Улс төр


100 ЖИЛ: МАН-ын дарга У.Хүрэлсүхийн илтгэлээс онцлох ишлэлийг хүргэе

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Эх орончдын баярын өдөр өнөөдөр тохиож, МАН, МАХН-ын удирдлагууд анх удаа хамтран Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Тэгвэл МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр “Тусгаар тогтнол хөгжлийн зуун” сэдвээр илтгэл тавьсан юм. МАН-ын дарга У.Хүрэлсүх 100 жилийн ойн илтгэлийнхээ нэг бүлгийг “Хуучин хүү шинэ хүү болсон нь" гэж нэрлэжээ. Монголын суут хүний нэг Дашдоржийн Нацагдоржийн яруу тод “Хуучин хүү” зохиолоос эш татсан нь тэр аж.

Мөн МАН-ынхан шинэ 100 жилийн түүхэндээ 10 томоохон зорилт тавьсныг илтгэлийнхээ үеэр онцлов.

Тодруулбал,

1. Эрчим хүчээр эх орноо хангаж, экспортлогч болох

2. Монголдоо өөрсдөө түлш шатахуун үйлдвэрлэх

3. Монгол хүнсээр Монголоо бүрэн хангах, органик хүнс экспортлогч болох

4. Хүнд, хөнгөн үйлдвэрүүд барьж, алт, зэс, төмөр, нүүрс, арьс ширээ өөрсдөө боловсруулах

5. Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, хийн хоолойн дэд бүтцийг барьж, босоо хэвтээ тэнхлэгийг холбох

6. Хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийн эрин үе Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эхлүүлэн өрнүүлэх, цахим үндэстэн болох

7. Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх

8. Бүс нутгийн санхүүгийн шинэ төв болох

9. Зөв тогтолцоотой метрополитан хотуудыг хөгжүүлэх, хот хөдөөгийн ялгаар арилгах

10. Экологийн тэнцвэрийг хадгалсан ногоон Монгол болох

10. “Алсын хараа 2050”-д зааснаар 30 жилийн дараа Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 75 тэрбум доллар, экспортыг 52 тэрбум доллар, нэг хүнд ноогдох ДНБ 15 мянган доллар хүргэх бүрэн боломж байна хэмээв.

Түүний илтгэлээс хэд хэдэн онцлох зүйлийг энд дурьдаж болно. Тухайлбал, бичиг үсгийн боловсролоор Монгол Улс 1970 онд дэлхийн хэмжээнд тэргүүлэгчдийн нэг байсан нь сэхээнтэнлэг, соёлын хувьд хэдийнэ төлөвшсөн ард түмэн байсныг хэлж байв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зууны дунд үед Монгол Улсад соёлын их тэсрэлт болж, бичих туурвих, бүтээх ажил өрнөж, аугаа бүтээлүүд төрсөн атлаа шинэ цагийн эрх чөлөөт нийгэмд ийм боломж бий болохгүй байгааг МАН-ын дарга илтгэлийнхээ үеэр онцоллоо. Намын даргын илтгэлийн дараагийн сэдэв нь аж үйлдвэр, бүтээн байгуулалтыг онилжээ. "Монгол Улс 100 жилийн өмнө хоёрхон сая лан мөнгөний орлоготой, таван сая малтай байсан бол өдгөө 70 сая малтай болсон. Гэвч эрчимжсэн мал аж ахуй болгох, чанарыг сайжруулах өөр зорилт тулгарч байна" хэмээлээ. Нөгөөтээгүүр, 100 жилийн өмнө 19 чиглэлийн шороон замтай, 10 модон гүүртэй улс байсан бол өдгөө 21 аймаг, 103 сум 5 хилийн боомт засмал замтай болжээ. 2000-аад оны эхээр “Мянганы зам” барина гэхэд “Мянгуужингийн үлгэр” гэцгээж байсныг ч тэр эргэн сануулав. Өнөөдөр харин тэр замаар нь 21 аймаг, 103 сум руу иргэд зорчиж буй нь 100 жилийн түүхийн онцлох нэг мессеж болж чадсан юм. 

Түүний илтгэлээс онцлох ишлэлүүдийг уншигч танд хүргэе.

-МАН-аас угшилтай МАХН эх намдаа эргэн ирж, элэг бүтэн, зорилго нэг, их үйлсийн төлөө хамтран зүтгэх нь зүйтэй гэсэн хоёр намын гишүүд, дэмжигчдийн идэвхтэй санал санаачилга гарч байгааг талархан дэмжинэ.

-Ус шиг сүлэлдэн нэгдэж, улс орныхоо төлөө хамтран зүтгэх нь Монгол Улсын эрх ашигт бүрнээ нийцнэ.

-МАН ирээдүйн 100 жилийн бодлого нь чинээлэг дундаж давхаргыг бий болгоход чиглэнэ.

-Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий. Хуульчдын дундаас ёс зүйтэй, шударга шүүгчдийг хэн нэгнээс хараат бусаар шилж сонгон томилж, мэргэжлийн, ёс зүйн алдаа гаргасан шүүгчдэд хариуцлага тооцох боломжтой болсон.

-Сүүлийн хэдэн жил алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авах тэмцэл хийлээ. Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет, Багануур, Бор-Өндөрийн уурхай, Асгат, Салхит, Тост, Тосон бумбын орд, Гутайн даваа, Хармагтай орд, Ноён уулыг эргүүлэн авлаа. Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойгойн гэрээг сайжруулах боломж бүрдлээ

-Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр. Үүнээс л шударга ёс эхлэх учиртай.

-Улс төрд шинэ үеийн, хоёр дахь шинэ зууны түүх эхэллээ.

-Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, сайн засаглалыг төлөвшүүлэх нь Монгол Ардын Намын үндсэн зорилтын нэг мөн.

-МАН өнгөрсөн зуунд тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг удирдан зохион байгуулсан. Одоо шинэ зуунд улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах их үйлсийг манлайлна

-МАН-ын бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх болно.

-Ардын намын түүх бол ард түмний түүх юм. Ардын нам бол ардаараа овоглосон ард түмний нам мөн.

-МАН шинэ зуундаа ард түмэнтэйгээ хамтдаа урагшилсан ДЭВШИЛТЭТ улс төрийн хүчин байх болно.

-Намын шинэчлэл бол нийгмийн шинэчлэл мөн.

-Түүх түүхээрээ үлдэнэ, харин бид нэг үгтэй, нэг нүүртэй байж зөвхөн үнэнийг ярьж, бичдэг байх ёстой.




Холбоотой мэдээлэл