TIMES Ярилцлага


М.Батбаатар: Орон сууцаар барьцаалсан үнэт цаасыг гадаад зах зээл дээр гаргах хэрэгтэй

3 жил, 7 сар TIMES.MN
Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа

   -Сар шинийн баяраас өмнө байрны ипотекийн зээлийг таван хувь болгох асуудлыг шийдвэрлэнэ гэж байна. Энэ талаар Монголын барилгачдын холбоо ямар байр суурьтай байгаа вэ?

-Өнгөрсөн оны эцэст найман хувийн ипотекийн зээлийг зогсоосон нь барилгын салбарынханд хүнд цохилт болсон. Ер нь 2015 оны хувьд нэг хэсэг барилгын компаниудын ажлыг царцааж хүнд байдалд оруулсан. Дараа нь хөрөнгө оруулалт нь гацаж саатсан гээд барилгын салбар эдийн засгийн хямралд хамгийн их өртөх нөхцөл бололцоог бий болгосон жил байв. Гэхдээ Монголын барилгачид сэтгэл санаагаар уналгүй бүтээн байгуулалтын гол хөдлөгч хүчний хувьд төр засагтаа итгэж өнгөрсөн оныг нэлээд хүлээлттэй давлаа. УИХ-ын дарга З.Энхболд хамгийн эхний хүлээсийг тайлах нааштай мэдэгдэл гаргасан. “Найман хувийн ипотекийн зээлийг инфляцийн түвшин буурсантай холбогдуулаад таван хувь болгоё” гэсэн санаа гаргасан. Энэ их зөв. Ер нь барилгын салбарт орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг 2000 оноос хойш хэрэгжүүлэхдээ үндсэн гол зарчмыг орхигдуулж ирсэн. Тэр нь барилгын салбарт үнэт цаасны хоёр дахь зах зээлийг хэрэгжүүлэх явдал байсан. Эхнийх нь орон сууцны үнэт цаасны анхдагч зах зээл. Энэ Монголд хэрэгжээд нэлээд хэдэн жил болж байна. Анхдагч зах зээл нь арилжааны банк, иргэн, барилгын гүйцэтгэгч байгууллага гурвын дунд үүсч байгаа богино хугацааны өрийн сүлжээ юм. Манайд эхлээд 12 хувийн хүүтэй байснаа найман хувийн хүүтэй болсон. Миний бодлоор найман хувь гацсан шалтгаан Цэцийн дүгнэлтээс ерөөсөө болоогүй.

-Таныхаар юунаас болсон гэж үзэж байгаа хэрэг вэ?

-Орон сууцаар барьцаалсан үнэт цаасны анхдагч зах зээл ерөнхийдөө хүчээ барж байна. Цаашдаа үүнийг өөрчлөх шаардлагатай гэсэн дохио өгсөн хэрэг. Би механизмдаа өөрчлөлт оруул, хүүгээ бууруул, хугацаагаа сунга гэсэн санал гаргаж байсан. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд болон Ардчилсан намынхан шийдвэртэй арга хэмжээ авсанд барилгачдын холбооны зүгээс талархаж байна. Оройтсон ч ухамсарласан. Үүнээс өөр гарц байхгүй гэдэгт итгэж байсан учир барилгачид энэ шийдвэрийг тааламжтай хүлээж авч байгаа. Орон сууцаар барьцаалсан үнэт цаасны хоёр дахь зах зээл гэдэг нь одоо анхдагч зах зээл дээр байгаа найман хувийн хүүтэй арилжааны зах зээлийг өрийн бичиг болгоод түүнийгээ Засгийн газраар буюу орон сууцаар нь барьцаалсан үнэт цаас хэлбэрээр дахин мөнгөжүүлж, хүүг нь дөрвөн хувь болгох механизмыг хэлж байгаа юм. Ерөнхийдөө энэ рүү орчихлоо. Уг нь орон сууцаар барьцаалсан үнэт цаасыг гадаадад гаргаж, гадаадаас гурван хувь, дөрвөн хувийн хүүтэй хөрөнгө оруулалтыг оруулж ирж цааш нь урт хугацаагаар үргэлжлүүлэх ёстой. Үүнийг заавал хийх учиртай. Сая З.Энхболд дарга энэ зах зээлийг хөгжүүлэхэд дотоодод байгаа нөөц бололцоогоо ашиглана гэж байна. Тэтгэврийн сан, Нийгмийн даатгалын сан зэргийг эргэлтэд оруулъя гэж байна. Өнөөдөр эдийн засаг хямралтай үед эхний л алхам. Гэхдээ энэ нь асар өндөр цар хүрээтэй хөрөнгө оруулалт биш. Гэсэн ч эхний ээлжийн арга хэмжээ авч байгаа нь маш зөв юм. Үнэт цаасаар барьцаалсан хоёр дахь зах зээлийг гадаад зах зээл дээр гаргах хэрэгтэй. Гарцаагүй үүнийг хийхээс өөр замгүй. Яагаад гэвэл цаана нь ард түмний амьдрал залуучуудын амьдрал, дээрээс нь орон сууцжуулах хөтөлбөр төслүүдийн хувь заяа, барилгын салбарын хувь заяа байгаа учраас.

-Орон сууцаар барьцаалсан үнэт цаасыг гадаад зах зээл дээр гаргана гэдгийг илүү тодруулахгүй юу?

-Одоо Япон, Хонгконг, Сингапур, Хятадын зах зээл дээр хадгаламжийн хүү ердөө хоёр, гурван хувь байна. Том гарын баячууд нь хөрөнгөө өсгөх бололцоо нь хоёр хувь л байгаа юм. Тэгэхээр тэр их хөрөнгийг Монголын орон сууцны зах зээл рүү татахад хамгийн таатай, том барьцаа хөрөнгө нь баригдчихсан орон сууц юм. Сингапурт байгаа хоёрхон хувийн өсөлттэй хөрөнгийг Монголд дөрвөн хувь болгож өсгөе гэж оруулж ирээд оронд нь Засгийн газрын баталгаажсан үнэт цаасыг гаргаад өгвөл орох хувилбар маш сайн байдаг. Монголын 600, 700-гаадхан мянган хүний хэмжээнд эргэлдэж байдаг тэтгэврийн сан, нийгмийн даатгалын сантай харьцуулахад хэдэн зуун тэрбумаар эргэлдэнэ. Одоо байгаа зуугаад мянган айлын орон сууцны өрийн бичгийг үнэт цаас болгоод дахиад орон сууц авахыг хүлээж байгаа 250 мянга орчим айл өрхийн орон сууцны хөтөлбөр төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг гаднаас татаж оруулж ирэх замыг нээвэл маш буянтай ажил болно. Түүнээс арав хорин мянган айлын орон сууцыг санхүүжүүлэх юм уу гацаанаас гаргах нь зөвхөн өнөөдрийн ажил. Дараа нь 200 мянган айлын орон сууц барих, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хорь гаруй төслийг хөдөлгөх, аймаг бүрт мянган айлын орон сууц барих төслийг хөдөлгөх хэмжээний их наяд төгрөгийг гаднаас оруулж ирэх асуудлыг ярьж байна. Өнөөдөр таван хувийн хүүтэй ипотекийн зээлтэй болгоно гэдэг нэг алхам. Үүнийг шинэ үе шатанд гаргах хэрэгтэй. Барилгын салбарыг хөдөлгөөнд оруулаад ирэхээр аяндаа орон сууц, иргэний барилга, эмнэлэг сургуулийн барилгаар дамжаад ажиллах хүч нэмэгдэнэ, ажлын байр нэмэгдэнэ, барилгын материалын бараа бүтээгдэхүүний эргэлт сайжирч, хамгийн гол нь орон сууцтай болж иргэдийн ахуй амьдрал дээшилнэ. Энэ бол сонгуульд оролцож байгаа нам болгоны үндсэн зорилго, ард түмэндээ амлах амлалт байх ёстой.

-Орон сууцаар барьцаалсан үнэт цаасыг гадаад зах зээл дээр ямар замаар, хэрхэн гаргадаг юм бол?

- Монголын ипотекийн корпораци гэж байгууллага байдаг. Арилжааны банкуудын таван хувийн хүүтэй зээлийг Монголын ипотекийн корпораци цуглуулж аваад үнэт цаас болгоод, Европ руу сэргээн босголтын банк зэрэгт аваачиж зараад мөнгө босгож ирдэг. Энэ бол зөв арга л даа. Гэхдээ бага хэмжээний тав, арван сая доллар оруулж ирдэг. Ийм замаар л гаргана гэсэн үг.

-Зарагдахгүй хичнээн барилга байна вэ. Ипотекийн таван хувь хэрэгжиж эхэлснээр бүгдийг эргэлтэд оруулж дуусах уу?

-Ер нь зах зээл дээр бэлэн болчихсон 8200 гаруй айлын орон сууц байгаа. Тэдгээр нь эхний ээлжинд эргэлтэд орно. Баригдаж байгаа 10 мянга гаруй айлын орон сууц барих гэж байгаа 20 гаруй мянга, нийтдээ гучин мянга гаруй айлын орон сууц эхний хоёр жил эргэлтэд орно. Тэгэхээр түрүүний хэлснээр дараачийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хөдөлгөөнд оруулчих юм бол цаана нь дахиад жилдээ 40 гаруй мянган айлын орон сууц барих ажил зөвхөн Улаанбаатар хотод байна.

Ер нь одоогийн байдлаар барилгын салбар бүгд өрийн сүлжээнд орчихсон байгаа. Цемент зуурмагаа зээлээр өгчихсөн байх жишээтэй. Энэ өрийн сүлжээ тайлагдана. Гэхдээ нэг сайн тал нь гадаадын өрийн сүлжээ бус дотоодын өрийн сүлжээ учраас жоохон түлхэц өгөхөд цемент, арматур, тавилга, цонх, хаалгыг дотооддоо хангах боломж байна.

-Зээлийн хүү таван хувь болохоор зээл төлөх хугацаа нь уртсах уу?

-Хоёр янзын хувилбар яригдаж байсан. Нэг урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгоод 20 хувийг засаг даая гэсэн. Гэхдээ хүү нь хэвээр, хугацаа нь хэвээр байсан учраас жишээлбэл, 20 жилийн хугацаатай найман хувийн хүүтэй, 10 хувийн урьдчилгаатай гэхээр тухайн иргэнээс төлөх сарын төлбөр 600, 700 мянга болчихоод байсан. Гэтэл судалгаагаар нэг айл өрхийн төлбөрийн чадвар 450 орчим мянган төгрөг. Миний яриад байгаа хоёр дахь зах зээлийг гаргаж ирвэл аяндаа залуус төлбөрийн гацаанаас гарна. Өнөөдөр залуу хос сарын 800 мянган төгрөг төлөх гэж чардайж байсан бол 500 гаруй мянган төгрөг төлөөд байнгын орон сууцны зээлэндээ хамрагдана гэдэг маш том боломж. Анхдагч зах зээл хоёр дахь зээл зэрэг ажиллаад ирэхээр зорилтот бүлгүүдийг татан оролцуулна. Дээр нь түрүүчийн найман хувийн зээлд хамрагдсан иргэд орон сууцны зээлээ төлчихөөд дахиад гурван өрөө байраа өргөтгөх замыг нээж байгаа. Үүн дээр Засгийн газар нэг зүйлийг ерөөсөө мартаж болохгүй. Үүгээр далимдуулаад хүмүүсээ ажлын байртай болгох бодлогоо сулруулж болохгүй. Орон сууцтай болгох хөтөлбөр төслийг төрийн оролцоотой уян хатан хэрэгжүүлэхийн төлөө Монголын барилгачдын холбоо яагаад ажиллаж байгаа юм гэхээр ерөөсөө ажилтай орлоготой залуусыг хамруулах. Ялангуяа барилгачдыг хамруулахыг маш их хүсч явдаг. Тухайн барилгыг барьсан хүн эргээд өөрөө ажилтай, орлоготой болоод зээлэндээ хамрагдах боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

-Ипотекийн зээлийг таван хувь болгоод дээр нь урьдчилгаа арван хувь авах боломж бий юу?

-Сард авах мөнгө нь төлбөрийн чадамжинд уялдсан байна гэдэг том алхам. Үүн дээрээ арван хувийн урьдчилгааны асуудал яригдвал сайн л биз. Гэхдээ өнөөдрийн Засгийн газарт тийм нөөц бололцоо байхгүй. Засгийн газар энэ таван хувиа Цагаан сар битгий хэл ирэх долоо хоногоос шийдвэрлэх хэрэгтэй. Яагаад гэвэл над руу сүүлийн үед барилгын том том компани эрх ашгаа хамгаалаач ээ гэж утасдах болсон. “Долларын зээлтэй, түүнийхээ хүүд шатаад баларч байна. Дээрээс нь барилгын компаниуд улсын төсвөөс тендер аваад ажил хийсэн. Түүнийхээ 30 хувийг өөрсдөөсөө гаргаад 60 хувийг банкуудаас зээл авч шийдсэн болохоор баларч байна” гэж ярьж байна. Танай сониноор дамжуулаад арилжааны банкуудад нэг санал хэлмээр байна. Арилжааны банкууд барилгын салбарынхныг өнгөтэй өөдтэй байгаа үед өндөр хүүтэй зээл өгөөд хамтарч ажиллаж байсан. Одоо хэцүү байгаа үед нь хүүгийн хүүгээр дарамталж битгий бүр унагах гээд байгаач ээ. Та бүхнийг тэтгэж дэмжих юм бол барилгын компаниуд зээл хүүгээ төлнө. Дарамтлаад байвал унахдаа арилжааны банкуудыг цуг татаад ойчоод өгнө шүү. Тэгэхээр барилгын салбарыг харж дэмжих цаг ирсэн. Таван хувийн зээлийн хүүг ч дэмжих хэрэгтэй шүү. Хэдийгээр банкуудад ашиг бага унаж байгаа ч барилгын салбараа татаад босгоод ирвэл дахиад хамтраад дээшээ гарах болно.

-Сүүлийн үеийн барилгуудын чанар муудсан гэж яриад байгаа. Энэ юутай холбоотой юм бол?

-Чанар муудсан гэдгийг би хүлээн зөвшөөрдөггүй юм. Учир нь ард иргэд хугацаанаас нь болоод тэгээд байна. Уг нь барилга тодорхой хэмжээний баригддаг хугацаатай. Тэгтэл жилийн дотор яах ийхийн зуургүй арванхоёр давхар, хорин давхар байшин бариад байгаа учраас ямар аргаар босоод байна гэдэгт эргэлздэг. Яагаад би чанар гайгүй гэдэгт итгэдэг гэхээр өнөөдөр бүх зуурмагийн үйлдвэр өөрсдөө лабораторийн шинжилгээтэй, цутгадаг технологи нь өөр болчихсон. Дээрээс нь чанарын хяналт тавих гээд олон аймгуудыг лабораторитой болгож байна. Гэхдээ зарим чанаргүй барилга байхыг үгүйсгэх аргагүй. Маш хурдан хугацаанд олон барилга барьж байна. Тэр болгонд хяналт тавьж чадахгүй. Чанарын хяналтын тогтолцоо, даатгалын тогтолцоо, санхүүжилт өгдөг компаниуд маш сайн хяналт тавьдаг тогтолцоог шинэчлэх ёстой. Дээрээс нь барилгын салбарын мэргэжилтэн ажилчдыг сургах, мэргэшүүлэхэд анхаарах хэрэгтэй.

-Ипотекийн зээлийг таван хувь болгосноор байрны үнэд өөрчлөлт орох уу?

-Одоо барилгын салбарт хямрал нүүрлэчихсэн байгаа учраас яаран үнээ нэмж, Засгийн газраас дэмжиж байгаа бодлогын өөдөөс сөрж давхих үзэгдэл гаргахгүй. Орон сууцны барилгын компаниуд ч энэ тал дээр ухаалаг хандаж, ард түмнийхээ худалдан авах чадварт тохирсон орон сууцыг нийлүүлэх хэрэгтэй.

-Энэ онд барилгын салбарын 90 жилийн ой тохиож байгаа бил үү?

-Энэ жилийн есдүгээр сард Монголд барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохионо. Үе үеийн бүтээн байгуулагчид болсон барилгачид аймаг орон нутгийн хэмжээнд өндөр бүтээмжийн аян зарлаад эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. 90 жилийн ойн хүрээнд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны асуудлыг шинэ шатанд гаргая, чанарын асуудлыг шинэ шатанд гаргая, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудлаа сайжруулж, сургалтын тогтолцоог өөрчилье гээд мэргэжлийн лавлах буюу мэргэжлийн стандартыг шинэчлэх асуудлыг Монголын барилгачдын холбоо гартаа барьж ажиллаж байна.Барилгын салбарыг ойрын ирээдүйд хөгжүүлэх стратегийн баримт бичгээ баталж боловсруулмаар байна. Ер нь барилгын салбар 2021 он гэхэд ямар байх ёстой юм. Тэр алсынхаа зорилтыг мэдэрч баймаар байна. Энэ чиглэлээр бодлого боловсруулах шаардлагатай. Үүгээр Монголын барилгачдын холбоо бусад төрийн бус байгууллагуудтай нийлээд бодлогын асуудалдаа анхаарч ажиллаж байгаа.

Э.Номин-Эрдэнэ




Холбоотой мэдээлэл


Лабораторийн Өнөрөө
Лабораторийн Өнөрөө
1 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.