2017-01-20
Аналитик 3 сар


Айлчлалаар дүүрэн өдрүүд

2016-10-Р Сар-17 TIMES.MN

TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн долоо хоног улс төрийн хүрээнд айлчлалаар дүүрэн өдрүүд байлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр өдрүүдэд Япон улсад айлчилж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Харин УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн Баасан гаригт өмнөд хөршийг зорилоо. Тэрээр БНХАУ-д энэ сарын 14-17-ний өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын улс төрийн намуудын чуулга уулзалтад оролцохоор ийнхүү морджээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэх байсан ч УИХ-ын дарга захирамж гарган чуулганыг түр завсарлуулсан. Ингэснээр чуулган 10 дугаар сарын 20-ны өдрөөс горимын дагуу үргэлжлэхээр боллоо.

Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.

Нийгэм: Засгийн газруудын 100 хоногийн харьцуулалт

УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан

Мэргэжлийн тодотголтой Мэргэжлийн бус Засгийн газар байгуулагдаад 100 хонолоо. Эрх баригч МАН-ын Засгийн газар өмнөх парламентын үед эсэргүүцэж байсан, сонгуулиар иргэдэд амлаж байснаасаа эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар байна. УИХ-ын сонгуулиар иргэдэд амлаж байсан амлалт, намын мөрийн хөтөлбөр нь олон нийтийг хууран мэхлэх, худал амлалтууд байсан нь Мэргэжлийн гэх МАН-ын Засгийн газрын Ээлжит бус чуулган, Намрын ээлжит чуулганаар УИХ-д өргөн барьсан, батлуулсан хуулиудаас тодорхой харж болно” гэв.

Мөн УИХ дахь АН-ын бүлэг өмнөх дөрвөн жилийн Засгийн газар 100 хоногт ямар ажлууд хийснийг одоогийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажилтай харьцуулжээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

 

Улс төр: УИХ-ын чуулганыг яаралтай завсарлуулсны “нууц”


УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг

түр завсарлууллаа. Уг нь өдийд ирэх оны төсөв  хэлэлцээд юун түр завсарлуулах манатай баймаар.

Учир ирэх оны төсвийн төслийг   11-р сарын 1 гэхэд баталсан байх хуультай. 65 тавуулаа, үнэмлэхүй олонх учраас төсвийг хугацаанд нь амжуулаад алх цохиод л батлачихна гэж тооцож л дээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Нийгэм : Дээрэм хийсэн этгээдүүдийг баривчиллаа

2016.10.10-ны өдрийн 00:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэгт 30 гаруй хүн хутгалсан хэрэг гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад: 2016.10.10-ны өдрийн 00:00 цагийн үед цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 1-р хороонд барлах орон сууцанд зодоон болж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллахад тус хороонд байрлах байранд байсан нэр бүхий 10 этгээд рүү А, Б гэгч этгээдүүд хэсэг бүлэг улсуудын хамтаар зэвсэг, зэвсгийн шинж чанартай зүйл ашиглан биед нь халдаж онц их хэмжээний мөнгө эд зүйл дээрэмдсэн хэрэг гарсан. Тухайн гэмт хэргийг үйлдсэн А, Б нарын Эрүүгийн цагдаагийн газар болон СҮхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс хамтран барьж, цагдан хориод байна. А болон Б нартай хамт байсан этгээдүүдийг одоогоор эрэн сурвалжилж байгаа юм. А, Б нар нь өмнө нь ял эдэлж байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3-д заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэв.

Хэрэг үйлдсэн этгээдүүд болон дээрэмдсэн эд зүйлийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Харин халдлагад өртсөн 10 хүн нь 25-31 насныхан бөгөөд хоёрийнх нь биеийн байдал хүнд байгаа байна. Тэд одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Бусад нь хөнгөн зэргийн гэмтэлтэйгээр мэдүүлэг тайлбар өгөөд явж байгаа гэнэ.

Хэрэг тоглоомын төвд бус түрээсийн байранд болсон байна. А нь өршөөлийн хуулиар суллагдсан этгээд байсан. Б нь хар тамхины хэргээр шүүхийн шатанд шалгагдаж байгаа юм байна. Тэд хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байжээ.

Нийгэм:  Х.Бат-Ундралд тэнсэн харгалзах ял оноолоо

Дуучин Х.Бат-Ундралд холбогдох шүүх хурал Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүний гэм буруутай эсэхийг шүүгчид хянан хэлэлцэж, Х.Бат-Ундралд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оногдуулав. “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаад байгаад ийнхүү өнөөдөр шийдвэрлэгдэж, тэнсэн харгалзах ял сонслоо.

 

Сенсаци: Камертон, Никитоны тоглолтыг 217 сая төгрөгөөр зохион байгуулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын санаачлагаар өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр "Улаанбаатарын намар" нэгдсэн арга хэмжээ болсон билээ. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой тус арга хэмжээнд "Никитон", "Камертон" зэрэг хамтлагууд ая дуугаа өргөж, тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажилласан юм.

Тэгвэл тус тоглолтыг зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 217 сая төгрөг гаргасан тухай баримт дэлгэгдлээ. Зөвхөн уран бүтээлчдийн зардалд 134 сая төгрөгийг зарлагадсаныг Шилэн дансны мэдээлэл харуулж байгаа юм. “Никитон”, “Камертон” хамтлаг тус бүр 25 дуу дуулна хэмээн 50, 50 сая төгрөг авсан бол хоёр хөтлөгч нэг орой мөн л тус бүр хоёр сая төгрөг авсан аж. Ингээд тус арга хэмжээний зардлын дэлгэрэнгүйг хүргэж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Гоё Монгол: Монгол оюутнууд ОУ-ын програмчлалын олимпиадад түрүүллээ

Энэ сарын 5-9-ний хооронд Японы Тоба хотноо Олон улсын програмчлалын "Прокон-2016" олимпиад боллоо.

Олимпиадад Монгол улсаа төлөөлөн ШУТИС-ийн МХТС-ийн Компьютерийн ухааны салбарын дэд процессор А.Хүдэрийн удирдсан Програм хангамжийн оюутан  Ганзоригийн Чинбат, Тэгшбайхын Билгүүн нар амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн байна. Тус олимпиад нь Азийн улс орнуудын их дээд сургуулийн дунд зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсад зохион байгуулагдсан шалгаруулалтад МХТС-ийн баг түрүүлэн оролцох эрхтэй болсон байна.

Дэлхийд: Тайландын хаан 88 насандаа таалал төгслөө

Тайландын эзэн хаан  Пумипон Адульядет өвчний улмаас 88 насандаа таалал төгслөө. Тэрээр 70 жилийн турш улс орноо удирдан чиглүүлж явсан бөгөөд дэлхийн хамгийн удаан төр удирдсан хүн юм.

Хааныхаа эрүүл мэндийн байдалд санаа зовсон Тайландчууд Сирираж эмнэлгийн гадаа өглөөний нарнаас үдшийн бүрий болтол цугларч хаан эзнээ эдгээж өгөхийг хүсэн бурхандаа залбирчээ  . Гэвч хааны бие тэнхрэлгүй байсаар таалал төгслөө. Тайландын эзэн хаан 2016 оны зургаан сард зүрхний хагалгаанд орсноос хойш биеийн байдал нь сайжралгүй байсаар өнгөрсөн долоо хоногоос амьсгалын аппарат зүүх хэмжээнд хүрэх хүртэл бие нь дордсон аж.

Л.Ариунцэцэг




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.