Улс төр


Б.Пүрэвдорж: Гурван хувийн хүүтэй зээлийн болзлыг хангах хүн олдохгүй

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газраас хэрэгжүүлсэн 5.1 их наяд төгрөгийн зарцуулалтыг ил болгохыг шаардлаа. Тэрээр өмнө нь Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд энэ талаар асуулга явуулсан боловч хангалттай хариулт өгөөгүй гэв. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан ёсоор хандаж, дээрх хөтөлбөрт зориулсан хөрөнгийн нэг төгрөг бүрийг хэрхэн зарцуулснаа олон нийтэд ил болгохыг нэхэл хатуутай шаардах болно гэдгээ мэдэгдлээ.

Засгийн газар зарцуулах хөрөнгөө УИХ-д мэдээлэх үүрэгтэй. Гэвч ковидын үед 5.1 ихнаяд төгрөгийг бие даан зарцуулах эрх авсан. Энэ мөнгийг иргэдээ ковидоос хамгаална. Мөн эдийн засаг, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжихэд зарцуулах ёстой байв. Харин өнөөдрийн байдлаар цар тахлын вирус нийслэлээс гадна орон нутагт тарсан. Эдийн засаг сүүлийн 20 жил байгаагүйгээр агшиж, аж ахуйн нэгжүүдийн 75 хувь нь хагас буюу бүрэн зогсчээ. 400 мянга гаруй ажилтан цалингаа авч чадаагүй гэсэн судалгааг МҮХАҮТ-аас гаргажээ. Тиймээс зорилгоо биелүүлж чадаагүй, үр дүнгүй зүйлд зарцуулснаа ил болгосны дараа 10 ихнаяд төгрөгийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх ёстой гэж үзэж буйгаа Б.Пүрэвдорж илэрхийлэв. Мөн одоо хэрэгжүүлэх 10 ихнаяд төгрөгийн хөтөлбөрт иргэд, аж ахуйн нэгжийн хүлээлт өндөр байгаа боловч энэ мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авахад ашиглах хэрэгсэл болгосон. Тухайлбал, иргэдэд орон сууцны гурван хувийн зээл олгоно гэсэн боловч нөхцөл нь маш хатуу. Зээлийн хатуу шаардлагыг хангах иргэн цөөн. Аж ахуйн нэгжид олгох зээл ч ялгаагүй, ажилчдаараа санал өгүүлбэл танай компанид зээл олгоно гэсэнтэй ижил шаардлагатай байгааг шүүмжиллээ.

 




Холбоотой мэдээлэл