Нийгэм


Л.Бямбасүрэн: Бүх шатлалын, улсын болон хувийн эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичих эрхтэй болсон

1 сар TIMES.MN

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, арваннэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/тай гэрээ байгуулсан бүх эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эрхтэй болоод байгаа.

Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн: "Монгол Улсын Их Хурлаар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичих,
  • Бүх эмийн сангаар үнийн хөнгөлөлтийг олгохоор болсон билээ.

Энэхүү хуулийн хэрэгжилт арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс буюу Даваа гарагаас эхлэн хэрэгжинэ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд шинэчилсэн жагсаалтаар 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөхөөр боллоо.

Хөнгөлөлттэй эмийн жор бичих эмчийн мэдээллийг /регистрийн дугаар бүхий/ эмнэлэг бүрээр цуглуулж цахимд бүртгэх ажил хийгдлээ. Одоо бүх шатлалын, улсын болон хувийн эмнэлгийн хүсэлт гаргасан нийт 6,500 гаруй эмч жор бичнэ.

Иргэдэд үзүүлэх хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүллээ. Иймд иргэддээ санхүүжилт дуусна гэсэн шалтгаанаар сарын эхний өдрүүдэд оочер дугаар үүсгэхгүй тайван байж, өөрийн боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн, гэрээт эмийн сангаас эмээ аваарай гэж хүсэж байна.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй олгож буй эмийн олголт болон зарцуулалтад иргэний хяналтыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хөнгөлөлттэй эм авсны дараа Е-баримтын системээр Танд хөнгөлөлттэй эм авсан эсэх талаар асуусан зурвас очих юм. Иргэн Та "тийм" эсвэл "үгүй" гэсэн хариултыг өгөх шаардлагатай бөгөөд энэ нь хөнгөлөлтэй эмийн зүй зохистой зарцуулалтад иргэний оруулж буй хувь нэмэр болох болно.

"Үгүй" гэсэн хариулт бүрийн мөрөөр ЭМДЕГ хяналт шалгалт хийж шаардлагатай арга хэмжээг авна" хэмээв.

ЭМДЕГ хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хүсэлт бүхий эмийн сангуудын хүсэлтийг хүлээн авч, гэрээ хийж байгаа юм байна.

2020 онд ЭМДаатгалын газар нь 1,001 эмийн сантай гэрээтэй байсан бол одоогийн байдлаар 1,600 гаруй эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хүсэлтээ ирүүлээд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангийн тоо 60 хувиар нэмэгджээ.

Монгол Улсын хэмжээнд 2,000 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.




Холбоотой мэдээлэл