Улс төр


АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг засч сайжруулах шаардлагатай

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Ардчилсан намын бүлэг өнөөдөр /11.23/ цахимаар хуралдаж зарим асуудлаар байр сууриа нэгтгэжээ.  Тухайлбал, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж дээрх хуулийн төслүүдийг  дэмжинэ гэдгээ мэдэгдэв. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл  нь  хууль зүйн техникийн болон утга найруулгын алдаа ихтэй, бусад хууль тогтоомжуудтай уялдуулах шаардлагатай, хоорондоо зөрчилтэй байна. Иймд эдгээр зөрчлийг засч сайжруулаад хэлэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн цар тахал эрчимтэй тархаж буй өнөө үед дэлхийн зах зээлд цагаан будаа, ургамлын тос, улаан буудайн нийлүүлэлт саарч үнэ өссөн. Үүнтэй холбоотой улс орнууд хилээ хаах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээ авч байна. Манай улс ч хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвөл хаврыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаан буудай, улаан буудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нөхцөл үүслээ. Тиймээс дээрх төрлийн барааг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж байгаа юм байна. 




Холбоотой мэдээлэл