Нийгэм


Г.Буянзаяа: Ирээдүйд шүдний эмч болно

2 өдөр, 14 цаг TIMES.MN

Бид энэ удаагийн зочноор Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ЕБС-ийн 9А ангийн сурагч Ганбаатарын Буянзаяаг урилаа. Оюунлаг сурагч маань сургуулийнхаа монгол бичгийн олимпиадын дэд байрын шагналтай.  Буянаа маань цаг ямагт хичээлээ давтдаг нь үнэхээр бахархам.  Хамгийн нандин сонгодог эгшгийн эзэн авьяаслаг охины ярианд анхаарлаа хандуулна уу.



-Тарган тавтай өвөлжиж эрдмийн ургац их хураав уу?

-Өнөтэй сайхан өвөлжиж байна. Сурагчдын амралт эхэлсэн ч багш нараасаа захидал даалгавар авч хичээлдээ шамдан суралцсаар явна.

-ТВ хичээл чамд ямар санагдаж байна. Давуу, сул тал нь юу байв?

-Эхлээд давуу талыг нь хэлье. Хичээлүүдээ нөхөж үзээд чадахгүй зүйлээ багш нараасаа асуух боломжтой. Сул тал нь зарим хичээлүүдээ хараахан ойлгож амждаггүй .

-Хамгийн дуртай хичээл чинь?

-Монгол бичиг, хими математик. Монгол бичиг минь бусад үндэстнээс ялгарах хамгийн том бахархал. Тиймээс монгол хүн бүр монгол бичгээр уншиж бичиж чаддаг байгаасай гэж боддог. Эх бичгийн минь титэм тэтгэж, эрдэнэт үсгийн минь нуруу түших болтугай.

-Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?

-Шүдний эмч болно. “Шүд эрүүл бол бие эрүүл” гэдэг шүү дээ. Амны хөндийгөөр хүний идэж байгаа бүхэн дамждаг. Хоолоо муу зажилснаар бүх эрхтэнд нөлөөлдөг.  Тиймээс шүдний эмч үнэхээр гоё мэргэжил юмаа гэж шохоорхох болсон.

-Одоо хичээлд явахгүй болохоор чөлөөт цаг их гарч байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Багш нараасаа ирсэн даалгавруудаа хийж англи хэлээ сайжруулж байгаа. Мөн аав ээждээ тус дэм болдог доо.

-Чиний хамгийн эмзэглэдэг зүйл?

-Хүний итгэлийг алдахаас л их айдаг.

-Багш нараа ямар байгаасай гэж боддог вэ?

-Хүүхдүүдийг ойлгож тэдэнд чин сэтгэлээсээ тусалдаг байгаасай гэж боддог.

-Найз гэж хэн бэ? Найзыгаа юутай зүйрлэх үү?

-Хүнд үед тусалж бие биедээ дэмтэй явахыг хэлнэ. Би найзуудаа нартай зүйрлэнэ. Миний хамгийн сайн найзыг И.Бямбасүрэн, Б.Энх-Амгалан гэдэг. Тэд их хөдөлмөрч хичээнгүй, ухаалаг тусархаг, сайхан сэтгэл гээд гэгээн бүхнийг биедээ шингээсэн. Ийм найзуудтай болохоор сэтгэл минь нар шиг дулаахан байдаг.

-Ихэвчлэн та гурвын ярианы сэдэв юу байх уу?

-Өдөр нь болсон хөгжилтэй явдлуудаа ярьж инээдэг. Мөн хэцүү хичээлээ хамтарч хийдэг. Би хоёр найздаа хорвоог харах мэлмий шигээ хайртай.

-Чамайг ангийн дарга гэж сонссон. Ангийн даргын ажил амаргүй алба байх шүү?

-Гайгүй ээ. Манай анги урлаг спортоороо тэргүүнийх. Бүх хүүхэд ятга дарж бүжиглэдэг нь бахархмаар. Үүнд манай анги удирдсан Н.Бямбахүү багшийн маань нөлөө их бий.  Мөн өнгөрсөн жил “Номын баяр”-т манай анги нэгдүгээр байр эзэлсэн. Манай ангийн хүүхдүүд миний үгэнд  их сайн ордогт баярладаг. Олон хүүхдийн итгэлийг алдахгүй ажиллах сайхан.

-Үеийн найзууддаа хандаж юу хэлэх вэ?

-“Оролдлого сайт оройд нь” гэдэг. “Эрдэм номд боол мэт зүтгэвэл ирээдүй чамайг хаан шиг хүндэлнэ” гэж сайхан үг бий.  Эрдэм номдоо шамдан суралцаж аав ээждээ тусалж байгаарай гэж хэлье.

Б.Анхцэцэг




Холбоотой мэдээлэл