавих нь сонгуулийн өдөр мэдэх хэрэг.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.