Улс төр


Халдвар гарсан зургаан аймаг, Улаанбаатар хотод гурван тэрбум төгрөг зарцуулна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийв.

Гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдахаар болов. Иргэд маргаашаас 2021 оны 04 дүгээр сарын 01 хүртэл нэг тн сайжруулсан шахмал түлшийг 75 мянган төгрөгөөр авах боломжтой. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ ч 50 хувь буурна гэсэн үг юм. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг байна. 

Халдвар гарсан аймаг, Улаанбаатар хотод ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгт гурван тэрбум төгрөг зарцуулна

Тусгаарлах байрны зардал, ариутгал, халдваргүйжүүлэлт зэрэгт зайлшгүй шаардлагатай гурван тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Халдвар гарсан зургаан аймаг, Улаанбаатар хотын удирдлагуудын ирүүлсэн хүсэлтийг Сангийн яам хянасан байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нар батлагдсан төсвийнхөө хүрээнд шийдвэрлэж эхэлжээ. Улсын хэмжээнд 72 байршилд 2,301 хүнийг тусгаарлаад байна. 

Түрээсийн төлбөрөө бууруулсан бол орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөв

 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд асрах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ, баримтаар нотлогдсон бол бууруулсан хэмжээгээр нь түрээсийн орлогод ногдуулах татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөлөө. Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.  Мөн хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. Төсөл батлагдсанаар иргэд, аж ахуй нэгжийн татварын ачаалал буурч, эдийн засаг идэвхжинэ гэж тооцоолж байна.

Товч мэдээ

-       Халдвар гарсан аймгууд болон Улаанбаатар хот, ХӨСҮТ, тусгаарлах байрууд, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Эрээнцав, Цагааннуур, Шивээхүрэн, Гашуунсухайт боомт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Засгийн газрын Ажлын хэсэг ажиллаж байна. Дээрх газруудад мөн нэг сарын хугацаанд хөндлөнгийн хяналт шалгалт хийж эхэлжээ.

-        “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар болов.

-       Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ирүүлсэн уулын ажлын төлөвлөгөө, тайланг геологи, уул уурхайн болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран хянаж, баталгаажуулах журам боловсруулан, батлан мөрдүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.

-       Барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага хариуцах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрэм, журмыг шинэчлэх санал боловсруулахаар болов. 




Холбоотой мэдээлэл