Нийгэм


Нэгэн зууны ойтой давхцаж нэгэн жилийг хамтдаа үдэх дайчид

1 сар, 3 долоо хоног TIMES.MN
Монгол Улсад цар тахлын хоёр дахь давлагаа дэгдэж, Улсын Онцгой комиссоос Бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед Зэвсэгт хүчинд 2020 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчид Цэргийн тангараг өргөлөө. Уг ажиллагааг Улсын Онцгой комиссын заавар, зөвлөмжийн дагуу Зэвсэгт хүчний ангиуд ариутгал, халдваргүйтгэл, аюулгүй байдлыг дээд зэргээр ханган зохион байгуулсан гэдгийг зайлшгүй дурдах нь зүйтэй.

Бид Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолыг онцолж очлоо. Ирэх жил тус анги 100 жилийнхээ ойтой золгох Зэвсэгт хүчний ууган ангиудын нэг юм. 2020 оны II ээлжээр тус ангид 60 гаруй хугацаат цэргийн алба хаагч татагдан ирсэн бөгөөд тэд цэргийн анхан шатны сургалтад хамрагдан ийнхүү эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа өргөж байгаа юм. Коронавирусийн цар тахлын улмаас энэ үеэр дайчдын гэр бүлийнхнийг тус ангид ирэхийг хориглосон байлаа. Дайчид тангаргаа өргөсний дараа жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхуулж, ангийн удирдлагадаа сургалтын явцад юу сурснаа үзүүлээд амжсан. Энэ үеэр тус ангийн захирагч, хурандаа Ц.Батсайхан дайчдад хандан хэлсэн үгэндээ “Цэргийн албанд татагдсан залуус маань өчигдөрхөн аав, ээжийн хүүхдүүд байсан бол өнөөдрөөс Цэргийн тангаргаа өргөж, эх орны хүү боллоо. Та бүхний алба хааж байгаа анги бол жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар байгуулагдсан 99 жилийн түүхтэй анги юм. Ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн та бүхнийг албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, сургалт бэлтгэл, сахилга бат, урлаг, спортын амжилтаараа манлайлна гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Мөн байлдагч Д.Мэгүжин дайчдаа төлөөлөн хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа өргөж байна. Өнөөдрийг хүртэл цэргийн анхан шатны мэдлэг, боловсролыг олгохын төлөө ахуй амьдралаа умартан бидний төлөө зүтгэсэн офицер, ахлагч нартаа мөр зэрэгцэн тангараг өргөсөн дайчдынхаа өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэв. Дараа нь байлдагч Ж.Далайжамц “Би Хэнтий аймгаас хугацаат цэргийн албанд татагдсан. Арван настайгаасаа лам болж хийдэд шавилан сууж, чанд сахилгад суралцсан надад цэргийн албаны дүрэм, журам нь их нийцэж байна. Энэтхэг улсад бурхны ном судалж ирээд удаагүй байхдаа цэргийн албанд явах шийдвэрээ гаргасан. Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэрч, "Их хүрээ" хийдийнхээ залуу лам нар болон үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл үзүүлэх зорилгоор цэргийн албаа хаая гэж бодсон” гэв.

Ирэх жил нэгэн зууныхаа ойтой золгох гэж байгаа энэ мөчид тус ангид татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид сургалт, бэлтгэл, ур чадвараараа манлайлан Зэвсэгт хүчинд ангийнхаа нэрийг дуурсгаж, их ойдоо бэлэг барихаар хичээнгүйлэн суралцаж байна.

Ахмад М.МӨНХЗОРИГ



Холбоотой мэдээлэл