Улс төр


Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийг 7-10 хоногт олгож дуусна

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. УОК болон ЭМЯ-наас гаргасан хатуу хөл хориог 14 хоногоор тавих шийдвэрийг Засгийн газар дэмжиж, албажуулжээ. Улмаар ирэх бямба гараг буюу энэ сарын 10-наас эхлэн 25-ныг хүртэл улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг албажуулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Эдийн засгаа унагахгүйн тулд бид эцсээ хүртэл хөл хорихгүй гэж хичээлээ. Вакцинжуулалтаараа бид Азидаа өндөр явж байгаа. Гэвч цар тахлын тархалт, өвчлөл өндөр байгаа учраас иргэн бүрээ вакцинжуулахын тулд, вакцинжуулалтыг үр дүнгүй болгохгүйн тулд хөл хорио тавихаас өөр аргагүй болж байна. Тиймээс ирэх бямба гарагаас  эхлэн 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтооно.

Эдийн засаг амаргүй, урин дулаан цаг ирсэн үед айл өрхийн амьжиргаа маш хэцүү байдалд орж байна. Эдийн засагт идэвхжил байгаа энэ үед эргээд унагамааргүй байна. Тиймээс эдийн засгийн дэмжлэг зайлшгүй чухал гэдгийг Засгийн газар ярилцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт би ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Тэр үед Оюутолгойн татварын асуудлыг бид тууштай хөндсөн. Ингээд 2021 оны хоёрдугаар сарын 25-нд төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь Оюутолгойгоос татварт төвлөрүүлэх ёстой байсан мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 4-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд 26.5 тэрбум төгрөг төрийн санд төвлөрсөн.

Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд болон вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрийг иргэн бүрдээ зориулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн. Тиймээс дархлаажуулалт бүрэн дуусах хүртэл эдийн засгийн дэмжлэг болгон иргэн бүрд 300 мянган төгрөг олгох нь зөв гэж үзлээ” хэмээлээ.

Үндэсний статистикийн цахим хуудсанд мэдээлснээр манай улс 3 сая 371 мянга, 140 иргэнтэй бөгөөд эдгээр иргэдэд өнөөдрөөс эхлэн бэлэн платформ буюу хүүхдийн мөнгөний данс, ахмадын тэтгэврийн данс, 1072 хувьцааны данс зэргийг ашиглаж 7-10 хоногийн хугацаанд олгоно гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, 5 ам бүлтэй айл гэхэд 1.500.000 төгрөгийн дэмжлэг авах нь ээ. Улсын төсөв амаргүй ч иргэдийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргасан Монгол Улсын Засгийн газар, Гүйцэтгэх тэргүүн Л.Оюун-Эрдэнэд баярлалаа. 




Холбоотой мэдээлэл