Улс төр


Сугараад үлдсэн Д.Сумъяабазарыг огцруулъя

1 сар, 1 долоо хоног TIMES.MN


Өргөө амаржих газраас  ковидын халдвартай гэж сэжиглэгдсэн дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг идэр есийн хахир хүйтэнд улавчтай, халаадтайгаар тусгаарлахаар авч гарч байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж,  иргэдийн бухимдлыг төрүүлсэнтэй холбоотойгоор  УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар  хариуцлагаа хүлээж огцрох өргөдлөө өгчихлөө. Тэд ямартай ч ковидын халуун бүсэд ажилласан ч хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрч огцорч байна. 


Гэтэл 1,5 сая хүнтэй хотын даргаар ажиллаж, НОК-ийг удирдаж байгаа хүн “дайнаар төсөөлвөл хар амиа хоохойлон оковонд нуугдаж, цэргүүдээ дайны талбар руу илгээж, өөрөө ард үлдсээр эцэст нь цэргүүдийнхээ амийг өргөж, өөрөө амьд гарахыг зорьж байгаа генерал шиг” шийдвэр гаргаад сууж байна.  Өргөө амаржих газрын хувьд Нийслэлийн харьяа байгууллага гэдэг утгаар нь авч үзсэн ч, НОК-ийн орон гаран, эргэж буцсан, иргэдийг бухимдуулсан шийдвэрүүдийн харгайгаар өнөөдөр нийслэлийн хэмжээнд ковид тархсан байдлыг бодсон ч, үүрэг хариуцлага хүлээнэ гэж Хотын дарга болчихоод орлогчийнхоо ард чимээгүй  нуугдан шийдвэр гаргаж сууугаа байдлыг нь харсан ч, төрийн олон арван албан хаагчдыг өөртэй нь ойр биш гэдэг шалтгаанаар олноор нь хоморголон халж байгаа явдлыг дурьдсан ч, бүр сүүлдээ НОК-ийн харьяа Баянгол дүүргийн Онцгой комиссын албан хаагчдаас ковидын халдвар илэрсэн байж болзошгүй байдал үүссэнийг дурьдсан  зэргийг харгалзан үзэхэд зайлшгүй хариуцлага хүлээх, огцох ёстой албан тушаалтнуудын тоонд Хотын дарга Д.Сумъяабазар зү ёсоор орно. 


Тун удахгүй түүнийг огцоруулах хэмжээний олон нийтийн эсэргүүцэл, жагсаал цуглаан болно гэдэгт эргэлзэхгүй байна. Д.Сумъяабазарын гаргасан ойлгомжгүй, иргэдийг хохироосон, эргэж буцсан шийдвэрүүдийн нөлөөгөөр өнөөдөр хотод үйл ажиллагаага явуулж байгаа аж ахуйн нэгжүүд элгээрээ мөлхөж, эдийн засаг туйлдаж гүйцлээ. Гэсэн хэдий ч хотын хэмжээнд өдрөөс өдөрт цар тахлын халдварын тархалтын тоо өссөөр...


Ийм нөхцөлд “үүрэхийг чи үүр, аахилахыг нь би аахилья” гэгчийн үлгэрээр галын шугамд ажиллаж байсан албан тушаалтнуудаараа туг тахичихаад, өөрөө  арднь чимээгүй үлдэж, уснаас хуурай гарахыг хичээж байгаа өөдгүй хулчгар зан гаргаж суугаа Хотын даргыг огцруулцгаая.




Холбоотой мэдээлэл