Аналитик


Хоёр ордын асуудал хойшилж, нийслэлчүүд татвартай болов

3 жил, 11 сар TIMES.MN

Гацууртын ордын 34 хувийг төр эзэмших асуудлыг буцаалаа


Өнгөрсөн долоо хоногт хамгийн их анхаарал татаж байсан Гацууртын ордын 34 хувийг төр эзэмших асуудлыг УИХ-ын чуулганаар хэрхэн шийдэх байлаа. Засгийн газраас тус ордын 34 хувийг төр эзэмшихдээ хувиа тусгай төлбөрөөр орлуулах байсан юм. 70 тэрбумын ногдол ашиг хүртэх гэдгийг улстөрчид 70 тонн алтны нөөцтэй ордыг хэтэрхий багаар үнэлсэн байна гэх шүүмжлэл дагуулсан. Мөн  төр 34 хувиа эзэмшихдээ төлбөрийг тусгай төлбөрөөр хийхээр Засгийн газраас санал боловсруулсан нь монголчуудад ашиггүй, гадныханд ашигтай үйлдэл болсон гэж үзлээ. Тиймээс УИХ-аас Гацууртын ордын 34 хувийг төр эзэмших асуудлыг Засгийн газарт буцаалаа. Ингэснээр гацууртын ордыг ашиглах, төр 34 хувийг тусгай төлбөрөөр эзэмших асуудал хоёр дахь удаагаа буцлаа.

Чуулганаар гишүүдийн хамгийн их шүүмжилж байгаа асуудалн ь Гацууртын ордыг ашиглахад түүх соёлын булш бунхан хөндөгдөхгүй гэх баталгаа байна уу, 10 жилийн хугацаанд 70 тэрбум ашиг монголын талд өгнө гэж байгаа нь хангалтгүй, Ноён уулыг ухуулахгүй гэж 20 гаруй мянган хүний гарын үсэг бүхий эсэргүүцлийн бичиг байнгын хороонд ирсэн гээд ярьвал асуудал их байна гэж байв.


Тавантолгойн ажлын хэсгийн дүгнэлт гарсангүй



УИХ-аас байгуулагдсан Тавантолгойн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт дүгнэлтээ гаргана гэсэн хүлээлт талаар болов. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж чадаагүй шалтгаанаа ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг учирлав. Мөн тэрээр ажлын хэсэг дүгнэлтээ гаргах боломжгүй байгаа. Тиймээс Тавантолгойн гэрээг энэ хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй. Ажлын хэсгийн дүгнэлт ч гэрээг буцаах, тендерийг дахин зарлах саналтай байгаа гэж байв. Ажлын хэсгийн ахлагч мэдээлэл хийхдээ компани хоорондын гэрээг гаргаж өгөөгүйгээс дүгнэлт гаргах боломжгүй. Монгол улсын баялгийг эргэлтэнд оруулах гэж байж ямар  гэрээ байгуулсныг төр нь үзэх эрхтэй гэсэн юм. Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт компани хоорондын гэрээ нь аж ахуйн нэгжийн хоорондын асуудал болохоор Засгийн газар оролцох боломжгүй гэсэн юм.


Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой боллоо



Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг УИХ-ын чуулганаар баталлаа. Монгол улс хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон болж байж хөгжинө гэснийг бататгах Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг боловсруулан өргөн барьсныг чуулганаар баталлаа. Үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжиж байж хөгжүүлэх шаардлагатай гэдгийг гишүүд дэмжиж байсан юм. Үйлдвэрлэгчдийг татварын болон бусад дэмжлэгүүдийг үзүүлэх Засгийн газрын саналыг гишүүд дэмжиж байв. Мөн үүний араас Үйлдвэржилтийг дэмижх хуулийг хэлэлцэхээр болсон юм.

Уул уурхайгаа хэтэрхий анхаарч ирсэн Монгол улс Аж үйлдвэрийн яамтай болсноор үйлдвэрлэгчдийг дэмжих, хөгжлийн хос тулгууртай болох Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болж байна.


Нийслэлийн иргэд түр оршин суугчид татвар төлнө



Баасан гарагийн чуулганы хуралдаанаар Нийслэлийн албан татварын тухай хуулийг эцэслэн баталлаа. Ингэснээр нийслэлийн иргэн, түр хугацаагар ирсэн иргэн архи, тамхи худалдан авах бүртээ 1 хувийн татварыг төлөхөөр болж байна. Мөн баар, ресторан, зочид буудлаар үйлчлүүлэхдээ 1  хувийн татвар төлөх юм. Хуулийг хэлэлцэх явцад гишүүд татвар нэмэхгүй байхыг сануулж байв. Тэгвэл хуульд нийслэлийн албан татварын хувь хэмжээг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тогтоохоор заасан байна. Тэгэхээр хууль батлагдсан болохоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид хуралдаж албан татварын хувь хэмжээг тогтоох болно.


Налайхчууд сонгуульд идэвхгүй оролцлоо


Нийслэлийн дагуул хот Налайхын захирагчийг сонгох сонгууль өнгөрсөн долоо хоногт боллоо. Сонгуульд нийт 8 нэр дэвшигч өрсөлдсөн ч нэг нь ч сонгогчдийн 50-иас дээш хувийн саналыг авч чадаагүй учраас сонгууль дахьсан юм. Дахин сонгуульд хамгийн олон санал авсан Ш.Хаан, Ц.Минжинхүү нарын дунд  өрсөлдөөн болсон юм. Пүрэв гарагт болсон дахин сонгуульд  Ш.Хаан 50,87 хувийн санал авч Налайх дүүргийн захирагч боллоо. Харин бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүүд нийт сонгогчдын 49,1 хувь нь саналаа өгчээ.

Налайхын захирагчаар сонгогдсон Ш.Хаан нь Налайхын уурхайд уурхайчин, малтагчаас эхлэн ажилласан аж.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.